Цагдаа, СЕХ хууль зөрчиж байна гэв
2016.06.02

Цагдаа, СЕХ хууль зөрчиж байна гэв

Сонгуулийн ерөнхий хороо МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян нарын нэр бүхий гишүүдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотойгоор МАХН-аас өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН-аас нэр дэвшихээр бүртгүүлэхэд татгалзсан хүмүүсийг шүүхээс бүртгэ гэсэн шийдвэр гарсан байтал давж заалд гээд бүртгэхгүй байна. Энэ бол Цагдаа, Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчиж байгаа хэрэг. Манай гишүүд Ардчилсан намыг дэмжиж үнэнчээр ажилласан. Биднийг Засгийн газрыг тогтвортой ажиллуулсны дүнд Ч.Сайханбилэг ийм хариу барьж буй юм байна. Төр засаг тогтвортой ажиллах ёстой гэж бодож ажилласан. Илт цөөнх байсан учраас амлалтаа хэрэгжүүлж чадаагүй, цаашид олонх болж амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана” гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүний эрхийн комисс нь Нэгдсэн Үндэстний байгууллагын харьяа байгууллага. Тус байгууллага Н.Энхбаяр даргад ялтай эсэх тодорхойлолт хамаагүй гэж дүгнэсэн. Гэтэл цагдаагийн байгууллага энэ тодорхойлолтыг гаргаж өгөхгүй байна. Цагдаагийн байгууллага бол ял шийтгэлийн талаар “Тийм, үгүй” гэх лавлагаа өгөх үүрэгтэй болохоос хууль тайлбарлах газар биш. Манай улсын сонгуулийг ажиглахаар ирсэн гадаадын ажиглагчид гайхаж байна” гэсэн юм.