Сандуй.Ц Ц.Байгалмаа 2017.01.30

Ирэх 3 сард хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө баталлаа

Ирэх 3 сард хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө баталлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоодугаар хуралдаан  болж өндөрлөлөө.

Хуралдаанаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай хэлэлцэж, нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг батлав. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд НИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал хэлсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Б.Цолмон

“Нийслэлийн утааны 30 хувийг үйлдвэрлэж байгаа нам даралтын зуухтай тэмцэх хэрэгтэй. Нийт нам даралтын зуухны 56 хувь нь хувийн хэвшлийн, 44 хувь нь төрийн өмчийнх. Төр, хувийнх гэж ялгалгүй бүгдийг нь шүүлтүүртэй болгох хэрэгтэй. Утааны эсрэг бид дорвитой, зоригтой ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа

“Амины орон сууцны дулаалгын асуудалд анхаарах хэрэгтэй. Улаанбаатарт байгаа 112 мянган амины орон сууц дулааны алдагдал их байдаг. Үүнээс хойш дулаалгын стандарт хангаагүй амины орон сууц барихыг хориглох хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон шийдвэр юм” гэсэн санал хэллээ.

“Агаарын бохирдлыг бууруулахад бид хамгийн гол нь хөршийн холбоотой хамтарч ажиллах хэрэгтэй. Иргэд хоорондоо нэгдэж, бүлэг хоршоо байгуулаад агаарын бохирдол үүсгэхгүй шийдэл олбол хот дэмжиж өгөх хэрэгтэй” хэмээн НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар ярив.

НИТХ-ын төлөөлөгч Ж.Батсайхан

“Бид шийдэл хайж, үр дүн хүсч байна. Хамгийн түрүүнд нам даралтын зууханд шүүлтүүр тавих нь маш чухал ажил. Үүнийг хэрэгжүүлье. Засаг даргын гаргасан 3 захирамжийг дэмжиж, ажил хэрэг болгоё” гэлээ.

“Сургууль, цэцэрлэгийн дулаан, техникийн шинэчлэлийн ажил хийх талаар төлөвлөгөөнд оруулж өгмөөр байна. Өнөөдрийн байдлаар төвийн дулаанд холбогдоогүй 40 сургууль, 50 цэцэрлэг бий. Мөн 20 хувь нь модон цонхтой. Хэрвээ сургууль, цэцэрлэгүүдийг төвийн дулаанд холбовол жилдээ 4-5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломжтой” гэж НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал саналаа хэлсэн юм.

НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ч агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн ихээр өртөж, хохирч байгааг хэлээд

“Сургууль, цэцэрлэгийн анги танхимд шүүлтүүр тавих хэрэгтэй. Үнийн хувьд сайтар судлах нь зөв” гэсэн санал гаргав. Төлөөлөгчдийн гаргасан зарчмын бүх саналыг төлөвлөгөөнд тусгахаар болж, санал хурааснаар нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөө батлагдлаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хуралдааныг хааж хэлсэн үгэндээ

“НИТХ-ын ээлжит хуралдаанаас хотын агаарын бохирдлыг бууруулах, улмаар цэнгэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар сайтар хэлэлцэж, нийслэлд ирэх 3 сард хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний эрчимжүүлсэн тусгай төлөвлөгөөг баталлаа. Энэ бол хотын хөгжлийн өнөөгийн шаардлага, иргэдийн эрх ашигт нийцсэн чухал шийдвэр боллоо гэж бодож байна.

Хурлын төлөөлөгчид хэлэлцсэн асуудалд нухацтай хандаж, олон санал гаргаж, тус хуралдаанд танилцуулсан төслийг улам сайжрууллаа. Хурал шийдвэр гаргахдаа дүүрэг, хороо, хэсгийн төлөөлөл, оршин суугчдын санал бодлыг сонссон нь зохих үр нөлөө үзүүллээ гэж дүгнэж байна.

Хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн өмнөх жилүүдийн үйл ажиллагаа, түүний үр дүнгээс бид сургамж авч, хотын агаарыг цэнгэгжүүлэх цогц бодлого, зоримог арга хэмжээг төлөвлөлөө. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тал бүрээр хамтран ажиллахыг нийслэлийн нийт байгууллага, оршин суугчдад уриалж байна” хэмээлээ