MОНГОЛ КООСЭН: Хорин настай инженерүүд
2020.08.21

MОНГОЛ КООСЭН: Хорин настай инженерүүд

1960-аад оны үеэс эхлэн өнөөгийн Япон улсын аж үйлдвэрийн салбарыг бүтээлцсэн олон мянган  инженерийг бэлтгэсэн “коосэн” сургуулийн тогтолцоо манай улсад нэвтрээд долоон жил болж байна. Монголын анхны “коосэн” сургуулиуд 2019 оны хавар анхны төгсөгчдөө үдэн гаргасан бөгөөд төгсөгчдийн зарим нь  Японы үйлдвэр, компанид өндөр цалинтай ажиллаж эхэлжээ. Дэлхийд үнэлэгдэх залуу монгол инженерүүдийг бэлтгэж буй “Монгол Коосэн” Технологийн коллежийн сургалтын онцлог, ирээдүйн зорилгын талаар тус сургуулийн захирал М.Сэргэлэнтэй ярилцлаа.


 

- Анх Монгол улсад “Коосэн” сургууль байгуулах санаачилга хаанаас гарч байсан юм бэ. “Коосэн” сургуулийн  онцлогийн талаар эхлээд мэдээлэл өгнө үү?

-“Коосэн” бол 60 жилийн түүхтэй,  Японы аж үйлдвэр, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн шинжлэх ухаан, технологийн мэдлэгтэй, чадварлаг инженерүүдийг бэлтгэдэг сургууль юм. Тухайн үед Япон улсын эдийн засаг, аж үйлдвэрийн салбар огцом өсөж, чадварлаг инженерийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн. Онолын өндөр мэдлэгтэйн дээр практик туршлагатай инженерийн хэрэгцээ шаардлага их байсан учраас 15-16 настай хүүхдүүдэд тусгай хөтөлбөрөөр инженерийн боловсрол олгож эхэлсэн юм. Яг үүнтэй адил 2010 оны үеэс эхлэн манай улсын эдийн засаг, аж үйлдвэр, уул уурхайн салбар хурдацтай өсөж тэлэн, салбар бүрд чадварлаг инженерийн хэрэгцээ шаардлага ихэссэн. Энэ үед Японы Коосэнд суралцаж төгссөн монгол залуус Монголдоо ийм сургууль байгуулахыг санаачилсан юм. Энэхүү санаачилга биеллээ олон 2014 онд Монголд 3 “коосэн” байгуулагдсан. Ийнхүү явсаар 5 жилийн дараа 2019 онд 142 оюутан Монголын “коосэн” төгссөн анхны инженерүүд төрөн гарлаа.

Ерөнхийдөө Коосэн бол дунд сургуулийн 9-р анги төгссөн сурагчдад инженерийн боловсрол олгохын тулд онолын хичээлийг туршилт, практиктай нягт хослуулдаг онцлогтой. Мөн шинэ технологи эзэмшсэн, хөрвөн ажиллах чадвартай, дээд боловсролтой инженер бэлтгэдэг сургууль гэдгээрээ алдартай. Коосэн сургалтын системийн онцлог бол ажил дээр гараад сургах, дадлагажих шаардлагагүйгээр шууд ажиллах чадвартай боловсон хүчнийг бэлддэг.

Японд нийт 57 Коосэн сургууль байдаг юм. Манай сургалтын хөтөлбөр эдгээр сургуулиудтай яг адил тул манай төгсөгчдийн дипломыг Японд шууд хүлээн зөвшөөрдөг гэсэн үг.

-Төгсөөд шууд Японд ажиллах, сурах боломжтой юм байна. Төгсөгчдийн хэдэн хувь нь Японд ажиллаж байна вэ,  Японы компанид ямар шалгуураар ажилд ордог юм бэ?

- 2019, 2020 онд манай сургуулийг нийт 96 хүүхэд төгссөн. Тэдний 30 гаруй хувь нь одоо Японы компаниудад ажиллаж байна. Төгсөгчдийн 20 хувь нь Монголдоо болон Японд дараагийн шатны сургуульд суралцаж, 50 хувь нь Монголынхоо компанид ажиллаж байна. Төгсөгчдийн маань дундаж цалин Японд 180,000 иен  буюу төгрөгөөр 5 сая, Монголд  ажиллаж байгаа нь 2 сая орчим төгрөг байдаг. 

 Жишээ нь манай анхны төгсөгч 2 оюутан Токио хотын “Нихон соогэй” компанид барилгын инженерээр ажиллаж байна. “Нихон соогэй” компани нь барилгын дулаан, агааржуулалт, салхивч, сантехник, цахилгааны зураг төсөл боловсруулдаг, угсралт монтажийн ажил хийж гүйцэтгэдэг, жилийн орлого нь ойролцоогоор  75 тэрбум төгрөг болдог компани юм. Компанийнхаа дэргэд сантай, тэр сангаасаа манай 8 оюутанд жил тутам сургалтын тэтгэлэг олгож байна.

Манай оюутнуудаас Японы Тоёхашигийн Технологийн Дээд сургууль, Сэндаи Технологийн Коллеж, Сүзүка Технологийн коллеж, Томакомаи Технологийн коллежид үргэлжлүүлэн суралцаж байна. Эдгээр хүүхдүүд маань үргэлжлүүлээд магистр, докторын сургалтад суралцаж, инженер суурьтай эрдэмтэд болох боломжтой юм.

Хүүхдүүд маань суралцах хугацаандаа 3, 4-р курстээ Японы компанид дадлага хийдэг. Тэдгээр компанийн захирлууд сайн ажилласан хүүхдээ төгсөхөөр нь ажилд авъя гэдэг. Зарим хүүхдэд хэд хэдэн компаниас ажлын санал ч ирнэ. Мөн компаниуд шалгалт авч ажилд авдаг. Тухайлбал өнгөрсөн жил,  Японы тэргүүлэх авиа компани ЖАЛ, АНА (JAL, ANA)-ийн төлөөлөгчид ирж шалгалт авахад манай гурван Коосэнгийн  механик, цахилгааны инженерийн ангийн 5 оюутан эхний шалгууртаа тэнцсэн. Дараагийн шалгуурыг хангавал ирэх жилээс ажиллаж эхэлнэ. Японы томоохон авиа компанид инженерээр ажилласан хүн Монголдоо, магадгүй дэлхийн аль ч агаарын тээврийн компанид  Боинг, Эйрбасын  инженерээр ажиллах боломжтой гэсэн үг шүү дээ.

Хамгийн гол нь энэ бүх боломжоо 20 настайдаа л олоод авчхаж байна. Японы компанид 5-10 жил ажиллаад ирлээ гэхэд  25-30 настай, асар их мэдлэг туршлагатай монгол инженер ирнэ. Эд нар маань тэндээс технологи, ноу-хауг нь эх орондоо авчирна. Хүүхдүүд маань хамтдаа үйлдвэр компани байгуулах, аль эсвэл Японд ажиллаж байсан үйлдвэр компанийнхаа салбарыг ч юм уу байгуулах байх. 2000 оны эхээр Японд ажиллаж байсан залуус маань эх орондоо эргэж ирээд япон захиралтайгаа хамтраад “Санкотек”, “Моншибасаки” зэрэг хамтарсан компани Монголдоо байгуулаад, өндөр технологи нэвтрүүлээд, бүтээгдэхүүнээ Японд экспортлоод явж байна. Энэ мэт сайхан жишиг цаашид үргэлжлээд явах ёстой юм.

-Тэгэхээр танай хүүхдүүдэд гадаадад ажиллахад хэлний бэрхшээл гардаггүй гэсэн үг үү?

-Тийм. Нэгдүгээр курсээсээ эхлээд л япон, англи хэлийг 5 жил үзнэ. Япон багш нар хичээл заадаг учраас хүүхдүүд амархан сурдаг. Ер нь манай сургуулийн багш нарын 1/3 нь япон багш болон Японд суралцаж төгссөн монгол багш байдаг. Манай мэргэжлийн хичээлийн бүх багш Японд дадлагажиж ирсэн. Мөн багш солилцоогоор, урт богино хугацаагаар жилдээ 20-30 багш Японоос ирж хичээл орж байна. Хүүхдүүд маань нэмэлт цагаар япон хэл үзэх хүсэлтэй бол зуныхаа амралтаар япон хэлний хичээлд өдөр болгон 4 параар хичээллэх боломжтой. Манай хүүхдүүд 5-р курсээ төгсөхдөө япон хэлний Н3 төвшнийг хангасан байх ёстой байдаг. Үүнээс илүү сайн сурдаг оюутан ч бас байдаг.

-Эцэг эхчүүд маань хүүхдэд академик мэдлэг боловсрол олгохоос гадна зөв хүмүүжил төлөвшил бий болгох сургуулийг илүүд үздэг болсон. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд энэ их чухал. Энэ тал дээр танай сургуульд ямар нэг онцлог, соёл бий  юу?

-Тиймээ байдаг. Наад зах нь мэндлэх хүндлэх ёс, багаар ажиллах, цаг барих гэх мэт соёл суудаг. Бид ийм байх ёстой гэж тулгах биш багш нараа хараад, тэднээс үлгэр дуурайлал аваад хүүхдүүд аяндаа сурчихсан байдаг. 21-р зуунд дэлхийн хаана ч ажиллах, амьдрах чадвартай мэргэжилтэн бэлтгэж буй учраас сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр, асуудлыг шийдвэрлэх, даван туулах чадвар суулгахын тулд  хичээлээс гадуурх хөтөлбөрт нэлээд анхаардаг. Намрын ажил, тэмцээн уралдаан гээд багаар нь хөгжүүлэх олон арга хэмжээ төлөвлөдөг. Өнөөдөр манай сургууль дээр усан тариалан, агаарын бөмбөлөг, сагс, футзал, регби, япон хэл, манга, анимэ, робокон, дизакон, амьд хөгжмийн клуб зэрэг 20 гаруй секц, дугуйлан хичээллэж байна. Хүүхдүүд өөрсдөө санаачлаад дугуйлангуудаа удирдаад явдаг учраас тэрэндээ дуртай байдаг. Сургуулийн зүгээс байр, анги танхим гаргаж өгөх, тохижуулах болон бусад хэрэгтэй зүйлсээр нь дэмжинэ. Манай сургууль дээр технологи нэвтрүүлэх төв ажиллаж байна. Хүүхдүүд тэнд багш нартайгаа хамтраад агаарын бөмбөлөг хөөргөх туршилтад идэвхтэй оролцох, дрон хийж бүтээх, байр сууцны дулаан алдагдлыг тодорхойлох зэрэг олон төрлийн судалгаа хийдэг. Энэ жилийн хувьд Богд ууланд түймрийн аюулыг урьдчилан тандах төхөөрөмж угсрах болон байршуулах, мэдээллээ хүлээн авах, боловсруулах туршилтыг хийж байна.

- Ер нь 15-16 настай хүүхдүүд инженерээр сурахад ямар нэг бэрхшээл тулгарах, шантрах зүйл байх уу. Ихэнхдээ тоо, физикийн хичээлд сайн хүүхэд л инженер болдог гэх хандлага байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Дунд сургуулийн 9-р анги төгссөн хүүхэд дээд сургуулийн системээр хичээллээд эхлэхээр нэлээд бэрхшээлтэй санагдах байх. Адаглаад хичээлийн цаг нь урт, 90 минутаар өдөрт 3, 4, 5 пар хичээл үзнэ. Оюутантай адил 2 семестрээр хичээллэнэ. Гэхдээ сургалтын хөтөлбөрийн хувьд нас биед нь тохирсон хөнгөн сонирхолтой зүйлээс эхлээд анги ахих тусам гүнзгийрэх хэлбэрээр явах учраас айхтар хүндрэлтэй зүйл бол биш. Харин ч сурах хүсэл эрмэлзэлтэй, юмыг шинэ сэргэгээр хүлээн авах насан дээрээ байгаа учраас 12-р ангиа төгсөөд инженерээр сурч буй 18-19 настай залуусаас илүү мэдрэмжтэй, “төрмөл” инженер болж чаддаг гэж боддог.  Манайд ирж ажилладаг япон багш нар “Монгол хүүхдүүд нүд нь гэрэлтсэн, суралцах мэдэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй байдаг нь хичээл заахад урамтай байдаг”  гэж  хэлдэг.

Ер нь дунд сургуулийн багш нар, эцэг эхчүүд хүүхдийг сурлагын дүнгээр нь ирээдүйг нь битгий тодорхойлоосой гэж боддог. Дунд ангид математик, физикийн хичээлд тааруу дүнтэй байсан ч үнэхээр техникт дуртай, мэргэжилдээ дур сонирхолтой бол аяндаа хүүхэд  сайжраад л ирдэг. Бас нэг онцлог бол “коосэнд” хүүхдийн насанд тохируулж онол заана. Онолоор сурсан зүйлээ туршиж дадлага хийхдээ эхний курсүүдэд арай хөнгөн, цаас, мод, гоймонгоор элдэв зүйл хийдэг нь бараг тоглоод байна уу гэмээр ч юм шиг харагдах боловч цаана нь инженерийн сэтгэлгээг суулгаж байдаг, анги ахих тусам гүнзгийрэх хэлбэрээр явна гэсэн үг.

Манай сургуулийн хувьд Японы тоног төхөөрөмжөөр тоноглосон үйлдвэрийн автоматжуулалтын дадлагын газар, химийн лаборатори, барилга замын материалын лаборатори, токарийн цех, гагнуурын цех зэрэг судалгаа, туршилт, дадлагын газруудтай.

Дадлага туршилтын бааз суурь сайтай, бүтээл хийх орчныг бүрдүүлж чадсан болохоор манай хүүхдүүд “Робокон” зэрэг тэмцээнд амжилттай оролцдог, их сургуулийн том ах эгч нартайгаа ана мана үзэлцээд л, ижил тэнцүү өрсөлдөөд л явж байдаг.

-Хэд, хэдэн тэмцээнд оролцож амжилт гаргасан байна. Ямар, ямар тэмцээн уралдаануудад оролцсон бэ. Сургуулийн зүгээс хэрхэн дэмждэг юм бэ?

Жил болгон их дээд сургуулийн оюутнуудын дунд болдог “Робокон” гэж том тэмцээн бий. Их сургуулийн оюутнууд ордог боловч манайхан сүүлийн хэдэн жил ижил төвшинд л өрсөлдөж байна. 2017 онд 4 байрт орж, тухайн жилийн онцлох багаар шалгарч байсан.

Мөн бүх Японы Коосэн сургуулиудын дунд болдог барилгын дизайны “Дизакон” тэмцээнд  2018 оноос эхлэн оролцож байна. 2019 онд Токиод болсон “Дизакон-2019” тэмцээнд нийт 63 баг оролцсоноос манай сургуулийн баг тэргүүн дэд байр эзэлсэн. 2020 оны “Дизакон” Японы Сэндай хотод болно. Ковид намжвал манай хүүхдүүд бас оролцох төлөвлөгөөтэй байна.

Уралдаан тэмцээн хүүхдүүдийг маш сайн хөгжүүлж, төлөвшүүлдэг, багийн ажилд сургадаг, саад бэрхшээлийг давах чадвартай болгодог. Манай “робоконы”, “дизаконы” хүүхдүүд маань өөрсдөө тэмцээнийхээ өгөгдсөн даалгаврын дагуу программаа бичнэ, хэрэгтэй эд ангиудаа олно угсарна. Дэмжих компаниа хүртэл өөрсдөө олж, хандиваа босгодог. Ингэж багаараа ажилласнаар хүүхдүүд маш олон зүйлийг сурдаг, хөгждөг.

-Эмэгтэй хүүхдүүд инженерийн мэргэжлээр суралцахад хүнд ч юм уу тийм ойлголт байх уу?

-Үгүй харин ч тохиромжтой. Өнөөдөр хаана ч эмэгтэй инженер илүү үнэлэгдэж байна. Учир нь илүү мэдрэмжтэй, илүү хариуцлагатай, аливаа зүйлийг хэрэглээнд нийцэж байна уу гэдэг талаас нь илүү анхаардаг зэрэг давуу тал бий. Эрэгтэй хүний хараагүй өнцгийг харж чаддаг. Ер нь инженер бол удирдах албан тушаал юм. Багийг ахалж, ажилчдыг зөв алдаагүй ажиллуулахын тулд орчин үеийн техник тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, онолын мэдлэг сайтай байх, үүнийгээ ашиглан бусдад заавар зөвлөгөө өгч чаддаг, бусдыг удирдан зохион байгуулахын тулд харилцааны соёлтой байх нь инженерийн үүрэг юм.

 

 -Сургуулийн элсэлтийн шалгалтыг хэрхэн зохион байгуулдаг юм бэ? Мөн төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү.

-Түрүүнд дурдсан, сурлагын дүн гэхээсээ илүү суралцах чин хүсэл эрмэлзэл чухал. Энэ жилийн намрын элсэлт 8 дугаар сарын 22, 9 дүгээр сарын 5 -нд хоёр удаа явагдана. Шалгалтын хувьд математикийн ерөнхий мэдлэг, монгол хэлний шалгалтаар эсээ бичүүлдэг.

Энэ жил Барилга, Био, Механик болон Цахилгааны инженер гэсэн үндсэн 4 мэргэжил дээрээ шинээр Компьютерын ухааны инженерийн ангид элсэлт авна. Энэ анги маань Монголдоо анхны AI буюу хиймэл оюун ухааны чиглэлийн хичээл үзэх анги болно. Өмнө нь Японд Коосэн төгссөн, одоо мэдээллийн технологийн чиглэлээр судалгаа хийж байгаа багш нар хичээлийг нь орно.

Манай сургуулийн жилийн төлбөр 3.8 сая төгрөг. Инженерийн сургууль гэхэд энэ бол маш хямд юм. Инженерийн сургууль сургалтын материалын зардал өндөр тул дан сургалтын төлбөрөөр үүнийг нөхөх боломжгүй байдаг. Сургалт, дадлагын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, судалгааны зардлын ихэнх хэсгийг Японы судлаач багш нар, Японы компаниуд, Монгол дахь “Коосэн” төлөөлөгчийн газар зэрэг байгууллагын дэмжлэгээр санхүүжүүлдэг юм. Жишээ нь манай оюутнууд 1-2-р курстээ “Санва” брэндийн тестерийг өөрсдөө гагнаж бэлддэг. Зөвхөн нэг тестэр гэхэд л 80,000 төгрөг байдаг. Хүүхэд болгонд тугалга, гагнуурын алхыг бэлдэж өгнө. Компьютер гэхэд л 2020 оны загварын i7 процессортой нөүтбүүк хичээл дээр ашиглаж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд танай сургуулийг төгссөн инженерүүд яг юугаар давуу байх вэ. Мөн улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулах сургууль байхаар зорьж байгаа вэ гэдгийг асуумаар байна?

-Анх Монголд “Коосэн” сургуулийг байгуулах гээд судалгаа хийж байхад манай улсад 36 мянган инженер хэрэгтэй, түүний 6 мянга орчим нь бүр өндөр технологийн инженер байх хэрэгцээ шаардлага байна гэсэн тоо гарч байсан. Өнөөдөр олон зуун залуус инженерээр төгсөж байна. Гэсэн ч ажил олгогчдын эрэлтийг хангаж чадахгүй байна.

Манай төгсөгчид бол ажлын байран дээр гараад онолоо ч,  практикаа ч мэддэг, төхөөрөмж дээр багаасаа дадлага хийсэн тул шууд хэрэглэж чаддаг, асуудлыг олж илрүүлэн, шийдэл гаргаж чадах инженерүүд байх юм. Яг ийм инженерийн хэрэгцээ шаардлага маш их байна. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх инженерийн боловсролыг эх орондоо, эх хэлээрээ эзэмших нь бас нэгэн давуу тал.

Товчхондоо бол ажилд бэлэн, амьдралд бэлэн, инженерийн ёс зүйтэй, хүнлэг энэрэнгүй, эх дэлхийгээ хайрладаг, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өндрөөр үнэлэгдэх, бүтээлч инженерийг сурган хүмүүжүүлж, бэлтгэн гаргадаг улсдаа төдийгүй төв азийн бүс нутагтаа үлгэр жишээ сургууль байх нь бидний зорилго юм.

-Баярлалаа энэ гэгээн зорилго чинь биелэхийн ерөөл тавья.