2020.08.17

Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийг ашиглалтад орууллаа

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийн хичээлийн байрыг шинээр барих ажил 2019 онд эхэлж, энэ онд төлөвлөсөн хугацаанаасаа өмнө дуусч, 2020-2021 оны хичээлийн жилийн босгон дээр хүлээлгэн өглөө.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 8.6 тэрбум төгрөгөөр бүтээн босгосон тус сургуулийн шинэ байр Цэцэрлэг хотод өнгө нэмж байна. Өмнө нь Эрдэнэбулган сумын сурагчид 640 хүүхдийн суудалтай сургуульд 1800 орчим сурагч хичээллэдэг байсан бол одоо олон улсын стандарт нийцсэн 960 хүүхдийн суудалтай сургуульд хичээллэх юм.

Хоёрдугаар сургуулийн хуучин барилга 1960 онд ашиглалтад орсон. 2012 оноос аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Ашиглалтын шаардлага хангахгүй” гэх дүгнэлтийг удаа дараа өгч байсан ч улс орны эдийн засгийн хямрал, хөрөнгө төсвийн хүндрэлээс үүдэн өнөөг хүртэл 8 жил орчим хичээллэсээр байсан юм.

Багш, ажилчдын хувьд шинэ байр, шинэ танхимд хичээллэх болсондоо сэтгэл хангалуун байлаа. Сургалтын үйл ажиллагаанд суралцах, ажиллах орчны таатай нөхцөл ихээхэн нөлөөлдөг. Тохилог, саруул анги танхимд хичээллэж, урлаг, спорт, сургалт, хүмүүжлийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой болсондоо багш нар, сурагчдын эцэг, эхчүүд баяртай байгаагаа илэрхийлж байна.

Хоёрдугаар сургуулийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир, БШУЯ-ны санхүү, эдийн засгийн газрын дарга С.Нансалмаа болон аймгийн удирдлагууд оролцлоо.