2020.08.19
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Соёлын сайд С.Чулуунтай уулзаж ярилцав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Соёлын сайд С.Чулууныг хүлээн авч, яам хоорондын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
ГХЯ-наас "Монгол үндэстний үнэлэмж”, "Дэлхийн монголчууд II” хөтөлбөрийг Соёлын яамтай хамтран хэрэгжүүлэх, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу "Чингис хаан" монгол хаадын музей байгуулахтай холбогдуулан гадаад дахь монголын түүх, соёлын өв, дурсгалт болон эд өлгийн зүйлсийг хуулбарлан авах ажлын явц байдлын талаар харилцан мэдээллэв.
Хоёр сайд олон улсад Монгол судлалын хүрээг тэлэх, монголын өв соёлыг дэлхийн өв соёлын санд бүртгүүлэх, соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх, дэлхийг тойрон аялж Монгол Улсыг сурталчлан таниулдаг үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөнт үзэсгэлэнг бий болгох, соёл урлагийн болон сонгодог урлагийн мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болов.
Уулзалтын төгсгөлд Соёлын сайд С.Чулуун Олон улсын Монгол судлалын холбооноос ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй "Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд хэвлүүлсэн ботиудаас дурсгасан бол Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 1393 онд Алтан ордын хаан Тохтамышаас Польшийн хаан, Литвийн их ван Валдислав Хоёрдугаар Ягеллод илгээж байсан "Алтан ордын хаан Тохтамышийн ярлык” хэмээн түүхэнд нэрлэгддэг захидлын хуулбарыг гардуулан өгөв.
Тохматыш хааны захидал нь 20,5 x 42 cm хэмжээтэй 2 хуудас муутуу цаасан дээр бичигдсэн байх агаад эдүгээ Варшав дахь Эртний баримт бичгийн ерөнхий архивт хадгалагдаж байна. Уг захидал нь Польшийн хааны мэдэлд байх тодорхойгүй газар нутгийг хамтран эзэмших, энхийн гэрээ байгуулах асуудлыг хөнджээ.