2025.05.28

Ч.Ундрам: Сурагчид түүх соёлын хичээлээ музейд хийдэг болж музейн хандалт эрс нэмэгдсэн

УИХ-ын БСШУС-ын байнгын хороо 5-р сарын 28-ны өдөр Нийгмийн хариуцлага ба хөрөнгө оруулалт сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ч.Ундрам дараах мэдээллийг өгч, байр сууриа илэрхийллээ.

Музей бол түүхийн гэрч, ирээдүйд өвлүүлэх үнэт сан хөмрөг юм. Тиймээс Музейн тухай хуульд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд музейг үнэ төлбөргүй үзэх зохицуулалтыг тусгасан. Үүний үр дүнд сурагчид анги хамт олноороо музей үзэх нь нэмэгдэн, түүх соёлтой холбогдолтой хичээлээ музейд хийдэг болж музейн хандалт эрс нэмэгдсэн байна.

Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажил үргэлжилж байна. Мөн ШУА-ийн дэргэд шинжлэх ухааны музей байгуулхаар төлөвлөн ажиллаж байна. Энэ нь шинжлэх ухааны ололт, түүхэн хөгжлийг олон нийтэд таниулах, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах чухал алхам болох юм.

Манай улс "PISA" сурлагын амжилтын ОУ-ын үнэлгээ (2022)хийлгэсэн. 15 настай хүүхдүүд дунд унших чадварыг хэмжиж үзэхэд 81 орноос 65-р байрт орсон. Иймд хүүхдүүдийг зөвхөн хурдан уншуулах бус, уншсан зүйлээ ойлгож ойлгосноо найруулан бичих чадварт төвлөрсөн хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна.