
Д.Бум-Очир: Чингис хааны алтан хөшөөнд “корсет” өмсүүлсэн мэтээр элдэвлэн, шоглож болохгүй!
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир өөрийн цахим хуудаснаа "Их хааны Алтан хөшөөний талаар хэдэн зүйлийн тайлбар хийх нь зүйтэй санагдлаа" хэмээн өөр үзэл бодлыг илэрхийлжээ.
Тэрбээр
"1. Хөшөөнөөс илүү үйл хэрэг, үзэл санаа, билиг сургаалыг нь ухаж мэддэг байх, даган мөрддөг байх чухал уу гэвэл чухлаас чухал. Тиймээс өнгөрсөн жилүүдэд, музей байгууллаа, “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэвлүүлж уншигчдад ойлгогдохгүй тодорхойгүй байдаг, эсвэл маргаантай байгаа олон зүйлийг тодорхой болголоо, “Монголын нууц товчоон”-ы албан ёсны англи орчуулгыг гаргаж, олон эндүү ташаа орчуулсан зүйлсийг залрууллаа, “Чингис хааны билиг сургаал”-г шинэчлэн хэвлүүллээ, 9 сарын 1-ний хичээлийг “Чингис хаан ба монголын их амар амгалан”, “Дэлхийн нийслэл Хар Хорум” сэдвээр хийж хүргэлээ, ийнхүү саяхан Алтан хөшөөг нь босголоо. Цаашид Алтан хөшөө олон хүнд их хааны үйл хэргийг ойлгож мэдэх, билиг сургаалийг нь уншиж судлах шалтгаан, урам зориг болох ач холбогдолтой. Алтаар хөшөөг нь босгоод сар шинээр хаандаа мөргөөд байхаар хойч үеийнхэнд энэ ямар учиртай юм бэ хэмээн мэдэхийг илүү их хүсэх хэрэгцээ шаарлагыг төрүүлэх, их хааны үйл хэрэг, гавьяа зүтгэлээр бахархах сэтгэл төрөх учиртай.
2. Олон салбарт мөнгө санхүүжилт шаардлагатай байгаа энэ үед алтаар хөшөө босгоод улс орон хөгжих юм уу? Миний хувьд хөшөө барихыг тэр бүр дэмжээд байдаггүй хүн. Чингис хааны алтан хөшөөг бол харин дэмжиж байгаа. Учир нь энэ бол зүгээр хэн нэгэн хүний алтан хөшөө биш, энэ бол зүгээр ч хөшөө биш, энэ бол бүх монголчуудын шүтээн. Хөшөө босгоод байгаа хэрэг биш шүтээн босгоод байгаа хэрэг. Харийн гэж хэлэхэд буруудахгүй Жанрайсиг бурханыг тэр хэцүү цагт алтаар босгочихсон байж. Энэ шүтээнээ залах нь бас мухар сүсэг ч биш. Энэ бол энэ цаг үед оюун санааны хувьд юу бол юу шүтээд тарж бутарчих гээд байгаа бүх монголчуудыг итгэл үнэмшил, оюун санааны хувьд нэгтгэж нэгэн ард түмэн, нэгэн үндэстэн болгон эвлүүлж байх бодтой ач холбогдолтой шүтээн. Та ямар ч шашин шүтдэг байж болно, гэхдээ монгол хүний хувьд их хаанаа заавал шүтэж байх ёстой. Учир нь энэ хүний ачаар Монгол хүн гэж байгаа юм, Монгол Улс гэж байгаа юм. Монгол хэмээх улс орон, хүн ард байхгүй бол монголын хөгжил гэдэг зүйлийн тухай ярих боломжгүй. Түүнчлэн энэ хөшөө мөнгө үрсэн, ашиггүй хөрөнгө оруулалт ч биш. Энэ хөшөө энэ хөшөөг бүтээхэд зарцуулсан мөнгө хөрөнгийг хэдэн жилийн дотор өөрөө нөхнө. Цаашдаа аялал жуулчлалд хувь нэмэр оруулна, мөнгө олно. Яг Чингис хаан музей шиг. Чингис хаан музей ашигтай ажиллаж хөрөнгө оруулалтаа өөрөө нөхөх нь тодорхой тооцоололтой ажиллаж байгаа. Дэлхий дээрх 10 орчим сая монголчууд ирж мөргөнө. Музей өөрөө National Geographic-ийн очих үзэхийг зөвлөсөн 20 музейний нэг. Алтан хөшөө Монгол банкны Эрдэнэсийн санд бүртгэлтэй, харьяалалтай байгаа. Алтан хөшөө урлагийн бүтээлийн хувьдаа үнэ цэн нь өснө. Тиймээс мөнгө хөрөнгөний хувьд ч, оюун санааны хувьд ч энэ бүтээн байгуулалт буруу хөрөнгө оруулалт биш.
3. Чингис хаан эгэл хүн байсан тул түүнийг алтаар бүтээх нь зөв юм уу? Бурхан багш ч эгэл хүн байсан алтаар бүтээсэн. Энэ бол тэр хүн эгэл хүн байсан тухай асуудал биш. Харин түүнийг шүтэж биширч байгаа хүмүүс хүндэтгэлээ хэрхэн илэрхийлж байгаа хэрэг.
4. Монголын түүх соёлыг бусад улс орон булаацалдах хандлага нэлээд гарч байгаа. Чингис хааныг ч Та биднээс илүү шүтээд алтаар хөшөөг нь барьчих улсууд урд, хойно чинь гарч ирээд байгааг Та бид харж байгаа. Тиймээс бид түүх соёлдоо эзэн нь байж, түүнийгээ тамгалж авах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байгаа тул алтаар хөшөө барьж Чингис хаан бол түрэг, казах өөр хаанах хаанах ч биш монгол хүн гэдгийг олон улсад ийнхүү тунхаглан харуулах нь чухал ач холбогдолтой.
5. Аливаа улс үндэстэн, оршин тогтнож, хөгжин бадрахын тулд өөрийн гэсэн үнэт зүйлстэй байх учиртай. Айлаар бол танайх эцэг өвгөдөөс эрхэмлэж ирсэн эд өлгийн зүйлээ үгүй хийчхээд уруудаж доройтоод байгаа юм байна, тэрийгээ олж ирж байж дээрдэж дээшилнэ дээ гэж юм мэдэх хөгшчүүл хэлээд байдагтай адил юм даа. Сүүлийн 100 жил монголчуудын үнэт зүйлсийг нэг нэгээр нь намнасан. Чингис хаан л гэхэд монголчууд бидний шүтээн биш харин бүр харгис дарангуйлагч феодал ангийн төлөөлөл болж хувирсан. Ийнхүү үнэт зүйлээ алдвал хөл, толгой нь солигдож улс орон хөгжих бүү хэл уруудан доройтож бусдын хоол болох замд ордог. Тиймээс энэ шүтээн хөшөө монгол үндэстэн мандан бадрахын бэлгэ тэмдэг байх учиртай.
6. Монголдоо хийж болоогүй юм уу, Өндөр гэгээн тэргүүтэй дэлхийд гайхуулсан урчуудын орон шүү дээ гэжээ. Энэ үнэн. Монгол урчуудын зураг төслөөр хийсэн. Харин цутгуурын хувьд ийм хэмжээний том цутгуур Монгол гэлтгүй олон оронд тэр бүр цутгах боломж байдаггүй. Их хаанаа урд айлдаа цутгуулалтай ч биш. Дэлхийд урлагаараа өндөр үнэлэгдсэн Итали оронд цутгуулсан. Монгол ийм хэмжээний хөшөө цутгах цутгуурын үйлдвэртэй болох цаг ирэх биз дээ.
7. Хийж бүтээхэд алдаа оноо гардаг. Тэрийг нь хэлж ярьж үглэж дуулах хэрэгтэй. Гэхдээ юу хэлж ярихаа мэдэж бодож, ичиж санаа зовдог баймаар байна. “Корсет” өмсүүлсэн гэх мэтээр элдэвлэхгүй, шоглохгүй баймаар байна. Дээлийнх нь энгэр тов тодорхой харагдаж байхад ямар хүнд “корсет” болж харагддаг юм бол доо. ХIII зууны үед өмсөж байсан энэ дээл бол өнөөгийн бидний хөөргөж бүсэлдэг дээлтэй адилгүй, нэлмэгэр биш, бэлхүүсээрээ нуруу бөөр барьсан нарийн хийц загвартай, бидний өвөг дээдэс гэдэс гүзээгүй хүдэр чийрэг байх цагт зохимжтой тохиромжтой дээл хувцас байсан болохоос “корсет” биш л дээ. Ядаж сар шинээр өөчилж гоочлох, шүүж шүүмжлэх туйлын хүслэнгээ дарж, харах өнцгөө олон болгож, бодох сэтгэхээ тэлмээр байна" гэв.