Ц.Байгалмаа: Монгол хүний онцлог дээр суурилж, нэгдмэл үнэт зүйлтэй иргэдийг төлөвшүүлдэг боловсролын систем хэрэгтэй
Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн зочноор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Инженерийн ухааны доктор Ц.Байгалмаа оролцсоныг хүргэж байна
-Та АНУ-ын Харвардын Их Сургуульд 2007-2009 онд судлаач багшаар ажиллаж байсан. Ямар судалгаан дээр ажиллаж байв?
-Харвардын Их Сургуулийн Анагаахын Их сургууль, Массачуссэцийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны танхимын хамтран судалгаа хийдэг гурван хэмжээст оношилгооны лабораторт хорт хавдрын автомат оношилгооны систем хөгжүүлэлт дээр судалгааны ажил хийж байсан. Би анагаахын инженерчлэлийн чиглэлээр докторын зэргээ, электроник мэдээлэл зүйн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалж байсан. Докторын ажил маань Японы хорт хавдрын үндэсний төвтэй хамтарсан автомат оношилгооны судалгаа байсан л даа. Эрдмийн зэргээ авсны дараа Японы Эдийн засаг аж үйлдвэрийн Яам, Боловсролын яамны санхүүжилттэй төр хувийн хэвшлийн хамтарсан анагаахын инновацын төсөл дээр таван жил, түүний дараа Харвардад шулуун гэдэсний эмгэгийн автомат оношилгооний систем бүтээх төсөл дээр хоёр жил орчим ажилласан даа. Эмнэлэг анагаахын салбарт аль хэдийн хуримтлагдсан холбогдох том өгөгдөл мэдээллийг ашиглаж, өвчнийг (жишээ нь, хавдрын хортой, хоргүй эсэх гэх мэт) автоматаар оношлох систем бүтээх судалгааг хийж байсан. Хиймэл оюун ухааны суурь болсон онолын судалгааг хийж байсан гэж болно.
-Таны нэр дээр долоон патент, зохиогчийн эрх нь байдаг гэж сонсож байсан юм байна шүү?
-Би доктороо хамгаалсны дараа 2002-2007 онд Японы Шизуокагийн улсын их сургууль, Хамамацугийн улсын анагаахын их сургууль болон орон нутгийн томоохон аж ахуйн нэгжүүд хамтарсан инновацын төсөл хэрэгжүүлж байхдаа хэд хэдэн санаа, судалгаагаа патентжуулж зохиогчоор нь бүртгүүлсэн байдаг. Тус төслийн хүрээнд өндөр технологитой эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт судалгааны ажлуудыг хийсэн юм. Жишээ нь хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аппаратны технологийг дараагийн төвшинд гаргаж сайжруулах, тархины мэс заслын үед хавдрын байршлыг мэс засал хийхээс өмнө авсан зурган дээр оновчтой зөв тодорхойлох аргачлал гэх мэт судалгаанууд дээрээ авсан патентууд юм аа.
-Хүн бүхэнд хэлэх дуртай үг байдаг. Таны хувьд?
-Нэрт математикч Альберт Эйнштэйний “Бэрхшээл дунд ч боломж үргэлж байдаг” гэдэг үгийг хэлэх дуртай. Янз бүрийн сорилт, шалгалт тулсан үед урам авдаг үг маань байгаа юм.
-Таны сонирхол, хобби юу вэ?
-Би ер нь спортлог талдаа хүн шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил фитнессээр хичээллэж байна. Мөн ууланд авирах, алхах дуртай. Оюутан цагаасаа л аялах дуртай байсан. Түүхэн дурсгалт газруудаар аялж, олон хүнтэй уулзаж танилцах нь амьдралыг баялаг болгож, аливааг харах цар хүрээг тэлдэг гэж боддог.
-Та багадаа ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ?
-Би долоон хүүхэдтэй айлын тав дахь нь. Манайхан инженерийн чиглэлээр сурч мэргэжил эзэмшсэн хүмүүс байдаг. Шугам зураг, физик тоонд дуртай ах эгч нарын маань ч нөлөө юм уу, Мэри Кюри шиг дэлхийн хэмжээний эрдэмтэн, шинжлэх ухаанд амьдралаа зориулсан хүн болохсон гэсэн бадрангуй хүсэл мөрөөдөлтэй охин байжээ. /инээв/
-Бидний нийгэм бүхэлдээ жаахан тиймхэн байна. Хэр стресст орж байна даа?
-Японд 10 гаруй жил ажиллаж амьдарсан. Дотор нь байхдаа анзаарах сөхөөгүй завгүй ажиллаж байсан байдаг ч, эргээд харахад нилээн стресстэй нийгэм байж дээ. Япон найзууд маань намайг чи хэзээ ч стресст ордоггүй байх аа гэж хэлдэг байсан. Гэхдээ хүн юм чинь стресстдэг л байсан. Өндөр хөгжилтэй орон болохоор маш хариуцлагатай нийгэм. Хүмүүс нь тэр хариуцлагатаа баригдаад стресс үүсдэг юм болов уу. Харин манай Монгол бол амгалан тайван, хүмүүс нь энгийн цайлган сайхан шүү дээ.
-Таны үнэт зүйл юу вэ?
-Миний үнэт зүйл Монгол, монгол хүн гэж бодож байна. Хамгийн түрүүнд гэр бүл, үр хүүхдээ үнэт зүйлээ гэж боддог боловч энэ бүхний суурь нь Монгол хэмээх үндэстэн байна.
-Та хэр шүүмжлэгч хүн бэ?
-Ер нь шүүмжилдэг талдаа байсан. Одоо бол арай өөр. Аль болох эерэг өнцгөөс нь харахыг хичээдэг болсон. Шүүмжлэх амархан, хийх бүтээх хэцүү гэдгийг мэдэрсэн хариуцлагатай насан дээрээ явна даа.
-Та өөрөө шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлийг нээлттэй хүлээж авдаг. Над шиг иргэнийг төлөөлөх ажил хийж байгаа хүнд шүүмжлэл нь мотиваци болдог юм.
-Хүний хувь тавилан, энэ амьдралдаа яаж явах нь юунаас шалтгаалдаг юм бол?
-Хэдийгээр би шинжлэх ухаанч хүн боловч үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг. “Эгшин хормын үйл бүхэн энгүй орчлонг урлан буй” хэмээх мэргэн үг Бадамжунайн сургаальд байдаг. Өнөөдөр бидний хийж буй үйл өнгөрсөн цагтай ч, ирээдүйтэй ч холбоотой. Тэр утгаараа эргэх холбоо, үйлийн үр, хувь тавилан гэдэг байдаг гэж боддог.
-Та хамгийн аз жаргалтай байсан мөчөөсөө хуваалцаач?
-Япон, Америкт ажиллаж байх хугацаандаа Монголдоо олон ирж буцдаг байсан. Эх орон руугаа харих онгоцонд суугаад явж байх мөч л цаг ямагт хамгийн сайхан, аз жаргалтай мэдрэмж байдаг байсан. Гадаадад байдаг хүмүүс бүгд л үүнийг мэдэрдэг байх.
-Хүмүүс таны юунд, ямар зан араншинд татагддаг бол?
-Би дөрвөн жил Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч хийлээ. Энэ явцад өөрийгөө юугаар дутаж, юугаараа илүүрхэж байгаага ухаарсан. Хоёр нүүр гаргаад байдаггүй, тууштай хариуцлагатай, шударга зан чанар маань хүмүүст харилцахад илүү амар, ойлгомжтой болгодог байж магадгүй.
-Таны хувьд тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?
-Хувь хүний түвшинд найз нөхөд, хамтран ажиллаж байгаа хүмүүс, удирдлаганд байгаа ажилтнууд маань намайг хуурахад дургүй. Илэн далангүй, ойлгомжтой байгаа минь бусад хүмүүст хуурахад амархан юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлчихэж магадгүй. Итгэж явсан хүн минь хуурах л хамгийн тэвчишгүй зүйл дээ.
-Та амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?
-Уулын спортод татан оруулсан миний япон найз байдаг, түүнтэйгээ 1997 оны үед шиг санагдаж байна. Нэлээд хэдэн хоногийн аялал хийж яваад, их түргэн урсгалтай жижиг голын дээгүүр татсан дүүжин гүүрээр гарлаа. Гүүрээр гарч байх үедээ эвдэрчих вий гэж их санаа зовсон. Энэ тухайгаа өнөөх найздаа хэлтэл “зүгээр ээ эвдэрчихвэл хүмүүс ирээд засчихна” гэсэн. Ийм хол газар яаж ирэх юм гэтэл “камераар хянаж байдаг юм аа” гэсэн. Үнэхээр л тэнд телевизийнх шиг том камер зоочихсон байсан. Эзэнгүй ууланд энэ үнэтэй камерыг чинь хүн аваад явчихдаггүй юм уу гэсэн чинь найз маань чимээгүй болчихсон. Тэгснээ “ууланд дуртай хүн тийм юм хийхгүй ээ” гэж хэлэхэд нь их ичсэн. Магадгүй манай улсын нийгэм тухайн үед ямар байлаа, тэр өнцгөөс харсандаа их ичсэн.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Судлаач хүний хувьд өөрийгө тоо, логик сэтгэлгээ сайтай гэж боддог. Өнөөдрийн хийж байгаа ажил үүргийн хувьд, янз бүрийн тулгамдсан асуудлын учир шалтгаан, уялдаа холбоог том зургаар нь харах, өргөн цараатай шийдэл олох, стратеги бодлого боловсруулах талдаа сайн гэж манай төлөөлөгч нар намайг хэлдэг л дээ.
-Таны дургүй үг юу вэ?
-Саяхан нэг кинон дээрээс “Алим унахдаа модноосоо холддоггүй” гэдэг утгагтай үгийг сонссон. Хүнийг тэгж хэлэх нь нийгэм дэх ялгаварлах үзлийг өөгшүүлсэн, залуусын урмыг хугалах үг юм болов уу даа. Тэр тийм л байдаг, тэгдэг л юм гэсэн хэт хэвшмэл ойлголтод баригдаж амьдрах цаг үе биш ээ. Мөн өөрөөсөө өөр байгаа зүйлээс зайлсхийх бус харин өөрийн гэсэн онцлогтой юм байна гэж харах эерэг хандлага аливаа зүйлийг урагшлуулдаг. Энэ хандлагыг дэмжиж, төлөвшүүлэх нь чухал юм.
-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл?
-Япон хэлийг сайн мэднэ. Оюутан байхдаа Японы Гадаад Хэргийн Яамны орчуулгын товчоонд бүртгэлтэй орчуулагч хийж байсан. Албан айлчлалд ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын айчлалд синхрон орчуулга хүртэл хийж байлаа. Манай улсын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар Японд айчлахад Япон улсын Эзэн хааны оройн зоог дээр орчуулга хийж байсан. Хүмүүс хэлийг нэг сурчихвал болно гэж боддог. Гэвч хэлийг байнга хэрэглэж байж л амьд байдаг. Жишээ нь, би англи хэлийг нилээн олон жил хичээж суралцсан ч, нэг л санаанд хүрэхгүй явсаар эрс сайжирсан маань докторын ажлаа эхлүүлснээс хойш байдаг юм. Тэр үед англиар бичсэн эрдэм шинжилгээний өгүүлгүүд унших, судалгааны материал мэдээллийг англи эх үүсвэрээс л олох шаардлагатай байнга тулгардаг байлаа. Хийсэн ажил судалгаагаа олон улсын хурал дээр илтгэх, өгүүллэгээ эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхэд англи хэлний мэдлэг чадвар өндөр байхыг шаардсан үе байлаа. Энэ үеэс л англи хэл маань эрс сайжирч, үүнийгээ дагаад ч мэргэжлээрээ АНУ явах хүсэл мөрөөдөл маань тэлсэн гэж боддог.
-Таны мэдэх япон хэлтэй хүмүүсээс хамгийн сайн ярьдаг нь хэн бэ?
-Япон хэлийг гайхамшигтай эзэмшсэн хүн гэвэл Л.Галт сэмпайгаа нэрлэнэ. Одоо тэрбээр аялал жуулчлалын компани байгуулаад Япон улсад амьдарч байгаа. Бид хоёр Японд айлчлалаар ирсэн хүмүүст орчуулга олонтаа цуг хийсэн. Харин бичгийн Япон хэлийг бол олон сайхан Японы уран зохиолыг Монгол хэлнээ хөрвүүлэн гаргаж байгаа О.Жаргалсайхан эгчийг маш сайн эзэмшсэн гэж боддог.
-Та Японы их сургуульд багшилж байсан. Тиймээс таныг би япон хэлдээ сайн байх гэж дүгнээд байгаа юм?
-Баярлалаа. Тиймээ би Японы их сургуульд таван жил судлаач багшаар, дөрвөн жил үндсэн багшаар нийт ес гаруй жил ажилласан байна.
-Хүн насан туршдаа сурдаг гэдэг. Та одоо юунд хамгийн их суралцахыг хүсэж байна вэ?
-Цаг гарвал сурмаар хоёр зүйл бий. Уран зураг зурж сурах. Нөгөөх нь төгөлдөр хуур юм уу хийл тоглож сурах. Багаасаа л мөрөөдөж байсан. Өөрөө сурч амжаагүй болохоор хүүхдүүддээ сургаж байгаа.
-Нэг үеэ бодвол залуучууд гадаад руу сурахаар их явж байна. Тэд нэн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?. Таныг анх Япон явахад ер нь Монгол оюутнууд байсан уу?
-Тухайн үед Японы Засгийн газрын тэтгэлгээр, инженерийн чиглэлээр жилд хоёрхон оюутан явуулдаг байсан. Би инженерийн чиглэлээр сурсан анхны монгол эмэгтэй оюутан. Өнөөдөр миний сурч байсан үеэс огт өөр болсон. Тухайн үед япон хэлийг хирагана, катагана гэсэн үсэг, дээр нь ханзтай байдгийг ч мэдээгүй явж байлаа. Гэтэл өнөөдөр цахимаар бүх мэдээллээ авч болж байна. Номын санд маш их ном, гарын авлага байна. Залуучууд маань Монголд байх хугацаандаа өөрийгөө дайчлаад хэлээ сурчихаад очвол дараа нь өндөр зохион байгуулалттай, цаг үнэтэй нийгэмд амьдрахад өөрт нь л амар. Очсон хойноо хэл мэдэхгүйгээс болоод цаг алдаж байна, ажил олдохгүй, олигтой сургуульд орж чадахгүй, тэтгэлэг олдохгүй байна. Тийм учраас ийм эрсдэлтэй зүйл рүү шууд хөл тавьж болохгүй.
-Таны хамгийн их айдаг зүйл юу вэ?
-Хайртай хүмүүсээ алдахаас айна. Хайртай хүмүүсийнхээ итгэлийг алдахаас айдаг. Хүний итгэлийг алдахгүй, өөрөөрөө амьдрах сайхан шүү дээ.
-Таныг яг одоо нэг хүнд “баярлалаа” гэдэг үгийг хэлээч гэвэл хэнд хэлэх вэ?
-Багш нартаа баярлалаа гэж хэлнэ. Бидэнд хичээл заасан багш нар маань өөрийн хүүхдээс ч илүү бидэнд сэтгэлээсээ хандаж зааж сургасан учир өнөөдрийн “Би” байгаа. Мөн түүнчлэн, тэтгэлэгийг нь авч, мэргэжил мэдлэгтэй болж, ажил амьдралын гараагаа эхэлсэн газар гэдэг утгаар нь япон багш нартаа ч талархаж явдаг. Манай хоёр хүүхэд дунд сургуульд сурдаг. Төсвийн цалингаар амьдралаа болгож, түмний хүүхдэд сэтгэлээсээ зааж сургаж байгаа багш нартаа баярлаж байна. Улс орны хөгжил хүнээс, хүний хөгжил боловсролоос гээд ярих амархан ч, хийх хэцүү. Тиймээс хүүхдийн боловсрол чанартай байхад төрөөс анхаарах ёстой, хүүхдийнхээ хичээлд боломжийн хэрээр эцэг эчүүд маань ч оролцож, туслах хэрэгтэй шүү.
-Авлига, хээл хахуулийн асуудал яавал цэгцрэх бол?
-Авлига бол гэмт хэрэг. Эрх мэдэл, боломж, давуу талаа хувьдаа ашигласныг хэлдэг. Авлига ард түмэн, залуусын итгэл үнэмшлийг үгүй хийж байна. Залуус гадаад орон руу их тэмүүлж байна. Нэг ёсондоо залуус эх орондоо амьдрахад чанартай боловсрол, тэгш боломж байгаад итгэхгүй байна. Түүний оронд гадаадад “хараар ч болов” хөдөлмөр эрхлээд, мөнгө цуглуулж байр авахыг илүүд үзээд байна. Авлига нэг хүний хэрэг биш бүхэл бүтэн тогтолцоонд байна. Хоёр системийн өөрчлөлтийн явцад шилжилтээ сайн хийж чадаагүй юм байна. Монголын эдийн засаг, нийгмийн амьдрал дах төрийн оролцоо өндөр байна. Өөрөөр хэлбэл 70 жилийн явцад хуримтлуулсан нийтийн өмчийн ихээхэн хэсэг нь одоо ч төрийн мэдэлд хэвээр байна, уул уурхайгаас орж ирж буй орлогыг хувиарлах захиран зарцуулах эрх нь төрд байна. Гэтэл төр захиран зарцуулахдаа ил тод, тэгш хүртээмжтэй байж чадахгүй байгаас л авлига үүсч байна. Авлигын индекс багатай улс оронд хувийн секторын эдийн засаг, нийгэмд эзлэх байр суурь өндөр байдаг л даа.
-Таны хамгийн их харамсаж явдаг зүйл юу вэ?
-Нэгдүгээрт, газар бүх нийтийн өмч байж байгаад, хувьчлал явагдлаа шүү дээ. Энэ газрыг өмчлөх, эзэмших ажиллагаа төлөвлөлтгүй явагдсанд харамсдаг. Анхнаасаа үе шаттай, нарийн зохион байгуулалттай явагдах байсан. Өнөөдөр зам тавих, сургууль цэцэрлэг барих газар алга байна. Хувьчилсан газрыг эргүүлээд нийтийн эзэмшилд авахад хөрөнгө мөнгө, нарийн зохицуулалт хэрэгтэй боловч бид хараахан хийж чадахгүй л яваад байна. Хоёрдугаарт, манай боловсролын тогтолцоо сүүлийн 30 жилийн явцад агуулга, заах арга, хүмүүсийн боловсролд хандах хандлага хэт огцом өөрчлөгдөж байгаад харамсдаг. Өөрчлөлтийг уламжлал дээр нь суурилж аажмаар хийх ёстой. Монгол хүний онцлогууд дээр суурилж нэгдмэл үнэт зүйлтэй иргэнийг төлөвшүүлдэг боловсролын систем хэрэгтэй.
-Мөнгө таны хувьд юу вэ?
-Мөнгө гэдгийг материаллаг өнцгөөс нь биш боломжит өнцгөөс нь харж зохицуулах ёстой байх. Мөнгө олох аргаа мэддэг, зарцуулах ухаантай, хэзээ ямар зүйлд хуримтлуулахаа мэддэг байж гэмээн санхүүгийн бие даасан байдалд түргэн хүрнэ.
-Таныг НИХТ-ийнхөө хувиар өөртөө дүн тавь гэвэл ямар дүн тавих вэ?
-Би өөртөө хангалттай гэсэн үнэлгээ өгнө гээд хэлэхээр зарим хүн эгдүүцэж магадгүй. Тийм учраас нэмэлт тайлбар хийе. Би төлөөлөгч болохоос өмнө улс төрийн ажил бараг хийж байгаагүй. Иймд аливаа асуудалд улс төржилгүй зарчимтай хандаж иргэдийнхээ дуу хоолой болж ажиллаж уйгагүй ажилласан гэж бодож байгаа. Нэг л иргэний хүсэлтийг биелүүлэхийн тулд нэлээн хэдэн захиргааны байгууллагын шат дамжлагыг тойруулж байж ажил бүтдэг.
-Та Японы коосен сургалтын тогтолцоог Монголд нутагшуулахад оролцсон хүний нэг. Коосэн сургалтын тогтолцоог олон улсад хэр их нэвтрүүлсэн байдаг вэ?
-Монгол хамгийн анх системийн дагуу нэвтрүүлж эхлээд байгаа орон юм. Монголоос гадна Тайланд, Въетнам зэрэг улсуудад нэвтэрч буй. Коосэн гэдэг бол өндөр түвшний мэргэжлийн ажилтан мастер бэлтгэх тогтолцоо, өөрөөр хэлбэл дээр үед манайд байсан техникумтай дүйцэх юм болов уу даа. 2014 онд Монголд анхны мэргэжлийн анги нь байгуулагдсан байдаг. Би 2016 оноос хойш гурван жил орчим Японы Коосэн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллалаа. Төлөөлөгчийн газар нь өнөөдрийн байдлаар Монголд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй гурван коосэн сургуулийн сургалтын агуулгыг сайжруулах, багш нарыг чадавхжуулах зэргийг хийж ирсэн. Японд Коосэн төгсөгчдийн нилээд хувь нь их, дээд сургуульд дэвшин суралцдаг, 20-30 хувь нь судлаач, доктор болдог. Ер нь өсвөр насны хүүхдүүдийг ютүбэр болохоос нь өмнө бүтээлч салбарт дуртай болгох, шинжлэх ухааныг хэрэглээтэй нь холбож заадгаараа сонирхолтой тогтолцоо юм. Япон шиг 120 сая гаруй хүн амтай улсын хувьд коосэн бол нэг их том байгууллага биш л дээ. Япон даяар 57 сургууль байдаг. Нэг сургуульд 1000-аад хүүхэд сурдаг. Жилдээ 10 гаруй мянган хүүхэд л төгсдөг тогтолцоо. Гол нь хүүхдүүдийг инженерийн салбарт дуртай болгох сургаж төлөвшүүлэх процессыг 15 наснаас нь эхэлж байгаа нь олон улсын анхаарлыг татаж эхлээд амжилттай яваад байна.
-Хан-Уул дүүрэгт, тодруулбал таны тойрогт Богд хааны музейг иргэдийг чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж яригдаж байсан. Энэ ажил хэр урагштай явж байна вэ?
-Богд хааны Өвлийн ордны гадаа 1.6 га талбайд Богд хааны гэгээн дүрийг бүтээсэн хөшөөтэй, 20 дугаар зууны эхэн үеийн шашны үйл явцыг харуулсан дурсгалтай, хөшөө цогцолбор барьж эхлээд одоо дуусаж байна. 2017 оны эцсээр НИТХ-ын хуралдаан дээр төсөв хэлэлцэх үеэр би анх санал оруулж байсан ажил юм л даа. Энэ үед тухайн газрыг нэгэн хувийн компани аялал жуулчлалын чиглэлээр ашиглахаар авсан байсан. Манай Хан-Уул дүүргийн иргэд, хотын захиргаа, музейн хамт олон зэрэг олон хүмүүс хамтран газраа эргүүлж авахаар тэмцсний үр дүнд аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь цуцалж, улмаар цэцэрлэгт хүрээлэн болгож чадлаа. Удахгүй ашиглалтад орно.
-Танай тойрогт тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Өнөөдөр Хан-Уул дүүрэгт иргэд олноор шилжин ирж суурьшиж байна. Дэд бүтэцтэй газар ихтэй тул олон барилга, хотхон хороолол баригдаж байна. Үүнийгээ дагаад улсын эмнэлэг, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль шаардлагатай байна. Гэтэл барих газар ерөөсөө олдохгүй байдгийг нуух хэрэггүй Жишээ нь, 30-аад мянган иргэн амьдардаг 15 дугаар хороонд 200 мкв орчим ганц өрхийн эмнэлэг байдаг. Түүн дээр жилдээ 1000 гаруй эх, хүүхэд хяналтад явдаг байх жишээтэй. Энэ ачааллыг бууруулах зорилгоор 2019 онд тус өрхийн эмнэлгийн салбарыг хотхон дунд байр түрээсэлж байгуулсан. Уг нь тухайн хотхонд амьдрах хүн амын тооноос хамаараад сургууль, цэцэрлэг гэх мэт төлөвлөдөг боловч, хотхон баригдсаны дараа төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгүүд нь хувийн хэвшлийнх байдаг нь иргэдийг бухимдуулж байна. Болдог бол цаашид, шинээр баригдаж буй хороолол хотхоны нэг давхарт шаардлага хангах хэмжээний талбайг дүүрэг юм уу хот худалдаж аваад, улсын цэцэрлэг болговол бие даасан обьект барих газар олох, төсөв шийдэхээс хамаагүй хямдханаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой болох юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг дунд сургууль шинээр баригдаж дуусах гэж байна. Мөн нэг дунд сургууль Японы Засгийн газрын буцалтгүй хөрөнгө оруулалтаар баригдаж ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Гурван цэцэрлэг өргөтгөл хийгдсэн. Улсын хоёр цэцэрлэг орон сууцны дунд түрээслэх байдлаар ажиллаж байна.
-Нийслэлд сонгогдсон төлөөлөгч хүнд иргэдээс олон л асуудал санал ирдэг байх. Түүнийг ямар зарчмаар шийдэж байна вэ?
-Иргэдээс асуудлыг нь сонсоно. Хувиараа хоёр хүнтэй ажлын алба ажиллуулдаг л даа. Мөн НИТХ-ын дэргэд албан ёсны ажлын алба ч бий. Иргэдийн хүсэлт өргөдлийг аль болох гарын үсэгтэй албажуулж явахыг хичээдэг. Ингэснээр дараа нь асуудлыг шийдэхэд дөхөмтэй болдог. Би өөрөө цахим хэрэглээнд идэвхтэй байдаг тул иргэдээс цахимаар ирэх захидал, сэтгэгдэл ч мөн бий. Тойрогтоо иргэдтэй уулзалт хийх үедээ иргэдээс санал хүсэлтийг нь аваад, холбогдох харьяа газарт нь хандах, шийдүүлэх гээд ажлууд их бий. Төсөв өртөг шаардах хүсэлт санал хамгийн ярвигтай байдаг л даа. Ер нь тухайн газрын тулгамдсан асуудлыг иргэд өөрсдөө л сайн мэдэж мэдэрч байдаг тул аливаа асуудлыг зөв шийдвэрлэхэд иргэдийн оролцоо маш чухал.
-Нийслэл хотын хөгжил цэцэглэлтийг бид юугаар нь харж дүгнэх ёстой юм бэ?
-Нийслэл хот хүчтэй, бие даасан байхын тулд ажилтай, орлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод оршин сууж буй иргэн нь ажилтай, орлоготой байх л хамгийн чухал. Орлоготой иргэнтэй хотод хөгжил аяндаа хурдацтай явагдана.
-Та нэлээн идэвхтэй төлөөлөгчийн нэг юм болов уу гэж харагдсан. Хуралдаа идэвхтэй оролцдог, хамгийн олон удаа үг хэлсэн төлөөлөгч байна лээ. Та 2018 онд гэхэд 104 санал болон асуулгыг гаргаж тавьжээ. Үүрэг, хариуцлага гэж ухамсарлаж ханддаг байх?
-Тэгэлгүй яах вэ. Төлөөлөгчийн хувьд хотынхоо нийгэм, эдийн засгийн хөгжил төлөвлөлтөд санаа оноогоо тусгах, тойргийнхоо сонгогчдоо төлөөлөөд амьдрах ая тухтай орчин бүрдүүлэхэд нь нөлөөлөх, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах нь бидний үндсэн ажил байдаг. 2018 онд би НИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдон ажилласан учир долоо хоног бүрийн тэргүүлэгчдийн хуралдаанд оролцож саналаа хэлж байлаа. Ингээд л 104 гэсэн тоо гарч ирсэн байх. Аливаа хурал дээр хэлэлцэж буй асуудалд тойргийнхоо иргэдийн саналыг уламжлах, ажил хариуцсан ажилтанд асуудлаа сайн тайлбарлаж ойлгуулж чадвал үр дүнд хүрдэг. Миний хувьд 2017 онд дүүрэг бүрт номын сан байгуулах, 2018 онд дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбайтай тохижилт хийх зэрэг саналуудыг хуралдааны үеэр оруулж шийдүүлсэн байх жишээтэй.
-Хан-Уул дүүрэгт арьс ширний үйлдвэрүүд бий. Нүүлгэнэ гэсэн асуудал яригдсан. Тэдгээр үйлдвэрүүд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар арьс шир боловсруулах үйл ажиллагаа явагдахгүй байгаа. 2018 оны Засгийн газрын 73 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг Хятадын Засгийн газрын зээлээр шинэчлэн барихаар болсон. Үүнтэй уялдуулаад Төв цэвэрлэх байгууламжид бохироо нийлүүлж байгаа “Харгиа” гэх мэт урьдчилан цэвэрлэх байгууламж, аж ахуйн газруудыг стандартын дагуу бохироо цэвэршүүлж, Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх ёстой гэсэн агуулга уг тогтоолд орсон юм. 2019 оны тавдугаар сарын 25-наас энэ тогтоол хэрэгжиж эхэлснээр “Харгиа”-д бохир усаа нийлүүлж байсан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон. Харин одоо Дарханд арьс ширний боловсруулах томоохон үйлдвэрийн парк цогцолбор баригдаж байгаа бөгөөд тэнд “Харгиа”-тай холбоотой аж ахуйн нэгжүүд нүүн шилжиж үйлдвэрлэл эрхлэх боломжтой.
-“Нэг хот, нэг стандарт” хөтөлбөрийг санаачлахад таныг оролцсон гэдэг. Үүнээс хотын иргэд хожих нь юу юм бэ?
-Тиймээ, би төлөөлөгч болсноос хойш хотын стандарт гэдэг зүйлийг ярьж яваа. Өнөөдөр бид Улаанбаатар гэдэг нэг нийслэлд амьдарч байгаа ч өөр хооронд маань нийгмийн давхраажилт, амьдралын ялгаа гарчихжээ. Хотын төвд байранд тохь тухтай амьдрах нэгэн байхад, нөгөө хэсэг нь захын гэр хороололд хүнд нөхцөлд амьдарч байна. Хөдөөнөөс ирсэн хүмүүс хотыг муухай болголоо гэх бус харин шилжин ирэгсдийг хотын иргэн болгож төлөвшүүлэх нь чухал байна. Хотын стандарт гэдэг нь товчхондоо хотын төвд ч, хотын захад ч иргэний амьдрах орчин адилхан л байх ёстой гэсэн үг. Гэхдээ стандартыг тогтооход иргэд, аж ахуйн нэгж, хотын захиргаа бүгд оролцож байж нийтээр хүлээн зөвшөөрөгднө. Стандартаас хожих хүмүүс нь хэрэглэгч юм. Одоо бид үйлдвэрлэл, үйлчилгээ, амьдрах орчны олон улсын стандартын тухай ойлголтыг нийгэмд хэвшүүлэн захиргааны зохицуулалтандаа оруулах шаардлагатай болсон байна. Хэрэв цаашид стандартыг салбар бүрт хэвшүүлэх ажлыг хийж чадвал, нийтээр мөрдөх хэм хэмжээний улс төрийн хамаарал нь багасах боломжтой гэж бодож байна. Цаашид иргэдийн амьдрах орчин гэх мэт бүхий л харилцаанд стандартыг нэвтрүүлж мэдээллийг ил тод нээлттэй болговол, төр-ААН-иргэн хоорондын харилцаа аливаа хүнд сурталаас ангижрах эхлэл болно.