Бат-эрдэнэ.Ж 2017.02.03 | Сонин: Үндэсний Шуудан

Ж.Бат-Эрдэнэ: Бид асуудлаа давж яриад байна

Ж.Бат-Эрдэнэ: Бид асуудлаа давж яриад байна
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монголын зэс корпора­цын “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг авсан санхүүгийн эх үүсвэрт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр та “Төр муу менежер гэдэг. Илүү муу менежертэй болчихсон юм биш үү” гэж байсан. Яагаад тэгсэн юм бэ?

-Төр муу менежер аж ахуй хувийн хэвшилд сайн явдаг гэсэн яриа байдаг. Нэг талдаа оргүй ч үг биш. Төр аливаа зүйл дээр менежер байхаар төрд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагаас бо­лоод шамшигдуулах явдал гардаг л даа. Нөгөө талаас хэрвээ төр хохирох юм бол түүнийг хохирол гэж үздэггүй монголчуудын маань нэг муу зуршил байна. Харин хувь хүн хохирчихвол хохирол гэж үзээд байдаг. Нэг үгээр төрийг хохироосон хүн өршөөгдөөд “Ажил хийж  ажил хийж байгаа хүн алдалгүй яахав” гэх зэрэг үгээр өмгөөлөгдөөд явчихдаг. Тэр утгаараа бол төрд сайжруулж, чангалах юм зөндөө л байлгүй яахав. Гэхдээ яг “Эрдэнэт”-ийн 49 хувийн тухайд бол авсан улсууд нь дөнгөж 2016 оны зургадугаар сарын 27-нд энэ эрхээ баталгаажуулаад очиж ТУЗ-дөө орж үйлдвэрийн үйл ажиллагаанд оролцсон юм байна. Тэрнээс хойш 2016 оны арваннэгдүгээр сар хүрэх хугацаанд 56 сая ам.доллар зүгээр хэлцэл маягаар гараад явчихсан байх жишээтэй.

Мөн 2012, 2013 оны ногдол ашгийг хүртэл авчихсан байгаа юм. Түүнчлэн “Эрдэнэт” үйлд­вэрт бараа нийлүүлэх үйл ажил­лагаанд энэ 49 хувийн хувь­цааг эзэмшдэг хүмүүсийн компа­ниуд орчихсон явж байна. Өөрөөр хэлбэл 49 хувийнхаа давуу эрхээр энэ худалдан авах ажил­лагаанд давуу эрхээр орж худал­дан авалтын хуулийн зохи­цуу­лалтыг зөрчсөн байна гэсэн үг.

-Дээрээс нь татварын бүр­дүүлэлт буурсан гэсэн байх аа?

-Улсад жил бүр 300-400 гаруй тэрбум төгрөгийн татвар өгч байсан байна. Гэтэл энэ жил дөнгөж 100 гаруй тэрбум төгрөгийн татвар өгөх дүн гарч байна шүү дээ. Энэ утгаараа төр муу менежер гэхээс илүү өшөө ч муу менежер оччихсон байдалтай харагдаад байгаа юм. Төрд очих татварын хэмжээ буураад, үйл ажиллагаа нь доошилж байна гэсэн үг.

-Шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт дотор “Эр­дэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг авсан хөрөнгийн эх үүсвэр нь олон хууль зөрчсөн. Тиймээс төрд авах шаардлагатай гэсэн утгатай үг үсэг байсан. Зарим гишүүд хувийн өмчид халдаж болох­гүй гэж байхад нөгөө хэсэг нь хууль зөрчсөн бол авах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Бид үүнийг хуулийнхаа зарчмаар л харах ёстой. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ОХУ-ын өмч байсан. Гэтэл ОХУ-ын өмчийг төлөөлж буй “Ростех” компаниас энэ өмчөөсөө татгалзлаа гэсэн хариу ирсэн байна. Үүнтэй холбоотой өмчлөлөөсөө татгалзлаа гэсэн хариу нь албан ёсоор ОХУ-ын Засгийн газраас ирээгүй гэсэн маргаан байгаа. Үүнийг нь түр азная гэхэд ямар ч байсан тийм зөвшөөрөл ирсэн тохиолдолд гэрээнийхээ дагуу Монголын талд эхлээд саналаа тавих ёстой. Тэгээд саналаа Монголын талд тавихаар Засгийн газар үүнийг УИХ руу оруулах хуультай. Төрийн болон орон нутгийн өмчийг захиран зарцуулах эрх нь УИХ-д байдаг. Өөрөөр хэлбэл ард түмний өмчийг төлөөлөх эрх нь УИХ-д байдаг гэсэн үг. Тэгэхээр Засгийн газар энэ 49 хувийг авах эрх ирлээ яах вэ гээд УИХ-аас асуух ёстой байсан. Өмчийг эзнээс нь асуух ёстой шүү дээ. Гэтэл Засгийн газар тэрүүхэндээ дараад шийдвэрлэчихсэн байгаа юм.

-Ерөнхий сайд асан Ч.Сайхан­билэг тайлбар тавих үеэрээ цаг хугацааны хайчинд орсон гэж байсан санагдаж байна?

-Тийм шалтаг тавиад цаагуураа ондоо хүнд өгчихсөн хэрэг л дээ. Дараагийн асуудал нь энэ хүнд ямар шалгуураар өгөх вэ гэдэг асуудал яригдах ёстой. Бүр нарийн яривал 49 хувийг худалдаж авсан мөнгө нь өөрийнх нь байсан уу, ард түмнийх байсан уу, эсвэл банкны мөнгө байв уу гээд асуудлаа цааш цааш нь хүргэх ёстой. Хамгийн гол гогцоо бол ард түмний өмчийг тэдний төлөөлөл болсон УИХ-аас нь асуулгүйгээр Засгийн газар дур мэдээд хэн нэгэнд өгчихсөнд байгаа юм.

-Орост байсан юмыг Монголд авчирсан нь сайн. Гэхдээ одоо улс төржүүлээд төрд авах гэвэл нөгөө 49 хувь эргээд Оростоо очно гэж хэлж буй хүмүүс ч нэлээд бий?

-Энгийнээр хэлбэл Орос, Монголын тал хоёрын дунд улаан шугам байдаг юм бол түүнийхээ наад талд энэ асуудал нь ороод ирсэн гэсэн үг. Цаанаасаа уучлаарай бид татгалзлаа гээд саналаа өгчихсөн шүү дээ. Гэтэл бид дотроо учраа олох ёстой байтал жишээлбэл хүү нь эцэг, эхдээ хэлэлгүй хэн нэгэнтэй хуйвалдаад захиран зарцуулаад явчихлаа гэсэн үг. Гэр орны эрх нь эцэг, эхдээ байх ёстой биз дээ. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал. Олон улсын гэрээг УИХ цуцлах эрх, үүрэгтэй. Түүнд халдсан л үйлдэл юм.

-Олон хууль дүрэм, зөр­чөөд явчихсан бол “Эрдэнэт”-ийн 49 хувь авсан хүмүүстээ байх ёстой юм уу, эсвэл төрд авах учиртай юу. Та тодорхой хэлсэнгүй?

-Одоо бол Байнгын хороогоор ажлын хэсгийн дүгнэлтийг л хэлэлцээд байна. Нэгдүгээрт, шинэ Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа 2016 оныхоо шийдвэрийг цуцлаад энэ Монгол Улсын өмч хүрч ирлээ одоо үүнийг яах вэ гэдэг асуудлыг УИХ-д оруулж ирнэ шүү дээ. Тэгж эрх нь шууд УИХ-д шилжиж орж ирэхээр бид хэлэлцэх ёстой юм. Харин тэр үед яах нь дараагийн асуудал. Компанид нь буцаагаад өгөх үү, улсдаа байлгах уу, ямар нэгэн байдлаар ард түмэндээ хуваарилах юм уу, дуудлага худалдаанд оруулах уу гээд маш олон хувилбар байж байна шүү дээ. Эсвэл шууд 100 хувь төрийн өмч болгоод явах нь дараагийн асуудал юм. Бид асуудлаа давж яриад байна шүү дээ.

-Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн най­руул­гын төслийг хэлэлцэж байна. Шинэчилсэн найруул­гаар ямар болгож өөрчилж байгаа юм бэ?

-Нэг талдаа зээлдэгч, нөгөө талдаа зээлдүүлэгч буюу банк, аж ахуйн нэгж хоёрын харилцааг зохицуулж байгаа хууль шүү дээ. Энэ хуулийн гол гогцоо нь Хөгжлийн банкийг төрийн нөлөөллөөс нь салгаж байгаа юм. Хөгжлийн банкны дампуурлын хэмжээнд очих болсон шалтгаан нь Засгийн газар, УИХ, эрх бүхий сайд нараас шууд үүрэг даалгавар өгөөд үүнийг санхүүжүүл гээд явчихсанд байдаг. Би нэг жишээ хэлье. 2012 он хүртэл би Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа маш олон төслийг Хөгжлийн банк руу оруулж байлаа. Тухайн үед Хөгжлийн банкны захирал нь солонгос хүн байсан. Түүний бидэнд тавьсан маш олон зарчмын шаардлагыг давж төсөл хөтөлбөрөө санхүүжүүлж чадалгүй явсаар ажлаа өгч байсан. Мундаг шалгууруудыг тавьж байсан л даа. Харин сүүлд яагаад дампуурсан бэ гэхээр, тэр Н.Мөнхбат гэдэг захиралд нь даалгавар өгөөд маш олон төслийг санхүүжүүлээд явчихсанд байгаа юм. Олон зээл эргэн төлөгдөх нөхцөлгүй явчихсан байна. Тэгэхээр төрийн гар оролцож үүрэг даалгавар өгч санхүүжүүлдэг биш яг худалдааныхаа шугамаар, зарчмынхаа дагуу үнэхээр ашигтай төслийг судалж үзэж байгаад банк өөрөө санхүүжүүлдэг зарчим руу орох гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэр солонгос захиралтай байсан үеийн үйл ажиллагаанд буцааж оруулах гээд байгаа хэрэг.

-Хатуу зарчмын шаардла­гатай болгоно гэж ойлголоо?

-Тийм. Ерөөсөө хөрөнгө оруулалтын банк ямар байх ёстой байдаг уу тийм болгох юм. Аливаа төслийг авлаа, үзлээ, ашигтай төсөл байвал санхүүжүүллээ, ашиггүй бол цааш нь түлхдэг зарчмыг л оруулж байна. Энэ зарчмыг л бид хатуу барихгүй бол буруу юм руу ороод байгаа юм л даа.

-Байнгын хорооны хурал­­даан дээр Хөгжлийн банкны хуулийн шинэчилсэн найруул­гыг хэлэлцэх үеэр банк­ны тал зээлдэгчийн оффис руу нэвтрэх эрхтэй гэдэг сана­лын томъёоллыг унага­сан. Энэ заалтыг хасахыг та дэмжиж үг хэлж байгаа харагдсан. Тэр ямар учиртай юм байв?

-Зээлдэгчийн байр болон оффис өрөө рүү нэвтэрнэ гэсэн үг, үсэг байсан байх аа. Нэвтэрнэ гэсэн үг чинь өөрөө их хатуу үг. Ямар ч тохиолдолд аливаа нэгэн зөвшөөрөлгүйгээр тэр байр, сав руу дураараа орно гэсэн үг л дээ. Гэтэл ийм харилцааг зохицуулсан иргэний хууль нь байж байна. Тэгэхээр хууль нь байсаар байтал бид тийм жижиг эрхүүдийг өгөөд байж болохгүй л дээ. Дараагийнх нь заалтад бүх мэдээ, мэдээлэл, тайлан тэнцэл, шинжилгээ судалгаа бүх юмнуудыг нь авах эрх нь банкны байгууллагадаа байж байгаа юм. Магадгүй үүнийг далимдуулаад эрхээ хэтрүүлж болно шүү дээ. Бид тийм зүйл байлгаж болохгүй юм л даа. Зарчмынхаа дагуу явах ёстой.

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үеэр хууль санаачлагч нь татсан. Гишүүдийн хувьд дэмжих боломжгүй тул татаад авчих гэсэн шаардлага ч тавьж байгаа харагдсан л даа. Таны хувьд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг хуульд нийцүүл гэж хэлж байлаа. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам гээд орж ирсэн. Нэгдүгээрт, төмөр замын бодлого гэж гарсан. УИХ-аар батлагдсан энэ бодлогыг бид баримтлах ёстой. Нэгдүгээр үе шатад 1100 км, хоёрдугаар үе шатанд 900 км төмөр замыг барих, чиглэлүүдийг нь заасан тийм бодлого гарсан шүү дээ. Энэ бодлого дотор Зүүнбаян-Ханги гэдэг юм байхгүй. Тэр бодлогодоо өөрчлөлт хийгээд наад чиглэлээ оруулж ир гэсэн. Хоёрдугаарт, Зүүнбаян гэдэг маань өөрөө тодорхой хэмжээний жижиг суурин газар шүү дээ. Тэгвэл үүнийгээ нэгмөр Сайншанд болгочих гэсэн санал хэлсэн. Сайншанд төв суурин газар, мөн бид Сайншандын аж үйлдвэрийн том парк төлөвлөчихсөн байгаа шүү дээ. Бидний бодлого дотор зөв сууж орж ирэх ёстой гэсэн санаа. Экспортод бүтээгдэхүүнээ шууд гаргах бололцоотой цэгээс л бид гадагшаа гарцаа татъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх болол­цоог нь хангах гээд байгаа хэрэг. Тэр утгаараа бол дутуу оруулаад ирчихсэн асуудал байсан.

-Таныг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байхад буюу 2010 онд Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсан. Тэндээс эхлээд төмөр замын талаар нарийн, бүдүүн царигийн маргаан тасарсангүй. Бодлогыг нь гаргалцсан хүний хувьд юу хэлэх вэ. Сая орж ирсэн асуудал ч нарийн, бүдүүн царигийг нь УИХ-аар шийдүүлнэ гэсэн хэлбэртэй байлаа. Зарим гишүүд Засгийн газар өөрсдөө мэдээд нарийн царигаар оруулаад ирэхгүй яасан юм гэж шүүмжилж байна лээ?

-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Сангийн сайд Ч.Улаан хоёр надад үүрэг даалгавар өгсөн. Ингээд миний бие ахлаад тэр үед манай яамнаас гадна Үйлдвэр худалдааны яам, Эрчим хүчний яам, Ашигт малтмалын яамд нийлээд ажлын хэсэг байгуулаад явсан юм. Тэр ажлын хэсэг Монгол Улсын төмөр замын сүлжээ гэдэг зүйлийг тодорхойлж гаргаж байлаа. Хаана ашигт малтмал, хүн амын суурьшил их байна. Хаанаас бараа хаашаагаа зөөгдөх билээ гэдгийг тооцож байгаад сүлжээ гаргасан. Зүүн тийш Чойбалсан хүрэх, баруун тийш Хэнтий чиглэл рүү зам тавигдахаар тооцсон. Урагшаа ашигт малтмалын ордуудыг дагуулаад хэд хэдэн гарц байх сүлжээг гаргасан. Урагшаа гарах нь мэдээж Хятад улстай хиллэж байгаа гэдэг утгаараа нарийн төмөр зам байх юм байна гэж тооцож байлаа. 

-Яагаад?

-Шилжүүлэн ачилт гэдэг асуудал энд яригддаг л даа. Улс хоорондын төмөр замын хэлэлцээр байдаг юм. Энэ хэлэлцээрийн дагуу бол бараа бүтээгдэхүүн хүлээж буюу импортолж байгаа газар нь өөрийнхөө нутаг дэвсгэр дээр шилжүүлэн ачих боомтоо барина гэсэн дүрэмтэй. Тэр тохиолдолд хэрвээ бид Хятад руу түүхий эд гаргаж байгаа бол шилжүүлэн ачилт нь яалт ч үгүй тэдний газар дээр байх болчихоод байсан. Тиймээс шилжүүлэн ачих энэ ажлын байрыг Монгол дээрээ байлгая гэдэг утгаар нарийн байлгах нь зөв юм байна гэдэг зүйл гаргаж байлаа. Х.Баттулга сайд ирээд бүх зүйл өргөн байх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Засгийн газрын кабинетын шийдвэр гэсэн үг. Ингээд УИХ руу өргөн гэдгээрээ орж ирсэн юм. Тэгээд УИХ дээр үзэж байгаад бүтээгдэхүүн нь гадагшаагаа экспортлогдох гадагшаа гаргаж байгаа төмөр замын царигийг УИХ тухай бүрт нь дахиж авч хэлэлцэнэ гэсэн өгүүлбэр оруулсан. Тухайн үед нэлээд маргаан гарч байсан шүү дээ. Тийм өгүүлбэр оруулаад тухайн үедээ хаагаад явж байсан юм. Ийм л түүхтэй.

-Одоо нэг нам дангаараа шахуу төр барьж байгаа юм чинь маргааныг тасалчих боломжтой л юм биш үү?

-Сая Засгийн газраас жишээ нь царигийн асуудал орж ирлээ. Энэ царигийн асуудал гуравдахь асуудал болоод Засгийн газраас дахиж орж ирэх байх.  Тухай бүр УИХ авч хэлэлцэж шийднэ гэдэг үг, өгүүлбэр байгаа тохиол­долд УИХ дээр бас яригдаад шийдээд явах болов уу.

Ж.Баярсайхан