Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрдэнэсийн сангийн тухай асуудлыг хаалттай хэлэлцэж байна
2017.02.02

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрдэнэсийн сангийн тухай асуудлыг хаалттай хэлэлцэж байна

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы 2017 оны 2 дугаар сарын 2, 3-ны нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.

Өнөө, маргааш нэр бүхий 20 асуудал хэлэлцэхээс эхний хоёр асуудлыг хаалттай хэлэлцэхээр болсноо УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдлээ. Үүнд,

- Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал сэдвээр хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл

- Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл

гэсэн хоёр асуудлыг яг одоо хаалттай хуралдаж байна. 

УИХ-ын гишүүдийн өнөөдрийн ирц харьцангуй сайн буюу 87 хувьтай байна. Энэ нь УИХ-ын 76 гишүүнээс 67 нь байна гэсэн үг. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан, З.Нарантуяа нар УИХ-ын даргын захирамжаар АНУ-д нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 9 хүртэл томилолттой байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Занданшатар нар мөн захирамжаар Япон Улс руу нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 3 хүртэл томилолтоор явжээ. 

Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Засгийн газрын шийдвэрээр Европ тивд нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3 хүртэл ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Г.Солтан, Н.Оюундарь нар хоёрдугаар сарын 6 хүртэл орон нутагт ажиллахаар болжээ. Харин УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат хоёрдугаар сарын 8 хүртэл чөлөө авч, Д.Лүндээжанцан маргаашийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байна.