Нямдорж.Ц Нямбаатар.Х 2017.02.09 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Х.Нямбаатар: Бид хуулийг ингэж зөрчилтэй баталдаг байж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар одоогийн хүчин төгөлдөр үйлчлэж буй Агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн тодорхой заалттай зөрчилтэй заалт баталж байгаа нь буруу гэж үзэж буйгаа хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуув:

Хуулийн 6 зүйлийн 2-т хэсэгт "Цагдаагийн төв байгууллагын орон тооны дээд хязгаар, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар тогтооно" гэж байгаа Энэ заалт өнөөдөр хүчин төгөлдөр үйлчлэж буй Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дугаар зүйлтэй зөрчилж байгаа шүү Ц.Нямдорж даргаа. Түрүүнд Танд энэ тухай хэлэхэд "тэр хамаагүй" гэж хэлсэн.

Бид хуулийг ингэж зөрчилдөө гаргаад байж болохгүй. Тэгхэээр Агентлагийн эрхзүйн байдлын тухай хуулийн 9-р зүйлд хамаарахгүй гэсэн зохицуулалт хийхгүй бол хоёр  заалт зөрчилдөөд байна. 

Хуулийн ажлын хэсгийн дарга Ц.Нямдорж хариулав:

Энэ 2 заалт зөрчилдөхгүй ээ. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль нь ерөнхий чиглэлтэй,  бүх агентлагуудад үйлчилдэг. Эдгээр агентлагуудаас үүргийн хувьд тусгай зүйлс нь тэр хуульд байсан ч салбар зохицуулсан энэ хуулиар өөр зохион байгуулалт хийж болно. Энэ бол хуульд байдаг зохицуулалт.

Гол нь Цагдаагийн байгууллагын бүтцийн баталдаг асуудал байгаа юм. Бүтцийг Засгийн газар тогтоогоод, даргыг сайд томилдог байхаар эрх мэдэл өгч байгаа юм. Энэ нь тогтвортой байдлыг нь хангаж байгаа юм. Тэгэхгүй бол нэг сайд томилоод л тэр нь бүтэц өөрчилдөг болчхоод байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар санал хэлэв:

Цагдаагийн байгууллага агентлаг гэсэн статустай байгаа шүү дээ одоо хуулиар. Аль нэг эрх мэдлийг хэн нэгэнд өгөх тухай яриагүй. Харин энэ 2 хуулийн заалт хоорондоо зөрчилдөөд байна гэдгийг л хэлээд байгаа юм.