УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.01.19

Ц.Даваасүрэн: Үндсэн хууль, хүний эрхийг зөрчсөн заалтууд байх шиг байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.17/ Цагдаагийн албаны тухай шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

"Анхаарах ёстой зүйлүүдэд саналаа хэлж, зарим зүйлийг тодруулья. Энэ хуулийн төслийг батлагдаад хэрэгжилтээ хүлээж буй Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуультай уялдуулах ёстой байх.

Цагдаагийн албан хаагчийг албан тушаалд томилох явдлыг хэлэлцүүлгийн явцад эргэн харна биз. Заавал цагдаагийн албанд 20 жил ажилласан байна гэж хатуурхах уу гэдгийг анхаараарай. Хуулийн төсөлд хүний эрх, Үндсэн хуультай холбоотой хэд хэдэн зүйл байж магад гэж үзэж байна.

Тухайлбал, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас шаардлагатай гэж үзвэл холбогдох материалыг гаргуулна, устгаж болзошгүй эд мөрийн баримтыг шууд гэрт нь нэвтрэн орж авна, гар утсыг нь хурааж авна гэх зэргээр хуулийн төсөлд заасан байна. Хүний хувийн өмчийг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг. Тийм байхад шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдаагийн албан хаагч хүниий хувийн өмчид энэ мэтээр халдах юм уу?

Мөн зургаан цагаар баривчилна, 75 цаг бичиг баримтын эх хувийг авна гэх мэтчилэн нилээд хавтгайруулж хэрэглэж болох заалтууд ч хуулийн төсөлд орсон байна. Мөн хүний амь насанд хүрч болзошгүй тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно гэжээ. Ийм заалтуудыг хуульд тусгаж болохгүй болов уу. Учир нь цагдаагийн албан хаагч нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй болохоос биш хүний амь насанд аюул учрах байна гэж үзвэл буудчихаад байгаарай гэж цагдааг ажиллуулаагүй шүү дээ.

Цагдаагийн албан хаагч өөрийн баримт бичгээ үзүүлнэ гэдэг заалтыг уг хуулийн төсөлд хэвээр үлдсэн үү? Учир хуурамч цагдаагийн албан хаагч асуудал үүсгэсэн тохиолдол бий шүү дээ.

Шүүхээр нотлогдоогүй шалгагдаж байгаа гэмт хэргийн талаар улс төрийн зорилготойгоор шуугиан дэгдээдгийг хуулиар хоригломоор байна. Үнэндээ ноцтой гэмт хэрэгт халдаж чадахгүй л байна. Нэг хэсэг бөөн шуугиан болдог. Тэгж байгаад намждаг байдал ноёллоо."

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

"УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн болгоомжлол буй асуудалтай санал нэг байна. Урьд нь хуулиар зохицуулаагүй журмаар зохицуулдаг. Энэ нь зарчим тохиолдолд үйлчилдэг, зарим тохиолдолд үйлчилдэггүй.

Тиймээс цагдаагийн албыг хуульчилж, цагдаагийн албан хаагчийн хуулиар хүлээх чиг үүргийг маш тодорхой зааж өгсөн. Тухайлбал, таны хэлж буй хуурамч цагдаа бий болох вий, хуулиас давсан эрх хэрэгжүүлэх вий гэдгийг маш нарийвчлан зохицуулсан.

Хуулийн төслийн дөрөвдүгээр бүлэгт, Цагдаагийн албаны үйл ажиллагаа явуулах журам гэж орсон. Энэ бүлэгт “Цагдаагийн албан хаагч цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ өөрийн албан тушаал, цол, нэрийг хэлж, шаардсан тохиолдолд өөрийн албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэх зэргээр нарийвчлан заасан.

Ингэж хуульчлаагүйгээс болж цагдаагийн албан хаагч эрхээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн байна гэж үзээд өөрөө хариуцлага хүлээх тохиолдол бий. Цагдаагийн албан хаагчийн үйлдэл бүрийг хуульчилж байна."