Болд.Л Энхболд.М Нямдорж.Ц 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Цагдаагийн генерал цол: Олгох нь зөв үү?

Цагдаагийн генерал цол: Олгох нь зөв үү?
УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд ажлын хэсгийн ахлагчаас асуусны дүнд цагдаагийн генерал цол байх ёстой, ёсгүй талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. 

Л.Болд: Дарга нарт зориулсан хуулиуд гарч байна

Хуулийн төсөл хоёр асуудалд чиглэх ёстой.

Нэгд, Хүнд хүчир үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ёстой. Энэ бол маш чухал асуудал.

Хоёрт, Цагдаагийн албан хаагчид төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт халдлагад өртөх, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх юм бол ердийнхөөс хатуу шийтгэл ногдуулдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу үүрэг гүйцэтгэх боломжоор бүрэн хангах ёстой.

Гэтэл оруулж ирсэн төслийг харахаар үндсэн цалин, нэмэгдэл, цолны цалин гэх мэтээр нийгмийн баталгааг хангахын хажуугаар дарга нарт зориулсан хууль болчихоод байна.

1990 онд Ардчилсан хувьсгал ялж, Монгол Улс иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд зөвхөн өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчин нь цэргийн байгууллага байна. Цэргийн байгууллагад иргэд алба хаадаг. Цэргийн байгууллагад алба хаагч буй хүмүүсийн зэрэг, цолыг тусдаа хуулиар зохицуулж ирсэн. Тэд бол тушаалаар эх орноо хамгаалах үүрэгтэй.

Тэгвэл өнөөдөр батлагдан гарч буй хуулиуд уг агуулгыг гуйвуулж байна. Саяхан Монгол Улсын хилийн тухай хууль батлагдсан. Хил хамгаалах нь чухал гээд хууль батлагдсан. Үр дүнд нь олон генерал төрсөн. Зэвсэгт хүчнээс тусдаа хилийн цэрэг байна гэж хуульчилсан.

Үүний дараа УИХ-аар эцсийн хэлэлцүүлгээр орох Гамшгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэрлэж болох юм. Уг хуулийн төсөлд Онцгой байдлын албан хаагч нь Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцас, цэргийн цолтой байна. Онцгой байдлын байгууллагын дарга, тэргүүн дэд даргад цэргийн дээд цол олгоно гэж заасан байдаг.

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл мөн ялгаагүй. Цагдаагийн албан хаагчийн дээд цол нь цагдаагийн генерал, цагдаагийн дэслэгч генерал, цагдаагийн хошууч генерал гэх зэргээр оруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуульд заасан албан тушаал, цол олгоно гэжээ.

Мөн Дотоодын цэргийн тухай хуулийг өнөө, маргаашийг хэлэлцэхээр яаруулж байна. Ингээд харахаар гадагшаа биш дотроо байлддаг зэвсэгт хүчинтэй, цэрэгтэй болох гэж байна шүү дээ. 1990 оноос өмнөх цэргийн дэглэмтэй улс болох нь.

Яг л Гитлерийн Герман шиг. Тэр үед байсан бүх тогтолцоо Монголд бий болгож байна. Гэхдээ Гитлерийн Германаас авах зүйл нь бий. Ядаж генерал цолыг цагдаатайгаа хольдоггүй байсан.

Иргэний байгууллагууд байсныг тушаал гүйцэтгэдэг байгууллага болж хувирах нь. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдэл гэж ярьдаг атлаа энэ хуулиудад хуучин тогтолцооны асуудлыг тусгаж өглөө.

Энэ бүх цэргийн байгууллагууд эргээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн цол авдаг болох нь. Ингэснээр цэргийн дээд цолтой Ерөнхийлөгчийн засаглалтай парламентын холимог тогтолцоо руу улам бүр ойртож байна.

Ц.Нямдорж: Цагдаагийн генерал цолтой байх нь зөв гэж Ж.Энхбаяр үзээд байгаа юм л даа

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж

Л.Болд гишүүн саналаа хэллээ гэж ойлголоо. Цагдаагийн генерал гэдэг цол дэлхийн 40-өөд оронд бий л дээ. Үүн дотор Европын улсууд ч хамаарна. Тиймээс цэргийн генерал гэдэг ойлголтоос холдуулахын тулд цагдаагийн генерал гэдэг цолыг шинээр бий болгож байгаа юм.

Үүнийг Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зөв гэж үзэж байгаа. Та ч бас Батлан хамгаалахын сайд байсан хүн. Үүнийг зөв гэж үзэж байна гэж ойлголоо.

Хилийн цэрэг бол цэргийн албан хаагч, эдгээр албан хаагчдад генерал олгодог байсан. Үүнийг л сэргээж байгаа юм. Тусгаар тогтносон улс хэдэн генералтай болоход буруудаад байх юм юу байхав. Үүнийг Гитлерийн Германтай харьцуулах хэрэггүй.

Тодруулга: УИХ-ын гишүүн Л.Болд:

Цагдаагийн байгууллага улс төрийн байгууллага болж хувирч байна. Тушаал биелүүлдэг. Хоёр долоо хоногийн дараа хорооны дарга нарын сонгууль болох байтал үүнээс өмнө ажлыг нь булааж авч байна. Ингэхдээ хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа нь дагаж очиж, ажил булааж авахад нь оролцоод байна. Энэ бол хэв журмын зөрчил биш. Үүнд цагдаа үүрэг гүйцэтгэх шаардлагагүй. Яагаад гэхээр дээрээс тушаал өгсөн гэж тайлбарладаг.

Ардчилсан намаас сонгогдсон хорооны дарга нарын ажлыг булааж ав гэсэн тушаал өгсөн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл цагдаа нар улс төрийн үйл ажиллагаанд оролцож байна. Цагдаад энэ хуулиар ийм үүрэг ногдуулаагүй байлгүй дээ гэж найдаж байна. Энэ бол байж болохгүй асуудал. Үүнийг цагдаагийн дарга нар анхааралдаа аваарай.

М.Энхболд: Цагдаагийн генерал цол бий болгож байгаа нь сайн зүйл биш дээ

УИХ-ын дарга М.Энхболд

Цагдаагийн генерал гэж цолыг шинээр бий болгож байгаа нь тийм ч сайн зүйл биш дээ. Цаашид Онцгой байдлын генерал, тагнуулын генерал цолтой болох эхлэлийг тавьчихаж байгаа юм.

Яваандаа генерал цолны үнэ цэнийг алдагдуулж, салбарын генерал бий болгох эхлэлийг Монголд тавьж байгаа хэрэг. Цэргийн дээд цол гэдэг утгаараа Ерөнхийлөгчийн зарлигаар олгоод явах нь зөв.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn