Баасанхүү.О 2017.02.16 | Сонин: Үндэсний Шуудан

О.Баасанхүү: ”Эрдэнэт”-ийг барьцаалж хоёр тэрбум ам.доллар зээлэхийг би зөвшөөрөхгүй

О.Баасанхүү: ”Эрдэнэт”-ийг барьцаалж хоёр тэрбум ам.доллар зээлэхийг би зөвшөөрөхгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Намрын чуулган өндөрлөлөө. Чуулганы үр дүнгийн талаар АН, МАН-ын гишүүд янз бүрээр байр сууриа илэрхийлж байгаа. Таны хувьд энэ чуулган хэр үр бүтээлтэй болсон гэж дүгнэж байна вэ?

-Намрын чуулганаар зарим нэг алдааг засч, гацаатай байсан асуудлуудыг шийдсэн. Ялангуяа нийгмийн чиглэлийн хуулиуд дээр амжилт гаргасан. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталсан. Та санаж байвал би өөрөө лобби бүлэг байгуулж энэ хуулийг идэвхтэй шахаж батлуулсан байгаа. Хүүхэд гаргасан эмэгтэйчүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмж тооцох зэрэг ээжүүдэд нааштай шийдвэр гаргасан.

Дээрээс нь тодорхой хэмжээгээр ахмадуу-дад хандсан бодлогын хуулиудыг хийлээ. Огт юу ч хийгээгүй гэж шүүм-жилмээргүй байна. Гэхдээ ард түмэн МАН-ын 65 хүнийг УИХ-д сонгохдоо эдийн засгаа сэргээгээсэй, хоорондоо маргалдалгүй нэг зүрх сэтгэлээр яваасай, зөв, буруу ямар нэгэн шийдвэр гаргаж Монгол Улсыг урагшлуулаасай гэж бодсон.

Гэтэл Ардын нам чинь өөрөө олигархижсан нам шүү дээ. Ний нуугүй хэлэхэд зарим залуучууд төрөөс хулгай хийж төрөөс төрсөн тэрбумтнуудын хүүхдүүд байгаа. Янз бүрийн хүмүүс байна. Энэ муу зүйлээ тавихгүй юм даа. Тэр утгаараа өнөөдөр эдийн засгийн таван асуудлыг шийдэх ёстой байтал бүгд дээр нь улстөржиж хөгжлийн хурдцыг удаашрууллаа.

-Эдийн засгийн таван асуудал гэдгээ тодруулахгүй юу?

-Тавантолгойг ямар нэгэн байдлаар шийдэх ёстой. Оюутолгойг Дубайн мөнгө төгрөг гэж хэлээд явуулахгүй байна. Гэтэл бид Оюутолгой, “Эрдэнэт”-тэй байхад татварынхаа мөнгөөр бараг тайван амьдарчих хүмүүс. Мөн Хөгжлийн банкны өр зээлийг төлөх боллоо. Зарим нэг нь шоу хийж улс орондоо хандив өргөе энэ тэр гээд яваад байна. Гэтэл Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс өрөө төлчих ёстой. МАН, АН-ын хэн нэгнийг би хэлээгүй. Зээлсэн хүн болгон Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх гэж байхад ядаж 200 сая ам.долларыг нь эх орон ч сэтгэлгээ гаргаад эд хөрөнгөө зараад ч болтугай төлчих хэрэгтэй шүү дээ. Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг нэгмөр шийдэх ёстой байсан. Улс орондоо нийгэмчилж авч байгаа бол хууль зөрчсөн хүмүүсийг нь шүүх, прокурор, цагдаа тогтоосны дараа шийдэх байтал хоёрдмол байдалтай болгочихсон. Ингэхээр магадгүй олон улсын маргаан эсвэл Цэцийн маргаан гэх мэт юм болох талтай байдлаар л явуулчихлаа. Төрийн банк өнөөдөр хоёр их наядын хөрөнгөтэй л гэж байна. Төрийн банк чинь “Зоос”, “Шуудан”, “Хадгаламж” банкыг нийлүүлсэн учраас дүрмийн сангийн хөрөнгө нүсэр байгаа. Энэ асуудлуудыг шийдэж чадахгүй хэт улстөржлөө. Эх орончид дэндүү олон гарч ирээд эх орон гэдэг нэрээрээ далимдуулж Монгол Улсынхаа хөгжлийг цааш явуулахгүй зодолдож, хатуухан хэлэхэд эрх мэдлийн төлөө улайрчихсан байгааг харах харамсмаар байна.

-Чуулганаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахаар шийдвэрлэж нэлээд дуулиантай хаалтаа хийлээ. Таны байр суурь ямар байсан бэ?

-“Эрдэнэт” дээр миний байр суурь их тодорхой. Би аль 2013 онд “Эрдэнэт”-ийг чинь зарах гээд байна шүү гэж Эрдэнэтийн иргэдэд хэлж байсан. Дараа нь 2016 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахлах зөвлөх Баабараас сонслоо гээд хэлж байсан. Баабар гуай ч хэлсэн юм биш л дээ. Тэгж хэлсэндээ би Баабар гуайгаас уучлал гуймаар байна. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдах гэж байгаа нь тодорхой байсан.

-Та яаж мэдсэн юм?

-Би УИХ-ын гишүүн хүн. Мэдээлэл дунд байгаа хүн шүү дээ. Бас Тусгай хяналтын дэд хорооны гишүүн байсан. Тэр утгаараа Ч.Сайханбилэгийг мэтгэлцээнд дуудаж байсан. “Ч.Сайханбилэгээ чи “Эрдэнэт”-ийн 49 хувийг зарах нь зөв гэж байгаа бол ард түмэн чамд оноо тавиг. Би Эрдэнэт хөгжлийн сан гэдэг хуулиа ярина. Чи ялах юм бол би УИХ-ын гишүүнээр дахин нэр дэвшихгүй” гэж дөрвөн удаа хэвлэлийн хурал хийж, хугацаа сунгалаа гэсээр сонгууль болсон. Зургадугаар сарын 11-нд би “Эрдэнэт”-ийг чинь зарчихсан шүү гээд явж байтал зургадугаар сарын 13-нд нууц тогтоол болгочихсон. Төрийн нууц задалж чадахгүй учраас дахиж энэ сэдвээр яриагүй. Су.Батболд, Цогоо зэрэг хүмүүс аймаар том схем тавиад “Эрдэнэт”-ийг Хятадад зарчихсан Худалдаа хөгжлийн банкны 98 хувь нь Хятадынх гэж яриад тухайн үедээ савалгаа үүсгэсэн. Эрдэнэтийн иргэд ч Ардын намд бүх найдвараа өгсөн. Энэ савалгаа надад сайнаар нөлөөлөөгүй. Би чуулганы анхдугаар хуралдаан дээр “Эрдэнэт”-ийн 49 хувь нь 51-ээсээ илүү гэдэг 268 тоот тогтоол гаргачихжээ. Хувийн компани нь улсаасаа илүү гэж байгаа учраас энэ буруу гэж мэдэгдсэн. Ингэж байж 268 тоот тогтоолыг хүчин-гүй болгосон. Үүний дараа Хууль зүйн байнгын хорооноос Ажлын хэсэг гар-сан. Ажлын хэсэг гацаад байхаар нь шаардаж ч байлаа. Ингээд л бүх юм явж байгаа.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг улсад авах УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулж хоёр янзын байр суурь яваад байгаа. Нэг хэсэг нь Оросод байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчирсан хувийн компаниас өмчийг нь УИХ тогтоол гаргаад төрд авсан нь буруу гэж байна. Зарим нь хууль зөрчсөн бол авах нь зөв гэдэг. Таных хувьд?

-Монголын ард түмэн хууль зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг дээр 100 хувь санал нэг байгаа. Хууль зөрчсөн байна гэдгийг тогтоолгуулахаар тухайн үед би Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалантай очиж уулзаад мэдэгдэл хийж байсан. Ц.Элбэгдоржийг барьж шоронд хийх хэрэгтэй гэсэн гарчиг өгсөн байна лээ. Гэхдээ би тэгж хэлээгүй л дээ. Өнцгөөрөө бол наад Ерөнхий прокурор чинь хүртэл ажиллахгүй юм биш биз дээ гэж хэлж байсан. Учир нь хуулийн байгууллага ажиллах ёстой. Ажиллахгүй бол солих ёстой. Ийм л зарчимтай шүү дээ. Тэгээд материалуудаа бэлдээд өгөх гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд материал өгчихсөн байсан. Бүхэл бүтэн Хууль зүйн сайд материал өгчихсөн байхад өөрийгөө рекламдах гол биш шүү дээ. Ингээд асуудлыг шийдье гэтэл энэ асуудал алга болсон. Хэн ч үүнийг дурсаагүй, нэхээгүй. Би бараг өдөр болгон шахуу нэхэж байсан.

-Нийслэлийн прокуророос “Эрдэнэт”-ийн асуудалд хууль зөрчсөн гэх зүйл байхгүй байна гэсэн хариу өгсөн юм биш үү?

-Нийслэлийн прокуророос хохиролгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Би өмгөөлөгч байсан хүний хувьд хэлэхэд давж заалдах ёстой байсан. Яагаад хуулийн байгууллагаар явахгүй байна гэхээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Прокурор нь 20 хоногийн дараа бичгээ өгсөн учраас даваагүй юм байна. Аргагүй” гэсэн сонин зүйл яриад байгаа юм. Монгол Улсад нэг л хууль үйлчилдэг. Гар дээрээ авсны дараа 14 хоногийн дотор давна гэдэг болохоос биш гарснаас хойш 14 хоногийн дотор давна гэж хуульд байхгүй. Ямар нэгэн бичгийг прокурор зөв ч шийдэж болно, буруу ч шийдэж болно. Дээд шатны прокурорт нь хандаад бүх шатаа дуусгангуутаа тэр прокуроруудынхаа асуудлыг ярих ёстой байсан. Гэтэл харамсалтай нь тэгээгүй. Тийм учраас даваагүй гэдэг чинь хүлээн зөвшөөрсөнтэй адил болчихож байгаа юм. Давж заалдах боломжоор хангаагүй. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд хатуухан хэлэхэд хууль зөрчсөн үйл ажиллагааны араас яваагүй.

-Тэгэхээр УИХ-ын тогтоол алдаа дутагдалтай байсан гэж хэлэх гээд байна уу?

-Би мэргэжлийн хүний хувьд энэ тогтоолыг гурван асуудлаар шүүмжлээд байгаа. Шүүмжлэхээр Ц.Нямдорж “Тодорхой саналаа бичгээр өгчих оруулъя” гэдэг. Нэгмөсөн батлахаар дэг оруулж байгаа болохоор хэдийд нь тэр саналаа өгөх юм. Тогтоол орж ирэхээр хэлэлцэх эсэхээ шийдээд анхдугаар болон эцсийн хэлэлцүүлгээр ороод ядаж тогтоолоос асуултаа асуусны дараа дэмжсэн, дэмжээгүй зургаан хүн үг хэлдэг ийм л хуультай биз дээ. Шууд ингээд ард түмэндээ хайртай гэдгээ бид албан ёсоор нотоллоо гээд өгчихөөр чинь засах боломжгүй болчихож байгаа юм. Ажлын хэсгийн оруулсан саналыг шууд Хууль зүйн байнгын хороонд оруулангуутаа ямар ч горимын болон зарчмын санал авахгүйгээр шууд УИХ-аар оруулаад шийдэж байгаа энэ үйлдэл харамсалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-аас гарсан Ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-аар оруулж шийдүүлэх ёстой. Гэтэл сайжруулах боломжийг УИХ-ын гишүүдэд өгсөнгүй. Хуульзүйн байнгын хороонд 19 гишүүн байдаг. Бусад Байнгын хороодын гишүүд энэ асуудалд зарчмын болон саналын зүйл ярьж чадаагүй. Зөвхөн ажлын хэсгийн гишүүдийн оруулж ирсэн тогтоолоор нь Хуульзүйн байнгын хорооны тогтоол болгоод баталчихсан нь дэндүү яаруу байна уу гэж харж байгаа. Нөгөө Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, Ца-гаан сараас өмнө ард түмэндээ хайртай гэдгээ нотоллоо гэж харж байгаа. Би бол энэ тогтоол Арбитр болон янз бүрийн газар очиж хэл аманд ороод хүчингүй болоосой гэж хүсэхгүй байгаа.

-Сайжруулах ёстой, шүүмжлэлтэй зүйлс гэдгээ тодруулбал?

-Жишээ нь 400 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банк нь Оросуудад өгчээ. Хулгайлаад авсан уу, хувиас авсан уу хамаагүй. Хэрвээ төрд тэр 49 хувийг авах бол Худалдаа хөгжлийн банкинд мөнгийг нь өгөх ёстой юу гэсэн асуулт гарна. Манай МАН-ынхан тайлбарлахдаа “Өгөх ёсгүй. Яагаад гэхээр Монголбанк, Хөгжлийн банк гэсэн хоёр эх үүсвэрээс мөнгө авсан байна. Хөгжлийн банкнаас авсныг яагаад өгөх ёсгүй вэ гэхээр хууль бус хөрөнгө барьцаалсан, бараг халхавч хийсэн учраас тэндээс суутгана. Мөн Монголбанк зээл өгөх ёсгүй байсан. Монголбанк ямар нэгэн зээл өгсөн нь хууль бус учраас эндээс суутгана” гэж байна. Гэтэл тэдгээр нь нэгдүгээрт нь 400 сая ам.доллар хүрэхгүй. Хоёрдугаарт, Монголбанк зээл өгөх ёсгүй нь үнэн. Тодорхой банкинд мөнгө байршуулдаг юм. Тухайлбал, “Голомт” банкинд мөнгө байршуулаад “МСS”-д баахан мөнгө өгчихсөн байдаг. Худалдаа хөгжлийн банкинд мөнгө байршуулаад тэрийг нь “Монголын зэс корпораци”-д өгөөд нөхдүүд 49-ийг авчихсан. Ижилхэн авчихсан байгаа биз. Тэгэхээр одоо зээлийн гэрээ гэж үзэж байгаа юм бол “МСS”-д өгсөн мөнгийг ч бид “МСS”-ийн хөрөнгөөс суутгахаас өөр аргагүй болчихож байна. Өнөөдөр тодорхой банкуудад Монголбанк долларын хүүг буулгах зорилгоор мөнгө байршуулдаг, тодорхой хэмжээгээр зузаатгал хийдэг. Энэ чинь өөрөө тодорхой болгох асуудал юм. Хөгжлийн банкны асуудлыг халхавчийн гэрээ гэвэл энэ чинь гэмт хэрэг. Эсвэл худлаа барьцаа байна гэвэл иргэний маргаан болчихно. Хөгжлийн банк зээл өгч болно. Төмрийн үйлдвэрт өгсөн мөнгийг тэндээсээ ийшээ өгсөн гээд яриад байгаа юм. Шууд механикаар шийдэж байна л даа.

-МАН бүлэг дээрээ улстөрийн шийдвэр гаргаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан гэж Бүлгийн дарга нь хэлж байсан. Ийм яаран түргэн хийх шалтгаан нь юу байсан талаар танд таамаг байна уу?

-Яг одоо бол таахад хэцүү байна л даа. Би зарчим дээрээ 49 хувийг хууль бусаар авч байгаа бол хууль бусаар авч байгааг нь нотол. Нотлохын тулд ажиллахгүй байгаа хуулийн байгууллагууд байвал түүнийг нь соль. Хууль бус орлогыг улсын орлого болгодог шүү дээ. Ингээд албан ёсоор хууль бус болох нь ингэж тогтоогдсон гээд олон улсад хандаад л шийдчих ёстой байсан. Ингэж түргэвчлэн шийдэж байгаа үйлдлийг харахаар ард түмэнд л таалагдах гэсэн байх.

-Таны хувьд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах тогтоолын санал ху-раалт дээр эсрэг санал өгсөн байх аа?

-Зарим хүн “Эрдэнэтэд чи яаж очно оо” гээд байгаа юм. Яасан гэхээр “Та эрдэнэтчүүдийн эсрэг кноп дарчихсан байна” гэдэг. Тэр кноп ямар ч нөлөөгүй кноп юм. Би Эрдэнэтийн иргэддээ хоёр санал тавиад УИХ-ын гишүүн болсон. Өөрөөр хэлбэл эрдэнэтчүүд хоёр юм хүсээд байгаа юм. Нэгдүгээрт, эрдэнэт үйлдвэр хаагдах гээд байна уу хаагдлаа гэвэл хэзээ хаагдахыг мэдмээр байна. Хоёрдугаарт, хаагдвал тэнд байгаа хүмүүс яаж амьдрах юм. Америкт хүртэл үйлдвэр түшиглэсэн муж бүхлээрээ дампуураа биз дээ. Түүн шиг үйлдвэр түшиглэсэн хот 10, 20 жилийн дараа дампуурна. Баяжмал нь багасаад дээрээс нь шахаа нь дийлдэхээ болиод байгаа.

Та нар боддоо “Метипас” гэдэг эмнэлэг байгаа. Энэ “МСS”-ийн барьсан “Интермед” гэж эмнэлэг байгаа. “Интермед”-д та нар орж үзсэн байх. “Медипас” тэрнээс бараг гурав дахин муу эмнэлэг. Гэхдээ үнийн дүнгээрээ хамаагүй их. Хамгийн инээдтэй нь хувийн компанид менежментээр өгчихсөн. Хэний зөвшөөрлөөр өгөөд байгаа юм. Би энэ дээр нь АТГ өргөдөл өгчихсөн байгаа. Тэгэхээр “Эрдэнэт хөгжлийн сан” гэдэг хоёр талаасаа 100, 100 сая ам.доллар аваад сан байгуулъя. “Эрдэнэт” үйлдвэр хаагдахад хоёр тэрбум ам.доллараар дахиад үйлдвэр байгуулъя л даа. Энэ хуулиа би өнгөрсөн аравдугаар сарын 4-нд УИХ-ын Тамгын газар өгөөд арванхоёрдугаар сард өргөн барьсан. Одоо гацчихаад суугаад байна. Энэ хуулийг батлуулахын төлөө явна. Тэрнээс биш 49 хувийг ард түмэндээ өгнө гэж Су.Батболд буюу Ардын нам хэлсэн. 65-уулаа болсон одоо шийд л дээ. Харин “Эрдэнэт” жилд 700 сая ам.долларын борлуулалт хийдэг. Энэ борлуулалтын хөрөнгийг барьцаалж гаднаас хоёр тэрбум ам.доллар зээлэх гэж байвал би зөвшөөрөхгүй. Эрдэнэтчүүдийн амьдралаар тоглохыг би зөвшөөрөхгүй гэсэн үг. Иймэрхүү олон юм байгаа.

-“Ростех” компанийн  захирал Ерөнхий сайдад захидал явуулсан байсан. Түүгээр бол УИХ-ын тогтоолын талаар цаашаагаа Арбитрын шүүхэд хүртэл хандах юм биш үү?

-Мэдээж явах л байх. Яваад ч үр дүнгүй гэж зарим нь харж байгаа. Нөгөө хэсэг нь тэр компанийн захирал бид хоёр юу мэддэг юм гэж ярьж байсан. Гэхдээ УИХ-ын гишүүний хэвлэл мэдээлэлд гарсан аливаа мэдээлэл нь нотлох баримтын шинжээр олон улсын шүүхэд явдаг учраас би хамаагүй тайлбар өгмөөргүй байдаг юм. Миний зөв эсвэл буруу гэсэн дүгнэлт олон улсын аливаа шүүх дээр очиход нотлох баримтын байдлаар аль нэг тал нь ашиглах боломжтой байдаг учраас хатуу байр суурь илэрхийлэх нь зохисгүй гэсэн үг. 

-Ерөнхийлөгчийн сонгууль энэ жил болно. МАН, АН-аас тодорхой хүмүүсийн нэр дуулдаж байгаа. Харин танай нам чимээгүй л байгаад байх шиг?

-МАХН нь улс төрийн гуравдагч хүчин мөн юм бол ямар нэгэн шийдвэр гаргах ёстой. Бид АН, МАН-тай хамтрах эсвэл өөрдсөө хүн дэвшүүлье гэдэг байр сууриа бэхжүүлэх ёстой гэж би өмнө нь ярьж байсан шүү дээ. Намын дарга бол “Үүнийг яг одоо шийдэх арай болоогүй байна. Цаг хугацаа байна. Яахав ойлгож байна. Гэхдээ шууд АН эсвэл МАН эсвэл дангаараа гэж болохгүй байна. Улс төрийн нөхцөл байдлаа харъя” гэж байгаа. Манай МАХН-ын дүрэм гэж байгаа. Дүрмээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд бусадтай хамтрах эсвэл дангаараа хүн дэвшүүлэх бол Бага чуулган шийддэг. Гуравдугаар сар гаргаад би Бага чуулганыхаа гишүүдтэй уулзаж ажлынхаа тайланг тавина. Нам дотроо одоо улс төрийн хамгийн өндөр албан тушаал хашиж байгаа гишүүн нь би шүү дээ. Бага чуулганы гишүүдтэйгээ уулзаж улс төрийн нөхцөл байдал, МАН, АН-ын ааш авир ямар байгаа талаар ярьж бид байр сууриа нэгтгэнэ. Дүрмээрээ хэрвээ дотроосоо гуравны нэг нь Бага чуулганаа хуралдуулах ёстой гээд санал гаргах юм бол Бага чуулганаа товлоод цаашаа явах байх. Энэ бол ямар нэгэн гүйцэтгэх товчоо намаас хамаардаг асуудал биш гэж би ойлгож байгаа. Тэгээд ч Бага чуулганыхаа гишүүдийн нэр, тоо бүгдийг нь гаргачихсан байгаа.

-Тэгэхээр Бага чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх асуудлаа шийдэх юм байна гэж ойлголоо. Гэхдээ гадуур тухайлбал, С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшээч гэж урьсан гэх мэт яриа мэдээлэл гарч байна?

-Би баталгаатай хэлье. УИХ-ын гишүүн байсан С.Ганбаатар надтай утсаар ярьсан. Хоёр зүйлийг баттай ойлгосон. С.Ганбаатарыг манай намд орооч гэдэг саналыг Н.Энхбаяр дарга тавиагүй юм байна. С.Ганбаатар ч манай намд оръё  гэдэг юм уу орох ёстой гэдэг ямар нэгэн зарчмын санал тавиагүй. Зарим хүмүүс надаас “Баасанхүү гишүүнээ та 45-тай юу” гэж асуудаг юм. Би нэг зүйлийг баталгаатай хэлнэ. Монголын төрийн тэр дундаа Ерөнхийлөгчийн босго өндөр байх ёстой. 45 хүрсэн эсвэл олны танил хүнийг ч дэвшүүлэх юм биш. Олны танил гэх юм бол хошин урлагийн жүжигчдээс илүү олонд танигдсан хүмүүс ховор байх. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр ядаж хоёр буюу түүнээс дээш удаа гишүүн болчихсон. Үгүй юм гэхэд сайд байсан Монгол төрийн ёс, жаяг, хар хайрцагны бодлогыг мэддэг хүн дэвших ёстой гэж боддог. Жишээлбэл, би Л.Эрдэнэчулуун гуай шиг хүн байх ёстой гэсэн. Яагаад гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад, дотоод эв нэгдэл гэсэн хоёр бодлогыг барьдаг юм. Тэгэхээр геополитикийн талаар өнөөдөр Монголд Л.Эрдэнэчулуун, Гомбосүрэн гуай шиг нэг номерийн хүмүүс үнэндээ ховор байна. Мэргэшсэн дипломатч, улстөрчид ховор байна. Өөрийнхөө сэтгэлийн хөөрлөөр НҮБ-д шууд очоод “Бид төвийг сахисан улс болно” гээд ярьдаг бол хэрэггүй шүү дээ. УИХ нь ч, өөрөө ч эвгүй байдалд ордог. Шууд “Бид цаазын ялгүй улс болчихсон” гэж яриад байвал хэцүү биз. Энэ чинь Монгол Улсын нүүр царайг ямар харагдуулах уу. Мэргэжлийн дипломатч хэзээ ч ийм алдаанд хүргэдэггүй юм. Эсвэл улс орон дотроо олондоо хүндлэгдсэн тийм хүмүүс байх ёстой. Би хүн дэвшүүлэх эрхтэй биш. Бага чуулганд эрх нь байгаа. Бага чуулган өнөөдөр хуралдаад дангаараа сонгуульд орно гэдэг юм гэхэд янз бүрийн нэрс оруулаад явна. Хамтарнаа гэвэл Бага чуулганаараа АН-аас ямар санал, МАН-аас ямар санал тавих юм гэдгээс хамаараад тэдний хүн бас бидэнд таалагдах юм уу гэдгийг харна. Тийм байдлаар л ярих байх.

-Та намаа солих тухай бодож байна гэсэн байсан?

-Бид улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй бол яаж энэ намд суух юм бэ гэж хэлсэн шүү дээ. 2017 онд дээр дурдсан гурван саналын алийг ч тавихгүй, намын дарга Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юм бол хэн ч дэвшихгүй гэж ярих юм бол улс төрийн нам гэж ярих уу.

-Чуулганы хуралдаанд идэвхтэй суудаг гишүүдийн нэг нь та. Мөн хуралдаанд хайхрамжгүй ханддаг гишүүд ч цөөнгүй бий. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Зарим УИХ-ын гишүүдээ, ялангуяа залуу гишүүдээ хараад санаа зовж л байдаг юм. Хуралд суухгүй гишүүн бол хэцүү шүү дээ. Би “Кнопоо та нар дарахгүй байна, хүний кноп дараад байна” гээд хэл ам таталдаг. Миний хувьд тэгж болохгүй ээ.  Жишээ нь, “Залуу малчдын хөдөлгөөн” ч гэх шиг юм яриад уриалга тавиад тэд нь ажлаа хийнэ биз дээ. Хуралдаа суу л даа. Энэ чинь ажил юм чинь суух ёстой биз дээ. Гадаад, дотоод томилолттой, хувийн асуудал байж болно. Энэ үед л тодорхой чөлөөгөө аваад яв л даа. Мөн заавал хуралд орж суух албагүй, зурагт, интернэтээр чуулган харагдаж байгаа. Дэмжиж байгаа санал дээрээ үгээ хэлээд явж болно. Гэтэл байхгүй хүмүүсийн кнопыг дараад байдаг. Зарим нь хүний сандал дээр суучихаад өөрийнхөө кнопыг дарж ч байх шиг. Хүний кнопыг аль хэдийн дарчихсан. Тэгээд “Би хүний кноп дараагүй өөрийнхөө кнопыг дарах гээд суначихсан юм” гэж онигоонд орох хэрэггүй.

-Та Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьж батлуулсан. Гэхдээ зарим хүн сурын харвааны цолыг нэмэх гэж л оруулсан хуулийн төсөл гэсэн үг хэлж байсан?

-Нэг, хоёр, гуравдугаар байр гэж байя. Ганцхан нэгдүгээр байр гэж яриад яах вэ гэсэн санаа. Морин дээр гэхэд зургаан насаар тооцоход 30 хүн шагнуулдаг. Бөх бөөнөөрөө. Сур дээр эрэгтэй, эмэгтэй хоёрхон хүн шагнуулдаг. Ядаж гурав болгоё л доо. Ийм л санаагаар хийсэн. Ер нь хамгийн шударга спорт юм билээ. Начны найраа гээд бүгдээрээ яриад байгаа биз дээ. Сурын харваа бол нийтийн өмнө харваад олон оносон нь түрүүлнэ. Шударга байна гэдэг золиос хүртдэг гэдэг шиг дэмжихгүй байгаад байсан.

-Бас үзэгч муутай байна л даа?

-Үзэгч муутайдаа биш ерөөсөө хөгжүүлээгүй. Морь дээр уяачид эрчүүд, бөх зуун хувь эрчүүд. Гэтэл сур дээр эрэгтэй, эмэгтэй гээд албан ёсоор зарлачихсан. Өнөөдөр эрийн гурван наадам дээр энэ нь орхигдсон байна. Би өөрөө ч санаачилсан юм биш сурын холбооныхон хүсэлт тавьсан учраас санаачлагчаар орсон юм.

Ж.Баярсайхан