Авто машиныг ОАТ-аас чөлөөлөхийг дэмжсэнгүй
2017.04.12

Авто машиныг ОАТ-аас чөлөөлөхийг дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна.

Ингэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ирүүлсэн “Хос тэжээлт авто машин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг авто машин, цахилгаан тэжээлт авто машины ОАТ-ыг хөнгөлөх” санал олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр эл санал мөн дэмжлэг авч чадалгүй унасан юм.

Хос тэжээлт авто машин шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинд 50 хувийн ОАТ тогтосноор энэ онд 32.3 тэрбум төгрөг төсөвт төвлөрөх аж.

Мөн гадаад, дотоод улс дахь хадгаламжийн хүүнд татвар ногдуулахгүй байх санал байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй уналаа.

Хэлэлцүүлгийн үеэр хөндсөн нэг асуудал нь төр аж ахуйн нэгжүүдээр ажлаа хийлгэчихээд мөнгийг нь өгөхгүй хэдэн жилээр луу унждагаас болж, банкны зээлээ төлж чадахгүй хүнд байдалд орж буй тухай байлаа.

Сангийн яамнаас өгсөн тайлбараар бол Засгийн газар байгуулагдсан даруйдаа энэ асуудалд анхаарч, аль болох гүйцэтгэлд нь тааруулан мөнгийг нь барагдуулах талд ажиллажээ. Өнгөрсөн онд 91.8 хувиар асуудлыг шийдсэн гэв. 2017 оны төсвийн тодотгол дахь сайд нарын зардал нэмэгдсэн гэдэг нь зарим талаар хийсэн ажлынх нь төлбөрийг төлөхтэй холбоотойгоор орж ирсэн зардал гэдгийг ч тодотголоо.

Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан нарын тайлбараар бол “Сангийн яам асуудлыг шийдлээ гэдэг. Бодит байдал дээрээ мөнгөө авч чадахгүй байна гэсэн өргөдөл гомдол тасардаггүй аж.

Жишээ нь Цэргийн төв эмнэлгийн барилгыг барьж дуусгаад ашиглалтад оруулсан байтал төрөөс мөнгөө авч чадалгүй хоёр жил болж байна, шийдэж өгнө үү гэсэн өргөдлийг Батлан хамгаалахын сайд нь барьсан явж байсан аж. Энэ мэтчлэн ажил зөвхөн барилгаар зогсохгүй авто замд ч олон байгаа гэсэн асуудал хөндөгдлөө.

Иймээс энэ асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай гэсэн юм.

Мөн шийдэхээс аргагүй болсон асуудал нь хугацаа хэтэрсэн зээлийг яаралтай шийдэх ёстой гэнэ.

Одоогоор хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 900 тэрбумд хүрсэн бол найдваргүй болсон зээлийн хэмжээ 1.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй аж. Үүний дийлэнх нь Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбогдож байна.

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.