Д.Очирбат: Элэгний С вирусыг устгаж, хорт хавдрыг эмчлэхэд АНУ-тай хамтарна
2017.03.23

Д.Очирбат: Элэгний С вирусыг устгаж, хорт хавдрыг эмчлэхэд АНУ-тай хамтарна

Ч.ҮЛОЛДОХ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай ярилцлаа.

-Монголын парламентын бүлгээс АНУ-д айлчлах үеэр Стэнфордын их сургуульд хийсэн эрдэмтдийн хэлэлцүүлэгт та оролцож, илтгэл тавьсан юм байна. Тэнд ямар асуудлыг дэвшүүлэв? 

-УИХ-аас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлахдаа элэгний хорт хавдар, хатуурал, нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирусын голомтыг таслан зогсоох “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бэхжүүлэх олон ажлыг шат шатанд анхаарч байна.

Үүний нэг нь Америк,Монголын хоорондох хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой айлчлалыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Эрүүл мэндийн яам, Оном сан хамтран энэ сарын 2-12-нд хийсэн. Надад Стэнфордын их сургуулиас урилга ирсэн юм. Монголын парламентын бүлэг Стэнфордын их сургуульд ажиллахдаа эм үйлдвэрлэгч компаниуд, энэ чиглэлээр ажилладаг 50 гаруй эрдэмтэнг урьж том хэлэлцүүлэг зохион байгуулсан.

АНУ-ын ерөнхийлөгч асан Herbert Clark Hoover-ийн нэрэмжит Стэнфордын их сургуулийн анхны байгууламжуудын нэг Синна Холлын Окимото хурлын танхимд болсон энэ хэлэлцүүлэгт миний бие “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын асуудлууд, өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьсан. Илтгэлийн дараа оролцогчид өндөр сэтгэгдэлтэй үлдлээ.

Эмч хүний хувьд би эндээс явахдаа нэг бодол өвөрлөж явсан нь элэгний С вирусын өвчлөлийн тухай байсан юм. Элэгний С вирус хэдэн жилийн дараа D вирус болж, цаашлаад хавдрын өвчлөл үүсгэдэг. Хавдраар өвчилсөн хүмүүсийн ирээдүй ойлгомжтой. 20-30 мянган ам.долларын асар үнэтэй тариануудыг хийлгэдэг ч найдвар тун бага явж ирсэн. Иймд энэ асуудалд эрдэмтдийн анхаарлыг хандуулахыг хичээлээ.

-Та бүхэн эмийн үйлдвэрүүдтэй танилцав уу? 


-АНУ-ын “Гилеад Сайнс” компани “Харвони” эмийг үйлдвэрлэн гаргаснаар олон хүний амийг аварч байна. “Харвони” эмийг Монголд оруулж ирэхэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Стэнфордын их сургуулийн эрдэмтэд, Оном сан хүчин чармайлт гаргаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө маш их зүйлийг хийсэн.

Ажлын хэсэг гаргаж, Ардын намын сонгуулийн хөтөлбөрт тусгуулж, улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж, УИХ-аар батлуулна гэдэг өөрөө хууль болж байгаа юм. Ингээд иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж элэгний дөрвөн төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход 23.4 тэрбум төгрөгийг төсвөөс гаргахаар болсон. Өөрөөр хэлбэл, эм тус бүрт 85 ам.долларыг хөнгөлж өгч байгаа. Өнөөдөр 10-20 мянган хүн буюу энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн 98 хувь нь С вирусээ эмчлүүлчихсэн. “Харвони” эмийг ууснаар гурван сарын хугацаанд вирус бүрэн устаж, олон хүн өвчнөөс ангижирч байна. Иймд бид “Гилеад Сайнс” компанийн үйлдвэр дээр очиж танилцаж, баярлалаа гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

-Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачид манай улсын талаар юуг онцолж хэлэв, ямар байр суурь илэрхийлэв? 


-Илтгэлийн дараа Стэнфордын их сургуулийн эрдэмтэн, докторуудаас таван хүн босч алга ташиж баяр хүргээд “Монгол Улс эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх, иргэдээ хамгаалах хууль гаргаж мөрийн хөтөлбөртөө тусгаж, санхүүгийн хүндрэл байгаа ч эмийн үнэд хөнгөлөлт үзүүлж байгаа нь дэлхийд жишиг болохуйц юм.

Иймд Монгол Улсын Засгийн газарт баярлалаа” гэж хэлсэн. Мөн иргэддээ хүрч ажиллаж байгаа ийм улс оронд эрдэмтэд бид очиж ажиллахад, шинээр гаргаж буй эмийнхээ үр дүнг очиж харахад маш таатай байна гэсэн. “Харвони” эмийг бүтээхэд оролцсон дөрвөн эрдэмтний нэг, Стэнфордын их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн нэрт эрдэмтэн, тэрбумтан Жефри С Гленн “Танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаад таатай байна.

Эрдэмтэн хүний хувьд тал талын дэмжлэгтэй ийм улс оронтой хамтарч ажиллахад баяртай байна. Монгол Улс, Монголын Засгийн газарт баярлалаа. Танай улсад дахиад элэгний хорт хавдрыг эмчлэх эмийг танилцуулахад татгалзах зүйлгүй” гэсэн. Тэр хүн элэгний хавдрыг эмчлэх шинэ эм гаргасан нь АНУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдэж, одоо хугацааны асуудлыг шийдэх шатанд явж байгаа юм билээ.

-Өнөөдөр элэгний вирус, түүнээс шалтгаалсан хавдрын өвчлөлөөр манай улс ямар түвшинд байна?


-Дэлхийн эрүүл мэндийн судалгааны том сэтгүүлд “Монгол Улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэгч улсын тоонд ороод байна. Үүний гол шалтгаан нь элэгний В,С, Д вирусийн тархалт өндөр байгаатай холбоотой. Олон улсын судалгааны ажлын үр дүнгээр Монголд ойролцоогоор 400 мянга гаруй хүн элэгний В, С, Д вирусын архаг халдвартай” гэсэн манай эрдэмтдийн судалгаа, дүгнэлтүүд гарсан байгаа.

2020 он гэхэд манай улс элэгний С вирусийн тархалтыг зогсоож, голомтыг устгаж, нас баралтыг бууруулж, хавдрын өвчлөлөөс бүрэн салсан жишиг орон болно гэсэн зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Эдгээр мэдээллүүдээ бид эрдэмтэн, судлаачдад өгсөн. Стэнфордын их сургууль өөрөө дэлхийн эдийн засгийн 10.1 хувь нь юм. Энэ сургуулийн эрдэмтэд тийм өндөр сэтгэлгээтэй ажиллаж, хийж бүтээж байдаг юм байна. Тэнд бид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж ажиллаж буй өөрийн улс орны байр суурийг илэрхийлж, хамтын ажиллагааг нэмэгдүүллээ.

-Хэлэлцүүлэг, уулзалтуудын дүнд манай улсын эрүүл мэндийн салбар, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад ач холбогдолтой ямар саналуудыг тавьсан бол?


-АНУ-ын Калифорниа мужийн Фостер хот дахь “Гилеад Сайнс” компанийн төв байранд очиж, тус компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч, ноён Грейг Альтонтой уулзахдаа “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан.

Иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө улаан гараараа тулж ажиллан халдвар авсан эрүүл мэндийн салбар дахь 38 мянган ажилтан, албан хаагч бий. Үүнээс С вирусын халдвар авсан 5000 хүн байдаг. Энэ хүмүүсээ үнэ төлбөргүй эмчилж, “Харвони” эмэнд үнэгүй хамруулах асуудлыг тавьсан. Бидний хүсэлтийг “Гилеад Сайнс” компани хүлээж авсан.

Ингэснээр 5000 хүнд зориулсан 15 мянган эмийг эмч, сувилагч, асрагч, хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүстээ олгож, тэдний алтан амийг аврах, С вирусыг эмчлэх боломж нээгдэж байгаа юм. Цаашид бид элэгний С вирусын эсрэг өндөр үйлчлэлтэй байгаа софосбувир, ледиспевир эмүүдийг эх орондоо үйлдвэрлэх боломж байна.

Энэ талаар судлах, хамтарч ажиллах саналыг тавилаа. Энэ эмийг Монголдоо үйлдвэрлэх юм бол үнэ нь хямдарна. Олон хүнийг хамруулж чадна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 15-аас дээш насны бүх иргэдээ эрт оношилгоонд хамруулах зорилт тавьсан. Энэ ажлыг удахгүй зохион байгуулна. Хүн амаа эрүүлжүүлэх, дэлхийд нэрд гарсан том компаниудыг Монголдоо урьж, эмийн үйлдвэрүүдийг Монголдоо байгуулах, хамтын ажиллагаа зохион байгуулах олон ажлыг Эрүүл мэндийн яам хийхээр боллоо.

-Дэлхийн нэртэй эрдэмтэн, олон мянган монгол хүний амийг аварсан Грейг Альтон манай улсад ирэх болов уу?


-Ирэх дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчлахыг урьсан байгаа. Тэр үед нь Монголынхоо эрүүл мэндийн салбарын байдал, төр, засгийн удирдлагуудтай танилцуулж, хамтын ажиллагааны талаарх олон боломжийг дахин судалж үзэх төлөвлөгөөтэй байна. “Гилеад Сайнс” бол хүний эрүүл мэндийн асуудлаар олон чиглэлийн судалгаа хийдэг том компани. Стэнфордын их сургуулийн эрдэмтэд энэ компани руу очиж судалгаа хийдэг. Тэдний гаргасан эмүүдийг компани шууд худалдаж авдаг юм билээ. Тэд С вирус устгадаг эмийг гаргасан бол одоо 3 D эм гаргачихсан судалгаан дээр ажиллаж байна.

-Шинэ эмүүд гарч хорт хавдрыг эмчилдэг боллоо гэсэн мэдээлэл дэлхийд цацагдаж байгаа. Энэ талаар ямар мэдээтэй ирэв?


-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн судалгаа, шинжилгээний дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн АНУ-ын Стэнфордын их сургууль, Монгол Улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар манай улсын насанд хүрсэн хүн амын дунд ойролцоогоор 11.1 хувь нь буюу 200 мянган хүн элэгний В вирусын халдвартай. Үүнээс элэгний В вирусын архаг халдвартай иргэдийн 60 орчим хувь нь элэгний В, Д вирусын давхар халдвартай болохыг судалж тогтоосон. Д вирус 3-4 жилийн дараа шууд хорт хавдар болдог.

Тэгэхээр манай улсад 120 гаруй мянган хүн Д вирустай байна гэсэн судалгаа бий. Тиймээс бидний дараагийн очиж танилцсан компани бол АНУ-ын “Айгер био” байлаа. Энэ компани нэрт эрдэмтэн Жефри С Гленнтэй хамтран ажилладаг учраас тийшээ очиход бидэнд дэмжлэг үзүүлсэн юм.Элэгний Д вирусыг устгадаг эмийг “Айгер био” компани үйлдвэрлэж байгаа. Одоогоор АНУ-ын эмийн бүртгэлд бүртгүүлэхээр ажиллаж байна.

Би түрүүнд хэлсэн, Д вирус нь С, В вирусыг бодвол маш богино хугацаанд элэгний хорт хавдарт хүргэдэг. Тэр дотроо В, Д вирусын давхар халдвартай залуу хүмүүс өртөх өндөр үзүүлэлттэй байгаа. Тэгвэл “Айгер био” компани Монголын хүн амыг эрүүлжүүлэхэд манай улстай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Д вирусыг эмчлэхэд тэд бидэнтэй хамтарч ажиллана.

-Тэгэхээр айлчлал үр дүнтэй болж манай улс цаашид элэгний хорт хавдрыг эмчлэх шинэ боломжууд нээгдэж байна гэсэн үг үү? 


-Д вирусыг эсрэг эм гарсан нь маш том дэвшил. Жефри С Гленний гаргасан хорт хавдрыг эмчлэх эм шинжлэх ухаанд гарсан нээлт. Түүний хувьд дэлхийд гайхагдаж байгаа эрдэмтэн. Жефри С Гленн өөрөө элэгний өвчлөл, хорт хавдрын эсрэг Монгол Улсын төр, засаг нь тэмцдэг, иргэдээ дэмждэг юм байна. Ийм улс оронд тусалъя, хамтарч ажиллая, Засгийн газартай чинь уулзъя гэсэн нь том боломжийн эхлэл юм.

Айлчлалын үеэр бид АНУ-ын “Аббвие” компанитай мөн танилцсан. Энэ компани элэгний С вирусын эсрэг З D буюу “Викера пак” эмчилгээг зохион бүтээсэн. Оношилгооны чиглэлээр бид тэдэнтэй санал солилцсон. Энэ үеэр намайг ирэх сарын 19-23-нд Амстердам хотноо болох Олон улсын Элэгний конгресст Монгол Улсаас ирж оролцооч, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар илтгэл тавихыг урьсан.

АНУ-ын Эрүүл яаман дээр хийсэн уулзалтад Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга Стив Смит, ахлах зөвлөх Кайл Зебли, Ази-Номхон далайн бүсийн газрын захирал Эрика Элвандер, Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэнд, хүний нөөцийн бодлогын агентлагийн олон улсын ажиллагааны дэд захирал Остин Дэмбие албаны бусад хүмүүс оролцсон.

Тэнд хоёр улсын ЭМЯ хамтран ажиллах, боловсон хүчнээ солилцох, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, ажиллагсдыг хамгаалах, Америкийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах олон ажлыг ярилцлаа. Энэ чиглэлд АНУ-ын Эрүүл мэндийн яамны харъяа дөрвөн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэнгээс Монголд судалгаа хийхэд туслана гэсэн. Айлчлал ажил хэрэгч, амжилттай болсон гэж бид дүгнэж байна.