Монгол улсын нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг байна
2017.12.13

Монгол улсын нийт эрэгтэйчүүдийн 48 хувь нь тамхи татдаг байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол Улсад халдварт бус өвчнийг бууруулахад оруулах хөрөнгө оруулалтын өгөөж” эдийн засгийн тооцооллын үр дүнг танилцуулах дээд хэмжээний уулзалтыг Төрийн ордны “В танхимд” зохион байгуулж байна.

Энэхүү дээд хэмжээний форумд УИХ-ийн гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Биати Транкманн, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сергей Диордица, НҮБ-ын ХБӨ-ий асуудал хариуцсан төрөлжсөн багийн нарийн бичгийн газрын дарга Др. Ник Банатвала, RTI байгууллагын эдийн засагч хатагтай Рачел Нугент, НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн зөвлөх ноён Дианил Графтон, НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд болон төр , төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ:

НҮБ-ын төрөлжсөн байгууллага манайд халдварт бус өвчний талаар судалгаа хийж, өнөөдөр тус тайлангаа хэлэлцүүлж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтээрээ халдварт өвчний талаар ярьсан. Халдварт бус өвчин хүн амын нас баралтын томоохон хүчин зүйл болж байна гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Нийт нас баралтын 70 гаруй хувь нь халдварт бус өвчнөөс үүдэлтэй юм. Халдварт бус өвчнөөр өвдөх шалтгаанд буруу хооллолт, гаж зуршил, архи тамхины өргөн хэрэглээ, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнээс гадна монголын нөхцөлд нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой стресс бухимдал, агаарын бохирдол гээд олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тиймээс бид элэгний вирус, сүрьеэ зэрэг өвчнүүдэд нэлээд анхаарал хандуулж байсан бол үүний зэрэгцээ халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралт, хүн амын нас богиносох зэрэг чиглэлээр нэгдсэн судалгаатай боллоо. Монгол улс жилдээ халдварт бус өвчинд 57.2 тэрбум төгрөг зарцуулдаг. Өнөөдрийн судалгаанаас харахад энэ төсвийг илүү нэмэгдүүлэх шаардлага гарч байна” гэсэн юм.

НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Цогтбаатар

“Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудын нэг нь халдварт бус өвчин, түүнээс шалтгаантай эндэгдэл, нас баралт. Монгол улсын нийт нас баралтын 77 хувийг Халдварт бус өвчнөөс шалтгаантай өвчлөлтүүд эзэлж байна. Тиймээс ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2015-2016 онд томоохон хэмжээний судалгаа үнэлгээ хийгдсэн. Өнөөдөр тус судалгааны үр дүн үнэлгээг танилцууллаа. Энэ үнэлгээгээр анхааруулах дөрвөн төрлийн өвчин байна гэж үзсэн. Нэгдүгээрт, зүрх судасны өвчин тэр дундаа артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчин. Хоёрдугаарт нь чихрийн шижин өвчин дангаараа нэлээд том асуудал гуравдугаарт амьсгалын замын өвчлөл, дөрөвдүгээрт хорт хавдар гэсэн өвчин гол хүчин зүйл болсныг сая хэллээ. Энэ асуудлуудад анхаарал хандуулахын тулд энэ чиглэлээр явуулж байгаа эрүүл мэндийн үйл ажиллагааны интервенцийн үр өгөөж эрүүл мэндийн хор шалтгаанаас болж гарах зардлыг дор хайж 3-20 дахин хэмнэх тооцоо гарсан. Иймд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг бодитой зүйлд зарцуулах боломж том дэмжлэг болж байна” гэв.

RTI байгууллагын эдийн засагч хатагтай Рачел Нугент хэлэхдээ

“Өнөөдрийн зөвлөмжийн хувьд Монгол улсын иргэдийн цусны даралт ихсэх өвчинг бууруулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл ирэх 10 жилд зүрхний шигдээс өвчнөөс нас баралт өндөр болох магадлалтай учраас энэ хүмүүсийг эрт эмчилгээнд хамруулах хэрэгтэй. Цусан дах хлостерин ихтэй хүмүүсийг эрт илрүүлснээр халдварт бус өвчлөлийг бууруулахад томоохон алхам болно. Мөн архи, тамхи, зөв зохистой хооллолт тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Жишээ нь давсны хэрэглээг бууруулж чадах юм бол хамгийн үр өгөөжтэй аргын нэг болно” гэлээ.

Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудал хариуцсан НҮБ-ын хамтын ажиллагааны олон улсын ажлын багаас манай улсад 2015, 2016 онуудад ХБӨ-ий өнөөгийн байдалд үнэлгээ хийж, сэргийлэлт, хяналтыг сайжруулах зөвлөмжүүдийг өгсөн.

Түүнчлэн Монгол улсад ХБӨ-ийг бууруулахад хөрөнгө оруулалтын тооцооллыг хийх зөвлөмжийн дагуу RTI олон улсын эдийн засагчид энэхүү ажлыг гүйцэтгэн энэ жилийн аравдугаар сард тайланг хүлээж авсан аж. Манай улс тооцооллын үр дүнгээ танилцуулж буй хоёрдох улс болж байна.

Тооцооллоос үзэхэд, Монгол улс жилдээ 57,2 тэрбум төгрөгийн (24 сая ам доллар) ХБӨ-ий эмчилгээнд зарцуулдаг. Хүн амын 32% нь зонхилон тохиолдож буй дөрвөн халдварт бус өвчний улмаас бусаар нас барж байна. Нийт насанд хүрсэн хүний 26% нь цусны даралт ихсэх өвчтэй. Эрэгтэйчүүдийн 48 % нь тамхи татдаг байна. Нэг хүнд жилд 7,8 литр согтууруулах ундаа ногдож байгаа нь дэлхий дээрх архины хэрэглээ хамгийн өндөртэй улсуудын тоонд багтаж байна.

Тиймээс эдийн засагчдын баг ДЭМБ-аас боловсруулсан үр дүнтэй 14 интервенцийг дотоодын ажлын хэсгийн хамтаар сонгон, ирэх 15 жилд шаардлагатай хөрөнгө оруулалт, түүний өгөөжийг тооцоолон гаргасан байна.

Дээрх багц интервенцийг хэрэгжүүлснээр 15 жилийн хугацаанд 19454 хүний амь насыг аварч, давсны хэрэглээнээс үүдэлтэй нас баралтыг 10403 тохиолдлоор бууруулах боломжтой аж.