Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70% нь ажилгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг болов.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа хэлэхдээ “Энэ удаагийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг “Бүх нийтэд зориулсан тогтвортой, уян хатан нийгмийг бий болгохын төлөө өөрчлөлт хийе” гэсэн уриан дор зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг боловсруулж 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын чуулганаар батлуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийж, цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтигй хангаж ажиллахад холбогдох салбарын яамд болон төрийн байгуулагуудад тодорхой асуудлын хүрээнд чиглэл өгөх зорилго тавин ажиллаж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт мэдээлэл хийхээр ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ, БХБЯ, ЗТХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-уудын нийт 80 гаруй төлөөлөгч оролцож байна” гэлээ.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:
“Тулгамдсан асуудлуудыг цаашдаа хэрхэн шийдвэрлэх, Ерөнхийлөгчтэй яаж хамтарч ажиллах вэ гэсэн тодорхой шийдлүүд гаргахаар олон чиглэлээр салбар салбарын нээлттэй хэлэлцүүлэг хийж байна. Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучуудыг сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн бүхий л үйлчилгээ, үйл ажиллагаанд хамруулах боломж нөхцөлийг бүрдүүлж, оролцоог хангах тал дээр та бүхэнтэй хамтран ажиллахыг миний зүгээс чухалчлан үзэж байгаа. Тийм учраас энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөвхөн нийгмийн халамж, асрамж хүртэгч гэж ойлгох ойлголт дэлхий даяар өөрчлөгдөж, тэдний сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлж өгөх замаар нийгэмд баялаг бүтээгч болгон төлөвшүүлэхийг эрмэлзэх болсонтой би бас санал нэг байдаг юм.
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сард УИХ-ын чуулганаар батлуулсан нь ахиц дэвшил гэж үздэг. Энэ хуулийн хэрэгжилт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах болон эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй баг болж хамтран ажиллах нь үр дүн гаргах алхам болов уу гэсэн бодолтой байна.
Статистикаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын 4 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн ядуурлын түвшин бусад өрхөөс 2 дахин их, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 хувь нь ажилгүй, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагдаагүй, бичиг үсэг мэдэхгүй, 3-5 насны насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн сэтгэл зовоосон статистик тоо байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад иргэдээс харьцангуй доогуур амьжиргааны түвшинд амьдарч байгааг дээрх тоонууд бас харуулж байгаа хэрэг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрахад ээлтэй нөхцөл, орчныг бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах талаар Засгийн газарт тодорхой чиглэл өгөхөөр бэлтгэж байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг шийдэж буй бүс нутгийн улсуудын туршлагатай танилцах, шийдлүүдийг сонсох зорилгоор 2019 онд Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх IV их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт зохион байгуулахаар санаачилга гарган ажиллах болно.
Та бүхэнд хэдхэн өдрийн дараа болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийн мэндийг урьдчилан хүргээд, та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгтээ найдаж байна.
Өнөөдөр Монгол Улсын нөхцөл байдал, гадаад өр урьд хожид байгаагүй их болсон. Улс орны өр ихсэх тусам ядуурал, ажилгүйдэл ихсэх сөрөг буюу зөрүү пропорциональ хандлага харагдаж байгаа юм.
ӨНӨӨДӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД БАЙТУГАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛГҮЙ ИРГЭД ЯДУУ ЗҮДҮҮ БОЛСОН БАЙНА.
Ядуу иргэдийн орлого сарын 146 мянган төгрөг гэсэн дүн гарсан байна. Энэ нь нийт ядуу иргэдийн 66 хувь байна. Улс орон өрийн дарамт, ядуурал, ажилгүйдлээс гарах юм бол хүн амын 4 хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч эерэг нөлөө үзүүлнэ гэсэн бодолтой байдаг.
Энэ хэлэлцүүлгээр та бүхэн үзэл санаагаа илэрхийлж, нэгдсэн бодлогод хүрэх шийдвэр гараасай гэж хүсч байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон холбоод байдаг. Ингэж хүч сарниснаас бодлого нэгтгэгдэхгүй байгаа юм. Бодлогоо нэгтгэж, дороо салбаруудаа гаргаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн нэг бодлоготой болоод, салбар салбар дээрээ зохион байгуулалттай болоод ирвэл шийдвэрлэх асуудлаа нэг бодлого, нэг чиглэлээр явуулахад дөхөм болно.
Хэлэлцүүлгийн үр дүнд та бүхэн нэгдсэн бодлоготой, нэг бодлогод зангидагдаж орж ирээсэй гэж хүсье. Баярлалаа” гэлээ.
Хэлэлцүүлгийн үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, ЗТХЯ-ны газрын дарга зэрэг хүмүүс илтгэл хэлэлцүүлж, оролцогчид асуулт хариулт өрнүүллээ.
Илтгэлүүдийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга байр сууриа илэрхийлэхдээ “Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч санаачилж хийж байгаа боловч Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа хэлэлцэж зөвшилцөөд хийж байгаа юм. Энд 4 яамны Төрийн нарийн бичгийн дарга ирсэн байна. Бидний энэ ажил Засгийн газраар орж яригдана. Ерөнхийлөгч, Засгийн газрын байр суурь нэг байгаа гэж ойлгоорой.
ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬД БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН 25 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН БАЙНА ГЭЖ ЗААСАН БАЙДАГ. ГЭВЧ ХЭРЭГЖДЭГГҮЙ.
Иймээс үүнийг хэрэгжүүлдэг болох талаар тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барья гэж бодож байгаа. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд торгодог байя. Хуульд заасан 25 хүн тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байгууллагад сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 нугалсан торгууль тогтоогоод, тэр торгуулийн төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан санд оруулдаг байя. Одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Түүнийг 3 нугалаад 720 мянган төгрөгөөр тухайн байгууллагыг торгож, сар бүр санд оруулдаг байя. Өнөөдөр нийт хүн амын 4 хувь буюу 3 сая хүнээр тооцоход 120 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Энэ 120 мянган хүн нэгдэх бодлого явуулах хэрэгтэй. Нэг санаа, зоригтой байя.
Нэгдэх юм бол УИХ-д хууль оруулаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сан байгуулаад, түүндээ саяын ярьсан торгуулийг оруулъя. БСШУСЯ-ны хувьд сая илтгэл дотор 1500 ширхэг номыг 25 сая төгрөгөөр хэвлэсэн гэж гарлаа. Тэр бол алтан үсэгтэй ном биш байх. Би үүнд эргэлзэж байна. Завшдаг байдал ингэж илэрч байна. Төсөв дээрээ хяналт тавьдаг болъё. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо нэг болоод яамдын төсвийг хянадаг өөрсдийн хяналтын схемийг гаргаж ирмээр байна.
Өнөөдөр Монгол Улсад дайнтай орноос илүүтэйгээр, жилдээ 1000 гаруй хүн автын ослоор нас барж байна. Үүнийг 3 нугалсантай тэнцүү хүн тахир дутуу болж байна. Жил бүр 70 мянга орчим хүн халтирч унаж бэртэж байна. Үүнээс 20 мянга нь группэд орж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийм золгүй ослоор нэмэгдээд байна. Улаанбаатарт явган хүний замыг халтирдаг материалаар тавьж байна. Тэр хүмүүстэй харицлага тооцох хэрэгтэй. 20 мянга бол 3 сая хүнтэй улсад их тоо.
БХБЯ-ны хувьд хотын захиргаатай хамтраад 100 айлын орон сууц барьж байгаа компаниуд орон сууцныхаа 1-2 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өртгөөр нь, хүүгүйгээр моргейжид оруулж өгөөч. Тулгамдсан асуудлын шийдэл гэж энэ. Бид өнөөдөр тулгамдсан асуудлаа мэдэж байна, шийдлээ мэдэхгүй байна. Ийм маягаар эмч, багш, бага ангийн багш, цагдаа нарыг орон сууцжуулах боломж бий.
ЗТХЯ-ны газрын дарга нэлээд боломжийн ажлууд ярилаа. Хамгийн гол ажил ЗТХЯ-нд байдаг. Нийтийн тээврийн асуудал байна. Намайг ЗТБХБ-ын сайд байхад олон албан газрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай болгосон. Ийм ажлуудыг эрчимжүүл. Шинээр байгуулагдаж байгаа бүх аж ахуйн нэгжид үүнийг хуульчилж оруул. Замын гарцууд дээр дуутай дохиотой бол. Дээр хэлсэн торгуулийн мөнгийг үүнд зориул.
Би “Баянгол” зочид буудлын захирлаар ажиллаж байхдаа нийтийн хоолон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүн ажиллуулж байсан. Төмс арилгадаг, аяга таваг угаадаг суугаа ажлууд хийлгэж байсан. Жирийн хүмүүс шиг 8 цаг ажиллуулахгүй. Болдог байсан.
БСШУСЯ-ны хувьд хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлж, жирийн иргэдтэй ижил хөл нийлүүлж алхахын тулд олимп, дэлхий аваргын тэмцээнд амжилт гаргаж байгаа иргэдээрээ уриалга гаргаж, тэднээр үлгэр дуурайлал үзүүлж бахархдаг ажлыг БСШУСЯ хийгээсэй гэж хүсч байна.
Энд жишээ нь, “Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав сууж байна. Тэд жирийн иргэдийн адилаар оюун ухааны, спортын ийм амжилтад хүрдэг гэдгийг харуул. Жудо бөхийн холбоо паралимпийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийдэг. Ямар ч асуудал байхгүй. Улсын аваргад хамт ордог. Амжилт гаргасан хүмүүс, баатруудаараа уриа, лоозон болгож болно.
Энэ өргөн бүрэлдэхүүнээрээ саяынх шиг ийм шийдлүүд гаргаад өгөөч. Би иймэрхүү нэлээд олон шийдлүүд гаргасан байгаа. Энд та нарын дуу хоолой хэрэгтэй. Дахиж бид хэлэлцээд УИХ-д юуг өргөн барих вэ гэдгээ ярья. Хөнгөлөлттэй машин, протезийн үйлдвэр дээр протезийн хөнгөлөлт, ялангуяа байнга өсөж бойжиж, протез нь багадаж байдаг хүүхдийн протезийн үнийн хөнгөлөлтийг яах вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийн цэцэрлэг, багш нарын асуудал дутагдалтай байна. Яагаад алслагдсан аймгийн ч юм уу, цөөн багшид хөнгөлөлтэй орон сууцны дэмжлэг үзүүлж болохгүй вэ? Ийм санаанууд бий.
Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй найзуудтай. Тэдний ярьдаг зүйлийг их дэмжиж ажилладаг. Надад энэ талын 100 хувь биш гэхэд 80 хувийн мэдээлэл байдаг учраас шийдэл гаргахад надад ойрхон байдаг. Үүн дэр та бүхэн дуу хоолойгоо нэгтгээрэй. Бид Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Яамдын төлөөлөл энд ирсэн байна. УИХ-аар ороход асуудал дэмжигдэх магадлал өндөр байгаа. Үр дүнтэй шийдэл гаргахыг хүсье” гээд хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв.