2017.12.07

БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд Монголдоо хяналтад орох боломжтой боллоо

БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн монгол иргэд эх орондоо хяналтад орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломжтой боллоо.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Квон Деок Чёлтой уулзах үеэр энэ талаар ярилцаж, шийдвэрлэв. Эмчилгээний дараах хяналтыг Монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болох ажээ.

Нэг иргэн гадаад улсад мэс засал хийлгэхэд багадаа 2-3 удаа тухайн улс руу явж мэс заслын дараахь хяналтад орж, эмчилгээ хийлгэдэг. Энэ нь тухайн иргэнд санхүүгийн дарамт болдгоос гадна цаг хугацаа алддаг билээ. Тэгвэл тун удахгүй тус улсыг зорьж, эмчилгээ хийлгэcэн иргэд эмчилгээний дараахь хяналтыг Монголын томоохон эмнэлгүүдээр дамжуулан цахим сүлжээгээр эх орондоо хийлгэдэг болох юм байна.

Түүний үр дүнд тухайн иргэн хагалгааны дараа дахин явалгүй, эх орондоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх бүрэн боломжтой болох юм. Сүүлийн хоёр жилд зайлшгүй шаардлагаар гадаад улсад буюу Солонгос руу эмчилгээнд хамрагдсан 115 иргэн байдаг аж.