2017.12.12

ЕБС-ийн хөтөлбөрт Эрүүл мэндийн хичээлийг оруулахаар төлөвлөж байна

Монгол орны хувьд 2016 оны байдлаар 15-аас доош насныхан 30.0 хувь, 65 буюу түүнээс дээш насныхан 3.8 хувийг эзэлж байгаа нь хүн амзүйн шинжлэх ухаанд залуу хүн амтай улсад ордог байна.

Гэтэл Монгол улсад өнөөгийн байдлаар эрүүл мэндийн боловсролын талаар нийт хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үе, залуучуудын мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгааг эрүүл мэндийн үзүүлэлт болон судалгааны үр дүнгүүд харуулсаар байна.

“10 сурагч тутмын нэг нь илүүдэл жинтэй, тав сурагч тутмын хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг”

Монгол хүн амын хоол тэжээл” үндэсний тав дугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай, “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-нд мөн 10 сурагч тутмын 1 нь илүүдэл жинтэй, 5 сурагч тутмын 2 нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг, 5 сурагч тутмын 1 нь амиа хорлох талаар бодож, төлөвлөж, 1 ба түүнээс олон удаа “амиа хорлохыг оролдсон” гэж хариулсан байна.

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна.
2016 оны байдлаар нийт халдварт өвчний 2 дугаарт бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ байгаагаас зонхилон тохиолдох БЗДХ-аар өвчлөгсдийн 11.9 хувь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан эзлэж байна.

Монгол улсын хүн амын өвчлөл ба нас баралтын “Осол, гэмтэл, гадны шалтгааны улмаас нас барах тохиолдол” сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж 2016 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь тэргүүлэх шалтгаан болсоор байна. Үүнд: осол гэмтлээс үүдэлтэй нас баралтын 19.9 хувийг зам тээврийн осол, 18.5 хувийг амиа хорлолт, 15 хувийг 0-19 насны хүүхэд, 8.1 хувийг бусдад шалтгаан эзэлж байна.

Эдгээр тоо, судалгаанаас харахад бид ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаарал хандуулах нэн шаардлагатай байна.