Энхбаяр.Ж 2017.04.13 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаяр: Миний санаачилж батлуулсан хуулийг буруу тийш нь явцууруулж байна

Ж.Энхбаяр: Миний санаачилж батлуулсан хуулийг буруу тийш нь явцууруулж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.13/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр хуулийн нэр томъёог зөв тодорхойлохгүй юм бол буруу хэрэглэх эрсдэл үүсч болно гэдгийг хэллээ. Энэ хуулийг өмнөх парламентад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр санаачилж байсан учраас нэмэлт, өөрчлөлт оруулахдаа болгоомжтой хандахыг гишүүдэд анхааруулав. Ингээд түүний илэрхийлсэн байр суурийг бүрэн эхээр нь хүргэе. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

Хуулийн нэр томъёог зөв ойлгуулахгүй юм бол нийгэмд сөрөг ойлголт бий болохоор байна. Тухайлбал,

Хамаарал бүхий этгээд гэдэг нь албан тушаалтны эцэг эх, төрсөн ах, эгч, дүү, хамтран амьдрагч, эхнэр, нөхрийнх нь эцэг, эх болон бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ.

Бусад нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг нь тухайн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээд, түүний эхнэр/нөхөр, хамтран амьдрагч, төрсөн болон дагавар, үрчлэн авсан хүүхэд, төрөл садныг хэлнэ.

Хуулийн этгээд нэр томъёоноос харахад, Эрдэнэс Таван толгой ХК-ийн тодорхой тооны хувьцааг Монгол Улсын 3 сая иргэн эзэмшдэг. Энэ хуулиар бол Монгол Улсын бүх иргэн хуулийн үйлчлэлд орж байгаа юм. Өөр нэг ноцтой заалт гэвэл “хөдлөх хөрөнгө” гэж оруулж ирсэн байна. “Хөдлөх хөрөнгө” гэдэгт миний унаж яваа автомашин, хувцас, эд хэрэгсэл багтах нь.

Ингээд бодохоор Монгол Улсын иргэд дэлхийн 30 гаруй улсад ажиллаж, амьдрахдаа хөдлөх хөрөнгө авах эрхээсээ татгалзах болж байна. Учир нь би Монгол Улсын бүх иргэдэд нэгдмэл сонирхолтой этгээд. Энэ мэтчилэн хуулийн нэр томъёогоо зөв томъёолохгүй юм бол хэт туйлшрах хандлага руу орж, энэ нь эргээд төрийн чадавхийг сулруулах, нийгэмд үл итгэлцэл төрүүлэх эрсдэлтэй юм.

Өнөөдөр уг хуулийн төслийг батлахгүй юм бол Монголын төр “оффшорчид”-оо хамгааллаа, тэмцэж чадсангүй гэсэн сөрөг мэдээлэл цацагдах гээд байдаг.
Батлагдлаа гэхэд нийгэмд эмх замбараагүй байдал бий болж, Үндсэн хуулийн цэцэд хандах болчихоод байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсэн сэргийлэх тухай хууль бол өмнөх парламентад миний санаачилсан хууль юм. Гэтэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн нэр томъёог явцууруулж, “хөдлөх хөрөнгө” гэж оруулан, Монголын бүх иргэдэд хамаатуулж байгаа нь эргээд хуулийг буруу ашиглах тэр дундаа бизнес эрхлэгчдийг дарамтлах эрсдэл үүсэх гээд байна. Болдог бол асуудлыг хойш тавьж, дахин ярилцахгүй юм бол УИХ өөрөө эвгүй байдалд орох болно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn