УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар оффшорын тухай хууль гадаад харилцаанд нөлөөлөх талаар асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хэрвээ олон нийтэд, засгийн газарт таалагдая гэвэл энэ хуулийг дэмжих байх. Харин Монгол Улсын эдийн засгийг бодвол энэ хууль хэрэггүй гэсэн байр суурьтай байна. Нэгдүгээрт, Ц.Мөнх-Оргил сайдаас асуулт асууя. Энэ хуулийг баталсанаар эдгээр 42 улс манайхтай харьцах харилцаанд өөрлөлт орох уу? Эдийн засгийн болоод, улс төрийн байдалд сэв суух уу? Хоёрдугаарт, энэ хуулийг баталсанаар МУ-ын эдийн засагт ямар нэгэн ач холбогдол байгаа юу? Гуравдугаарт, авилгалын эсрэг ямар хэмжээгээр нөлөөлөх вэ? Авилгал хэдэн хувиар буурах вэ? Би бодохдоо энэ мөнгө гадагшлахгүй бол дотоод эдийн засгаа нураах магадлалтай гэж үзэж байна. Энэ хуулинд 100, 200 мянган хүн орвол нэгнийгээ матаад байвал яах вэ? Малайз, Швейцар зэрэг бидний маш их харьцдаг улс орон байна. Хамаарал бүхий хүмүүс дундаас төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээ албаар унагаах оролдлого хийвэл яах вэ? Сүүлд нь цагаадсан ч улстөрийн нэр хүнд байхгүй болно. Тиймээс энэ хуулийг буцаасан нь дээр гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Энэ хууль Засгийн газраас өргөн барьсанаасаа хойш нилээд өөрчлөгдсөн. 42 улстай харьцаагаа тасалж байгаа хэрэг биш. Төрийн алба хашиж байгаа албан хаагчдаа энэ улс орнуудад хөрөнгө мөнгө, данс байлгахгүй гэсэн шаардлага л тавьж байгаа. Энэ улсаа өөрсдөө дур мэдэж аваагүй. Энэ асуудлуудаар дагнасан байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн гаргасан. Энэ гадны хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Энэ 42 оффшор улсаас Монгол руу хөрөнгө оруулж ирж болохгүй гэж хэлээгүй. Эдгээр улс банк санхүүгийн нууцлалын хуулиар мөнгө угаах, татвараас зугатаах үйл ажиллагааг урамшуулж байгаа учраас энэ улс орнуудад мөнгөө байршуулах ёсгүй гэсэн зүйл заалтыг л оруулж ирсэн. Бусад хүмүүст хориг байхгүй. Үнэхээр энэ улсуудад данстай байя гэвэл төрийн албанаасаа л гарах асуудал яригдана. Хүрээ их тэлэх нь хүндрэл учруулж байгаа учраас хөрөнгө оруулалтын мэдүүлэг гаргаж байгаа хүмүүст энэ хориглолтыг харъяалуулъя гэсэн санал тавьсан. Ингээд 6 сар хэлэлцэх хугацаанд Хууль зүйн байнгын хорооны ихэнхи гишүүд зөвхөн төрийн албан хаагчдад хориг тавих нь буруу гэж үзсэн. Хэрэгжүүлэхэд хүндрэл гарч магадгүй. Гэхдээ хэрэгжүүлээд үзье. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Эдийн засагт асар их хохиролтой. Дотоодын бизнесийг яг бизнес утгаар нь явуулахад хохиролтой. Үнэхээр л 17 тэрбум доллар гадаадад байгаа нь үнэн юм бол Монгол Улсын дотоодын бизнес цэвэр өрсөлдөөний шугамаар явах боломжгүй. Үүнээс гадна бидэнд одоо байгаа хуульд эдгээр асуудалтай тэмцэх хангалттай зүйл заалт байгаа.
УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оффшорын хууль хэтэрхий өргөн хүрээг хамарч буйг онцлоод холбогдох албан тушаалтнаас АТГ ачааллаа дийлж чадах эсэхийг асуулаа. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Энэ хууль Байнгын хороон дээр ярьсаар байгаад сүүлдээ хамаарал бүхий этгээдэд нийт хэдэн хүн орохоор болчихов оо? 100мянгаас хол давна л гэж байна. ах дүү, амраг садан, үр хүүхэд гээд яваад өгдөг юм байна. Энэ бүх улсуудыг шалгаж, тогтоох хүчин чадал байгаа юу? Ингэсээр аль ч үгүй юм болчих биш байгаа. АТГ баахан цаастай ноцолдсоор байгаад жинхэнэ хамаарал бүхий нөхдүүд зүгээр өнгөрөх вий. Орон тооны асуудал, зардал хүрэлцээтэй юм уу? Хэтэрхий өргөн хүрээнд болчихоор гаргасан хууль амьдралд хэрэгжих чадваргүй болох вий гэдэг болгоомжлол төрж байна. Яг хэдэн мянган хүн болсон бэ? УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Нэгдүгээрт, Нийтийн албанд ажиллах гэж байгаа 38900 хүн өөрсдөө хамрах хүрээгээ мэдүүлэх үүрэгтэй. Хамаарал бүхий этгээдүүдээс бидний тодорхойлсон улс оронд хадгаламж данс эзэмшдэг хүн байгаа эсэхээ мэдүүлэх ёстой. Үүн дээр АТГ тодорхой техникийн боломж өргөтгөх, хүн хүчний болон програм хангамжийн хувьд шийдэх асуудлууд байгаа. Би тоог нь яг одоо шууд тодорхойлон хэлэх боломжгүй байна. 39800 хүний хэн нь хэдэн хамаарал бүхий этгээдүүдтэйг өнөөдөр бодож гаргах боломжгүй байна. Хоёрдугаарт, Авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцье, мөнгө угааж, татвараас зайлсхийхтэй тэмцье гэдгээрээ нийтийн албаны энэ хуулиар хориглолтыг бид тодорхойлж өгч байна. Үүнийг зөрчвөл нийтийн албаны зөрчил болохоос гадна эрүүгийн гэмт хэргийн шинж чанарыг агуулахаар байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын шүүхийн байгууллага хууль бусаар хөрөнгөжих гэдэг зүйл ангиар 2 хүнд ял шийтгэл ногдуулсан. Хэд хэдэн хүний хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа. АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж: Таны саяны дурдсан хөрөнгө оруулгын мэдүүлэг болон ашиг сонирхолын мэдүүлгийг цаасан хэлбэрээр авж байгаад одооноос эхлээд цахим хэлбэрт шилжүүлж, техник гарцуудыг шийдэн ачааллаа багасгаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал дээр хүн болон хөрөнгө мөнгөний асуудлаа шийдвэрлэж төлөвлөхөөр ажиллаж байгаа. Хуулиар харъяалуулаад эрх үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулаад явах бүрэн дүүрэн боломжтой. Ажлын ачаалал бол тодорхой хэмжээгээр нэмэгднэ.
УИХ-ын нэгдсэн Чуулганы хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийн талаар хэлэлцүүлэг хийж байгаа билээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оффшор бүсийн тухай улстөржихөөс илүү олон нийтэд танин мэдүүлэх ажил дутмаг байгааг дурдаж хэд хэдэн асуулт тавьлаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: "Оффшор бүс гэж юу вэ? Дэлхийд хичнээн оффшор бүс байна вэ? Оффшор бүсийн мэдээлэл нээлттэй байдаг уу? Монгол Улсад өнгөрсөн хугацаанд орсон нийт хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь оффшор бүсээс орсон байх юм. Нөгөө талтаа оффшор бүс бол татварын эдийн засгийн нэн таатай, хөнгөлөлттэй бүс гэж явдаг. Бид үе үе туйлширсан шийдвэрүүдийг олон гаргадаг. Алтны 65 хувийн татвар нэмэхэд нийгэмд таалагдсан боловч Монголын алтны салбар эрс унасан хуулийг өмнө нь баталж байсан. Урт нэртэй хуультай холбоотой хөрөнгө оруулалт унасныг мартаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хууль баталж байсан. Одоо оффшор гэдэг зүйлээр хэт улстөржиж, нийгэмд танин мэдүүлэх талаас дутуу ажиллаж байна. Оффшор бүс гэж яг юу юм бэ? Сайн зүйл үү муу зүйл үү? Ер нь Монгол Улс өөрөө оффшор бүс болж болох уу? Монгол улс өөрөө оффшор бүс буюу татварын таатай бүс болж дэлхийн мөнгөн хөрөнгийг өөртөө цуглуулж болох уу? Тийм хууль баталсанаар Монгол Улсад ямар сөрөг нөлөөтэй вэ? Эцэст нь Авилгатай Тэмцэх Газраас асуумаар байна. Энэ 30, 40мянган хүнтэй холбоотой мэдүүлгийг бид авмаар байна. Энийг хэрэгжүүлэх боломжийг эрхзүйн орчноор хангаж чадах уу? Тухайлбал, панам гэдэг ганц оффшор бүсэд Монголтой холбоотой 49 хүний нэр байна гэж сонсогдсон. Тэгэхээр тэр оффшорын бүсэд Монгол Улсын авилгатай тэмцэх газраас хүсэлт гаргаад иргэний мэдээллийг авч чадах уу? Өнөөдөр нийгмийг бужигнуулж буй 17 тэрбум доллар гадагшилсан байна гэдэг яриа хэр үнэн бэ? Жилдээ 10-хан тэрбум долларын эдийн засагтай Монгол Улсаас 17 тэрбум доллар гадагшилах эдийн засгийн чадавхи байгаа юу? Үүнийг хуульзүйн яам нийгэмд танин мэдэхүйн том арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийгэм, улстөрд хөтлөгдөж харалган шийдвэр гаргах вий гэж болгоомжилж байна. Үр дагавар нь Монгол Улсад орох хөрөнгө оруулалтад хязгаарлалт болох вий гэж бодож байна. Эдийн засгийн эрх чөлөөгүй 65 улсын нэгд Монгол Улс орсон байна. УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт: Монгол Улс 2013 оноос хойш оффшорын тухай ойлголттой болсон. 2016 оны 10 сард Засгийн газраас УИХ-д оффшорын асуудлыг цэгцлэх талаар хууль өргөн барьсан. Оффшор гэдэг бол хилийн чанд дахь гэсэн агуулгатай үг. Оффшор бүсэд үйл ажиллагаа явуулна гэдэг бол татварын нэн таатай орчинд бизнес, үйл ажиллагаа эрхлэх бололцоо, боломжийг бүрдүүлэх гэсэн агуулгатай. Оффшор бүс нь татварын хөнгөлөлт эдлэх, нэргүй бизнес эрхлэх, валютын хязгаарлалтгүй байх, компани бүрдүүлэхэд тавих шаардлага маш бага, хувьцаа эзэмшигчдийн хурал хийх, санхүү тайлангаа гаргах гэх мэт үйл ажиллагаа шаарддаггүй. Энэ чиглэлээр дэлхийн ОУ-ын байгууллагууд судалгаа хийсэн. Нийтдээ 60 орчим улс орон оффшор бүсэд хамаардаг. ОУВС, Татварын Шударга Ёсны Холбоо, ОУ-ын хамтын нийгэмлэг гэсэн байгууллага тодорхой үзүүлэлтүүдийг тооцож жил бүр оффшор бүсийг зарладаг. Албан ёсоор 42 улсыг оффшор бүсэд зарласан байна. 1990-өөд оноос 2015 он хүртэл нийт 10,8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оффшор бүсээс орж ирсэн байдаг. Бидний оруулж ирсэн хуулийн төслөөр төрийн болон нийтийн албанд ажиллаж байгаа албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс эзэмшүүлэхийг хориглох тухай ярьж байна. Авилгатай тэмцэх газрын тамгын хэлтсийн дарга З.Баасанням: Оффшор бүсийг хянах асуудал чадвар, нөөцийн хувьд бий. Харин оффшор бүсийн мэдээлэл хаалттай байдаг учраас бодитоор нь тогтооход тодорхой хэмжээний цаг хугацааны асуудал байдаг. Эргээд эрхзүйн хариуцлага туслалцааны гэрээтэйгээр энэ асуудлыг шийдвэрлэж болно. Одоогоор богино хугацаанд хянаад, шийднэ гэсэн боломж бололцоо муу байна.
УИХ-ын нэгдсэн Чуулганы хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийн талаар ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Оффшор бүсэд данс нээх, мөнгөн хөрөнгүүдээ байршуулахыг хориглогдож байгаа албан тушаалтнуудын тухайн бүсэд эрүүл мэндийн,боловсролын үйлчилгээ авах эрхийг нээж өгөх томъёолол орж ирж байна. Ийм хэрэгцээ заавал байгаа юм уу? УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: ОУВС, Татварын Шударга Ёсны Холбоо, ОУ-ын Хамтын Нийгэмлэг гэсэн 3 байгууллага жил болгон оффшор бүсэд хамаарах улс орнуудыг тодорхойлдог. Нийтдээ 90 орчим улс багтана. Энэ 3 байгууллагын 15 үзүүлэлттэй шалгуурыг давдаггүй 42 улс байдаг. 2015 оны 12 сарын байдлаар энэ 42 улсын тодорхойлолтыг гаргасан. Эдгээр улсад хэн нэгэн хүн хувийн хэргээр зорчих, сурч боловсрох, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдахыг үгүйсгэхгүй. Хэрвээ эдгээр улсад эмчлүүлэхгүй байхаар хуульчилбар манай улсын улс төрийн дэглэм өөрчлөгдсөн хэрэг болно. Тиймээс бид зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх тохиолдолд Авилгатай Тэмцэх Газарт энэ тухайгаа мэдэгдэж байна гэсэн зохицуулалт оруулж ирж байна. Энэ хуулийн хамгийн гол амин сүнс нь саяны нэр бүхий 42 орны жагсаалтыг жил болгон Засгийн газар шинэчлэх баталж гаргана. Зарим улс орон дээр дурдсан байгууллагуудын шаардлага шахалтыг хүлээж аваад, санхүүгийн сахилга бат, олон нийтэд дансаа мэдээлэх байдал, бохир мөнгө угаах байдлаасаа татгалзсан улс орнуудыг гаргадаг. Тиймээс мөнгөө нуух магадлал ихтэй эдгээр улсуудын жагсаалтыг Засгийн газраас жил болгон гаргана. Ингэхдээ Монголбанк, Сангийн яамны гаргасан саналыг үндэслэнэ. Хууль зүйн байнгын хорооноос 2 дугаар хэлэлцүүлгээс өмнө энэ 42 орны жагсаалтыг гишүүн тус бүрт тарааж өгнө.
УИХ-ын хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн" төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулах асуудлыг хориглохтой холбоотой асуудлыг зохицуулах гэж байгаа билээ. Засгийн газраас өргөн барьсан тус хуулийн төслийг УИХ-ын өнгөрсөн 10 сараас эхлэн хэлэлцэж байгаа бөгөөд УИХ-аас хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Төрийн албан хаагч болно гэдэг нь олон нийтийн өмнө хариуцлага хүлээж байгаа. Эрх эдэлнэ мөн тодорхой эрхээ хязгаарлуулж болно. Тийм учраас энэ зохицуулалт их чухал юм. Үүн дээр хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгт төслийн 10,1 дүгээр зүйлд нийтлэг хэм хэмжээг тогтоосон заалт байна. Тэгэхээр энэ заалт хууль батлагдахаас өмнө томилогдсон албан тушаалтнуудад хамаарахаар харагдаад байна. Тийм учраас одоо алба хашиж байгаа төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлыг хэрхэн хамаарах вэ? яг одоо томилогдсон албан тушаалтнуудын хувьд тодорхойгүй байгаа учир хуулийн хэрэгжилтийг нэг бүрчлэн хангуулах үүднээс дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргах ёстой гэж бодож байна. Ингэж байж илүү тодорхой болно. Одоо ажиллаж байгаа албан тушаалтнуудын хувьд гадаад улсад банкны данс эзэмшдэг бол түүнийгээ хаах, хуулийн этгээд үүсэн байгуулсан бол түүнийгээ зарах, шилжүүлэх гэх мэт үүрэгтэй. Үүнийг биелүүлэхгүй бол албан тушаалаасаа татгалзах ёстой гэж тусгах хэрэгтэй.