Номтойбаяр.Н Амгаланбаатар.Х 2017.05.02 | Сайт: Vip76.mn

Х.Амгаланбаатарын "хүч" Н.Номтойбаярыг хөдөлгөв

Х.Амгаланбаатарын "хүч" Н.Номтойбаярыг хөдөлгөв
МҮЭХ-ны тайван жагсаал /2017.05.01/

Сүүлийн 20 жил ажил, амьдралаа МҮЭХ-той холбосон Х.Амгаланбаатар энэ холбооны мэргэжилтнээс ерөнхийлөгч хүртэл дэвшиж, ажил эрхэлж буй хүн бүрийн өмнөөс төрд дуу хоолойгоо хүргэж байна. Үүний тод илрэл нь өчигдөр болсон тайван жагсаал юм.

Өмнө нь олон асуудлаар аль нэг салбар, аж ахуйн нэгжээс эхлээд Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж, бүх нийтийн ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдэж байсан бол энэ удаад жагслаа. Х.Амгаланбаатарт холбооны гишүүд, дэмжигчид, энгийн иргэд хүч өгдөг. Харин энэ хүчээ аливаа ашиг сонирхлоос ангид бүх нийтийн тусын тулд ашиглах нь тун чухал юм.  

2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр нь хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашиг, нийгмийн хамгааллыг бодолцсон, талуудын оролцоо, байр суурийг тусгасан чухал баримт бичиг юм. Уг хэлэлцээрт:

- Татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгохдоо зөвшилцөнө.

- Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой үед тэтгэвэр, тэтгэмж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлнэ.

- Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ гэж заажээ. 

Гэвьч Засгийн газар байгуулсан хэлэлцээрээ зөрчиж байна, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, тодорхой төрлийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулиудаа эргүүлэн татахыг Х.Амгаланбаатар тэргүүтэй МҮЭ-ийн холбооны гишүүд, дэмжигчид, хөдөлмөр эрхлэгчид шаардлаа.

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбогдуулан 2017 оны төсөвт тодотгол хийхдээ зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрт хүрснийг УИХ-аар баталсан байдаг.

Нэгэнт батлагдсан хуулийг хүчингүй болгоно гэдэг амаргүй. Тэглээ гээд энгийн ажилтан, албан хаагчдын эрх зөрчигдөж байгаа учраас МҮЭХ дуугүй өнгөрч болохгүй. 

Үүнээс өмнө 5 ч удаа Засгийн газарт шаардлага хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй учир дараагийн алхмаа хийж байгаа нь энэ. Уйгагүй шаардлага тавьж, тасралтгүй хөөцөлдөж, эцэст нь жагсаал хүртэл хийсний хүчинд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад "цочроо" өгч чадлаа. 

Н.Номтойбаяр нийт жагсагчдад хандан, "Жагсаал, цуглаанаас үүдэлтэйгээр та бүхний шаардлагыг хүлээн авч байна. Нөгөөдөр өглөө 09:00 цагт ширээний ард сууя. Ямар шийдлүүд байгаагаа ярилцья" гэв. Засгийн газрын чих ингэж нэг зөөлрөв бололтой. Маргааш зөвшилцлийн ширээний ард ямар яриа өрнөх бол? 

Хэрэв эндээс шийдэлд хүрч чадахгүй бол, МҮЭХ-оос тавьсан шаардлагад 5 дугаар сарын 10-ны өдөр хариу өгөхгүй бол Х.Амгаланбаатар дараагийн алхмаа хийнэ гэдгээ мэдэгдлээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn