МАН-аас М.Энхболд 85,7 хувийн саналаар Ц.Нямдоржийг "бут цохиж", Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд
2017.05.03

МАН-аас М.Энхболд 85,7 хувийн саналаар Ц.Нямдоржийг "бут цохиж", Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо

МАН VIII бага хурлаа хийж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс үдээс өмнөх хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа.  

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар нэр дэвшихээр өрсөлдөв. 

Үнэндээ УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх нар ч намын гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшигчдийн тоонд багтсан ч өөрсдөө нэрээ татжээ. 

Нэр дэвшигчийг тодруулах нууц санал хураалтад МАН-ын бага хурлын 310 гишүүн оролцож, гишүүдийн 85,7 хувийн саналаар М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо. 

М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд "Хамтдаа зүтгэе-Нэгдмэл хүч", "Бүтэн Монгол-Бүрэн хариуцлага" гэсэн уриатайгаар өрсөлдөх бололтой. 

Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. 

М.Энхболд нь 1999 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар 6 жил ажиллаж,  улмаар 2005 онд УИХ-д сонгогдсоноос хойш тасралтгүй 4 дэх удаагаа УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа туршлагатай парламентч юм. 

Тэрээр 2005-2016 оны хооронд МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын дэд дарга зэрэг нам, улс төрийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашсаар ирэв. 2013 оноос МАН-ын дарга, 2016 оноос УИХ-ын даргаар ажиллаж байна. 

МАН-ын VIII бага хурлын үеэр