Хамтын ажиллагаагаа тэлнэ
2017.05.08

Хамтын ажиллагаагаа тэлнэ

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн зургаадугаар бага хуралд оролцоод ирлээ.

Батлан хамгаалахын сайдыг дагалдаж ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй албаныхан ажилласан. Айлчлалын эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 25-нд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай хоёр талын уулзалт хийжээ. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн онд болсон тавдугаар бага хурлаас хойшхи хугацаанд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд олон чухал үйл явдал болсныг тэмдэглээд ОХУ-ын БХЯ-наас Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэн сайжруулах, цэргийн боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлж байгаад талархал илэрхийлэв.

Мөн цэрэг-техникийн тусламжийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хугацааг сунгах, монголын хүүхдүүдийг оросын Кадетын сургуульд сургах асуудал нааштай шийдвэрлэгдэж байгаад сэтгэл хангалуун буйгаа хэлсэн байна.

Батлан хамгаалахын сайд хоёр улсын цэргийн сургуулиудын хооронд харилцаа тогтоох, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ОХУ-ын хил залгаа цэргийн тойргуудтай тогтоосон харилцааг идэвхжүүлэх, тусламжийн хүрээнд хүлээн авсан зарим техник, байгууламжийг ашиглахад мэргэжлийн дэмжлэг авах сонирхолтой гэдгээ илэрхийлэв.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгу "БХЯ-наас зохион байгуулж байгаа олон улсын хуралд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар тогтмол оролцож байгаад талархал илэрхийлье" гээд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, Батлан хамгаалахын сайдын санал болгосон асуудлуудад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилга өгч байгаад талархаж байгаагаа дурджээ.

Үүний дараа Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 26-27-ны өдөр Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх зургаадугаар бага хурлын ажиллагаанд оролцсон. Бага хуралд 86 улсын 700 гаруй төлөөлөгч оролцсоноос гадаадын 22 улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний дээд удирдлага, олон улсын долоон байгууллагын төлөөлөгч, аюулгүй байдлын судалгааны байгууллагуудын 200 гаруй судлаач, шинжээч оролцжээ. Бага хуралд сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, түүний нөлөөлж буй хүчин зүйлүүд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын хүчин чармайлт, олон улсын цэргийн хамтын ажиллагааны талаар онцолсон аж.

Айлчлалын үеэр сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаныхан ОХУ-ын Ерөнхий цэргийн академид зочилсон байна. Сайд тус академид манай улсаас цөөнгүй алба хаагч суралцсан төдийгүй тэдний дотроос батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үе үеийн удирдлага тодорч гарсан. Төгсөгчид Зэвсэгт хүчинд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг тэмдэглэж, тус академи манайд оюуны их хөрөнгө оруулалт хийж байгаад академийн дарга, дэслэгч генерал О.Макаревичид талархал илэрхийлжээ. Мөн ҮБХИС тус академийн хооронд харилцаа тогтоож, цэргийн боловсрол, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар санал болгосныг академийн удирдлага талархан хүлээн авчээ.