Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл биелэлтийг хэлэлцлээ
2017.05.03

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл биелэлтийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.03)  хуралдаан 09 цаг 30  минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх салбарын танилцуулгыг хийсэн. Харин Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн аудитын үнэлгээг танилцуулав.

Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлт Батлан хамгаалах яам 100 хувь, Гадаад харилцааны яам 64 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлжээ.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа Я.Санжмятав нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гадаад харилцааны яамнаас дипломат албан паспортыг цэгцлэх, дипломатуудын ур чадвар, хэлний түвшин, ёс зүйг нь дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээг яаралтай авч  хэрэгжүүлэх, олон улсын тавцад  унаад байгаа Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэх алхмуудыг хийх шаардлагатай байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Монгол Улсынн гадаад бодлого нэгдмэл байх ёстой. Үүн дээр салбарын яам анхаарч ажилламаар байна” гэсэн саналыг хэлж байлаа.