Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал уулзалтын эхэнд албан хаагчдад хандан, УИХ-аар шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа болон Онцгой байдлын байгууллагын хүрээнд хууль эрхзүйн орчин, албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой олон асуудлууд шийдвэрлэгдлээ. Хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан албаны хэмжээнд 20 гаруй дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Эдгээр дүрэм, журмуудыг хуультай нийцүүлэн боловсруулж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээс гадна албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн баталгаа, сахилга, дэг журамтай холбоотой олон асуудлыг тусган  зохицуулсан байх юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын  стратеги, зохион байгуулалтын шинэ бүтцээр орон нутагт бүсийн удирдлагын төвүүдийг байгууллаа. Тухайлбал, өмнөд бүсийн төвийг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар удирдан ажиллахаар болсон. Энэ бол том хариуцлага. Тийм учраас та бүхэн манлайлагч, үлгэр жишээч байх ёстой.

undefined

Ирэх онд Гурван тэс, Ханбогд суманд гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулж, 200 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар үйл ажиллагаа өргөжиж байна.

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг чадавхижуулахад Монгол Улсын Засгийн газраас бүхий л талаар тусалж дэмжлэг үзүүлдэг.  Онцгой байдлын ерөнхий газраас ч техник хэрэгслийн чадавхиа сайжруулах, албан хаагчдаа сургаж дадлагажуулахаар олон улсын зээл, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Миний бие хамт олон та бүхний гардан зохион байгуулж байгаа “Говийн чоно 2017” олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаатай энэ өдрүүдэд биечлэн танилцлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд маш олон ажлыг хийж амжуулсан байна. Сургуулийг зохион байгуулалтын өндөр түвшинд амжилттай сайн удирдан зохион байгуулж байна. Аймаг, орон нутагтаа Онцгой байдлын албаны нэр хүндийг өндөрт өргөж, манлайлж явааг харахад сайхан байна. Онцгой байдлын албаны өнгө төрх ийм л байх ёстой. Гар, сэтгэл нийлсэн хамт олон гэдэг хийсэн бүтээсэн ажил, үйлээс нь тодорхой харагддаг. Та бүхнээрээ бахархаж байна. Ажил үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ сурч боловсрох, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж, өөрсдийгөө хөгжүүлэхэд анхаарч ажиллаарай гээд албан хаагчдад ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.