Энх-Амгалан.Л 2017.05.10 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Улаанбурхан өвчнөөр олон арван хүүхэд нас барчихаад байхад юун 91 хувь бэ?

Л.Энх-Амгалан: Улаанбурхан өвчнөөр олон арван хүүхэд нас барчихаад байхад юун 91 хувь бэ?
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Эдийн засгийн уналт зогссон гэж мэдэгдэж байгаа энэ цаг үед Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. 

Биелэлтийн дундаж хувь хангалтгүй буюу 62,1 хувь байгаад УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Л.Энх-Амгалангийн хувьд эх, нялхсын эндэгдэл, нийгмийн даатгалын тогтолцоо, боловсролын салбарын үйл ажиллагааны доголдлыг хөндлөө. 

Тэрээр "Миний хувьд УИХ-ын гишүүн таван жил ажиллахдаа таван удаагийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй танилцаж байна. Жил бүр л аргацаасан, мөлгөр дүгнэлтийг Үндэсний Аудитын газрынхан гаргах юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хариуцлага нэхэж байна. Тэр дундаа 2016 онд эрүүл мэндийн салбарын зорилт 91,8 хувь биелсэн гэсэн аудитын байгууллагын дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

2016 онд улаанбурхан өвчнөөр олон арван хүүхэд нас барж, эцэг эхчүүдэд нөхөж баршгүй хүнд гарч тохиосон. Монгол Улсад анх удаа улаанбурхан өвчин ийм аюултай харанга дэлдэж байсан тохиолдол энэ юм.

Сүүлийн 10 жилтэй харьцуулахад эх, нялхсын эндэгдэл өндөр түвшинд байлаа. Өнгөрсөн онд 79194 эх төрж, 39 эх нас барчээ. Ийм байхад яагаад 91,8 хувь гэж?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын тухайд, нас барсан 10 000 хүний нэр дээр тэтгэвэр авч байсныг тогтоосон байдаг. Өөр нэг асуудал бол Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкинд 13-18 хувийн хүүтэй  байршуулдаг байсныг сонгуулийн өмнө 9 хувьтай байршуулж байв. Эдгээр асуудалтай холбогдуулан буруутай этгээдэд хариуцлага тооцов?

Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээнд олон тендер маргаан дагуулж, хэд хэдэн аж ахуйн нэгж, иргэнийг хохироосон хэрэг гарсан. Энэ мэтчилэн нийгмийн салбар бүрт алдаа дутагдал байсаар байхад "Эх үүсвэр нь хүрэлцээгүй, цаг хугацааны хувьд хэрэгжүүлэх боломжгүй, яамд уялдаагүй ажиллаж чадаагүй гэсэн мөлгөр дүгнэлт хийж, УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанд танилцуулсаар байх уу? 

Цаашид эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг биелүүлэх явцад алдаа гаргасан этгээдэд хариуцлага тооцох хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэллээ. Тэрээр үндсэн чиглэлийн дүгнэлтийг хууль хяналтын байгууллагад ч давхар явуулах хэрэгтэй гэв.

Үндсэн чиглэлийг боловсруулах ёстой Үндэсний хөгжлийн газар, Сангийн яам биелэлтэд хариуцлага хүлээх ёстой гэсэн зарчмын байр сууриа ч илэрхийлсэн юм. 

Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын төсвийн тухай, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигтэй нийцсэн байх ёстой. Ийм л тогтолцоо үйлчлээсэй гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүсч байна.

Энэхүү үндсэн чиглэлийн биелэлтэд УИХ, Засгийн газрын гишүүдээс авахуулаад бүх түвшинд хариуцлага хүлээх ёстой. Аудитын газраас өгсөн дүгнэлт, зөвлөмжийг дараагийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх явцдаа хэр сахин мөрдөж байгаа эсэхийг танилцуулах хэрэгтэй гэлээ.