Нямбаатар.Х 2017.05.12

Х.Нямбаатар: Шаардлагатай тохиолдолд прокурор хэргүүдийг нэгтгэж, шалгах боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.12/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн бичилтийг шүүмжиллээ.

Ц.НЯМДОРЖ: ХУУЛИЙН БИЧИЛТИЙГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

Зарим зүйл заалтын бичилт буруу байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэнэ гэдэг бол ижил биш бол нэгтгэж болохгүй гэсэн санааг цаанаа агуулна. Нэг хүн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол ямар ч ялтай байсан ялыг нэгтгэдэг шүү дээ. Энэ хуулийн бичилтийг анхаарах хэрэгтэй. Огт болохгүй байна.

Х.НЯМБААТАР: ӨМНӨХ ХУУЛИАР ҮЙЛДЭЛ БОЛГОНЫГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦДОГ БАЙСАН

2015 онд батлагдсан эрүүгийн хуулийн үндсэн концепцийн үйлдэл болгон гэмт хэрэг гэсэн концепцоор батлагдчихсан. Бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулин дээр хэргүүдийг нэгтгэх зохицуулалтыг арай боловсронгуй болгож оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл үйлдэл болгонд дугаар өгөөд, үйлдэл болгоныг хэрэг гэж үздэг концепцоор 2015 оны эрүүгийн хууль батлагдсан. Шаардлагатай тохиолдолд прокурор хэргүүдийг нэгтгэж, шалгах боломжийг энэ хуулиар нээж өгсөн.

Бид бичилтэн дээр их удаан ярилцсан. Ижил биш хэргүүдийг нэгтгэх зохицуулалт байгаа. Харин ижил хэргүүдийг нэгтгэх тохиолдолд эхэлж эрүүгийн хэрэг үүсгэсэн газарт нэгтгэж шалгаж явахаар зохицуулахгүй бол хэргийн тоо хэтэрхий их болно. Таны хэлсэн саналыг дахин харж, найруулга тал дээр ажиллъя.

Ц.НЯМДОРЖ: ДАЛАЙН ОРНЫ ЭРХЗҮЙН СИСТЕМ МОНГОЛД ТААРАХГҮЙ

Өмнө нь ч гэсэн үйлдэл болгон хэрэг байсан. Түүнийг нэгтгэж байгаад нэмж, хасаад болоод л байдаг байсан. Ямар ч хэргийг хэрэг биш гэж үздэггүй байсан. Ял нэмж, 300 жилийн ял өгдөг Америк зарчим байдгийг яриад байгаа юм уу? Энэ эрүүгийн хуулийг тэр жишгээр хийсэн санаатай юм шиг байна. Далайн орны эрхзүйн  систем монголд таарахгүй.