Ё.Баатарбилэг:

Цагдаа нь цагдаагаа шалгадаг одоогийн практикийг зохисгүй гэж үзэж байна


5 минут уншина
Ё.Баатарбилэг: Цагдаа нь цагдаагаа шалгадаг одоогийн практикийг зохисгүй гэж үзэж байна
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. 

Хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн асуудлаар гишүүд зарчмын зөрүүтэй санал дэвшүүлж, маргаан үүссэн. Тэдгээрийн дотор Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагатай, шаардлагагүй гэж мэтгэлцсэн юм. Тодруулбал, 

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба нь Эрүүгийн хэргийн Хорин нэгдүгээр бүлэгт заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна гэсэн саналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргаж, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын гишүүд дэмжиж байсан. 

Байнгын хорооны гишүүдийн олонх сэргээх шаардлагагүй гэж үзэж энэ саналыг унагаасан ч чуулганы хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг сэргээх шаардлагатай гэж үзээд гишүүдээс дэмжлэг хүссэн нь ёсоор болсон.

Гэвч эцсийн хэлэлцүүлгийн явцад байнгын хорооноос энэ саналыг хасах санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагагүй гэж үзэж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл эцэслэн батлагдсан юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс тодрууллаа. 

Та яагаад Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагатай гэж үзэв?

Улсын хэмжээнд 11 мянга гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж байна. Цагдаа нар төрийн нэрийн өмнөөс иргэдтэй шууд харьцдаг. Тиймээс цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийг зөрчиж, хүнтэй зүй бус харьцсан, танхайрсан зэрэг гомдлууд иргэдээс багагүй ирдэг. Тэр дундаа аймгийн хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагчтай холбоотой хэрэг, зөрчлүүд гарах нь бий.

Цагдаа согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, улмаар хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон тохиолдол ч гарч байсан. Сэжигтэн, саатуулагдсан этгээдтэй зүй бус харьцах нь олонтаа. Гавлаад мартчихдаг гэх мэт.

Иргэдээс ирсэн гомдолд үндэслэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг шалгадаг, тэднийг албан үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг шаарддаг бүтэц нь хуучин Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байсан юм.

Авлигатай тэмцэх газрын дэргэд тусгай субьектийн хэргийг мөрддөг чиг үүрэг бүхий мөрдөн байцаах алба гэж бий. Гэхдээ зөвхөн авлига, албан тушаалтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийг мөрддөг. Харин яг одоогийн байдлаар цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа гаргасан алдаа, зөрчил, гэмт хэргийг Цагдаагийн байгууллагын дэргэдэх тусгай субьектийг мөрдөх хэлтэс шалгаж байна. Энэ хэлтэс үндсэндээ 6-8 орон тооны ажилтантай.

Улсын хэмжээнд 11 мянга гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж байхад энэ хэлтсийн ажилтан, албан хаагчид тэр бүрт хүрч үйлчилж чаддаггүй. Одоогийн нөхцөлд бол сумын цагдаа хэрэг, зөрчил гаргалаа гэхэд түүнийг аймгийн цагдаа дуудаж шалгадаг. Нэг ёсондоо цагдаа цагдаагаа шалгадаг гэсэн үг.

Нэг өрөөнд шахуу сууж буй хоёр цагдаа нэг нэгнийгээ шалгадаг гээд бодоод үз дээ.

Хуучин бол Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаар шалгагдаж буй нийт хэргийн дийлэнх нь цагдаатай холбоотой хэрэг, зөрчил байдаг байсан. Гэтэл энэ албыг татан буулгаснаар цагдаатай холбоотой хэрэг, зөрчил 4 дахин буурсан байдаг.

Сүүлийн жилүүдэд цагдаагийн албан хаагчийн ёс зүй, ухамсар нэг үеэ бодвол сайжирч байгаа гэдэгтээ санал нийлнэ. Гэхдээ мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй, хангалттай биш байна. Тиймээс цагдаагийн албан хаагчдын авлига, албан тушаалаас бусад гэмт хэрэг, зөрчлийг шалгах ёстой газар нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж үзсэн. 

2014 онд Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан нь хүний эрхийн маш том ухралт гэж Монголын Эмнести интернэшнл байгууллагаас мэдэгдэж байсан. Харин байнгын хорооны гишүүд уг албыг сэргээх нь дэвшил биш ухралт болно гэж үзэж байх шиг. Байнгын хороо сэргээх шаардлагүй гэж үзсэн шалтгааныг та юу гэж бодож байна?

Энэ асуудлаар хүний эрхийн байгууллагууд дуугарах ёстой байсан. 2017 оны 5 дугаар сарын 12-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй санал хураах явцад миний бие өөрийн байр сууриа илэрхийлж, гишүүдийн олонх саналыг минь дэмжсэн. Гэвч байнгын хороон дээр дахин буцаасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрхтэй холбоотой заалтыг оруулах уу, эс оруулах уу тухай ярьж байхад яагаад Монголын хүний эрхийн байгууллагууд дуугарахгүй байгаа юм бэ? Хаана байна тэр хүний эрхийг ярьдаг хүмүүс. Би тэднийг олж харахгүй байна.

Цагдаагийн албан хаагчийн хариуцлагагүй, зүй бус харьцаа, хандлагаас үүдэлтэй хэрэг, зөрчлийн цаана энгийн иргэд хохирсон байдаг. Тиймээс прокурор нь цагдаагаа хянаж байж ажил урагшилна. Цагдаа нь цагдаагаа шалгадаг одоогийн практикийг зохисгүй гэж үзэж байна.

Тэртэй тэргүй цагдаагийн байгууллагын тухайн хэрэгтэй холбогдуулж гаргасан дүгнэлтийг прокурор хянаж үздэг, энэ нь прокурор нь цагдаагаа хянаж байгаа хэрэг гэж хэлж байна л даа. Гэхдээ цагдаагийн албан хаагч иргэдийг хохироож буй асуудал хяналтын гадна үлдээд байна.

Нэгэнт УИХ-аас Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагагүй гэж үзсэн учраас одоо Цагдаагийн дэргэдэх тусгай субьектийн хэргийг мөрдөн байцаах албыг чадавхжуулж, орон тоо, бүтцийг өргөтгөх хэрэгтэй. Ингээд тухайн алба, хэлтсийн шалгаж, мөрдөж буй гэмт хэрэг, зөрчилд прокурор хяналт тавих боломжоор хангаж өгөх ёстой.

Байнгын хорооны дэмжээгүй саналыг гишүүд босгосон ч уг саналыг хасах гэж оруулж ирсэн. Энэ процессыг та юу гэж дүгнэх вэ? Ямар нэгэн ашиг сонирхол байв уу?

Улсын Их хурлын чуулганы дэг нь ийм л дээ. Байнгын хорооны хуралдаанаар унасан санал гишүүдийн 2/3-оор дэмжигдвэл цааш дэмжигдээд явдаг. Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явцад дэмжигдсэн саналыг байнгын хороон дээр буцаагаад унагадаг. Байнгын хорооны гишүүдийн олонх нь энэ саналыг дэмжээгүй бол хасах гэж оруулж ирэх нь зөв л дөө. Энэ бол хэвийн процесс.

Байнгын хороон дээр зөв гэж үзсэн бол чуулган дээр зөв гэж үзнэ гэсэн хууль байхгүй. Чуулган дээр зөв гэж үзсэнийг байнгын хороо заавал дэмжих шаардлагагүй. Тухайн хуулийн төслийг дахин дахин нягталж, нарийн шүүлтүүрээр орж байгаа нь зөв. Харин байнгын хорооны гишүүд яагаад энэ саналыг дэмжээгүй шалтгааныг сайн мэдэхгүй юм.

Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагагүй гэж үзэж, хуулийн төсөл батлагдлаа. Тэгвэл цаашид ямар үйл явц өрнөх бол?

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байна. Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх байх. Тиймээс УИХ-ын гишүүний хувиар Прокурорын тухай хуульд уг асуудлыг тусгах талаар саналаа илэрхийлэх болно.

Нэгэнт Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээхээргүй болж байгаа учраас Прокурорын тухай хуульд тусгай субьектийн авлига, албан тушаалаас бусад хэрэг, зөрчилд тавих хяналтыг тусгаж өгөх ёстой. Харин яг яаж хянах талаар байнгын хорооны хуралдаан дээр ярих ёстой. Мөн цагдаагийн дэргэдэх энэ чиглэлийн мөрдөн байцаах албыг чадавхжуулахад шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгуулах шаардлага гарах байх.

Ярилцсан Г.Мөнхтуяа