“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна
2017.05.20

“Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн болж байна

Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байна.

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж байгаа юм.

Олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16 мянга 839, 2015 онд 18 мянга 85,  2016 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутгаас, Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 27 мянга гаруй хүн оролцож байсан бол энэ жил 33 мянга гаруй иргэн оролцож байна.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчид 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд уралдлаа. Олон улсын гүйлтийн тэмцээний нээлт 10 цагт болж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буудсанаар “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарлаа.

Хотын дарга тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Энэ жилийн марафон маш их онцлогтой сайхан болж байна. Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такаока Масато, Их Британи Умард Ирландын нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кетрин Элизабет Арнолд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдЭд Жэйгэр нар гүйж байгаад талархал илэрхийлье. Монгол эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхий дахинд сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдрын болон оюуны өв тэгш хүмүүжил төлөвшүүлэх зорилготой энэхүү гүйлтэнд оролцогчиддоо спортын өндөр амжилт хүсэж, гүйлтийн ажиллагаа нээснийг мэдэгдье.” гэлээ.

Элит гараанд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, Монголын марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Д.Гантөмөр, Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Монголын хөнгөн атлетикын марафон гүйлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаяр, Япон улсын тамирчин Ямамото Яшихиро, Япон улсын тамирчин Вүчибара Арата нарын тамирчид гарлаа.

21 мянган метрийн зайд МУГТ, Олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од  түрүүлсэн бол 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин тэргүүлж, 2-р байртХилчин спорт хорооны тамирчин н.Мөнхбаяр, 3-т Алдар спорт хорооны тамирчинн.Бямбажав нар орж, эмэгтэйчүүдийн  42 мянган метрийн зайд Хөнгөн атлетикын олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа түрүүлсэн байна.

“Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн  нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулсан юм. Яг одоо Сүхбаатарын талбайд мөн автомашингүй өдөрт зориулсан арга хэмжээнүүд мөн болж байна.