Энхбаяр.Ж Чойжилсүрэн.Б 2017.05.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2013-2017 онуудад хамтран ажиллах стратегийн баримт бичгийн хүрээнд тус банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай 2017 онд хамтран ажиллах Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулжээ. Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас Монгол Улсад 2015-2017 онуудад хуваарилагдсан 79 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зээл нь жилийн 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай аж.

Хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт тусгагдсан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн дагуу ажил эрхлэлтийг дэмжих, макро эдийн засаг, төсөв, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, эрчим хүчний түгээх чадавхыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчээр баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дугаар заалтын дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийг тохирох хүрээнд Монгол Улсын Засгийн газар нь олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон хоёр талт Австри Улс, ХБНГУ, БНСУ, БНХАУ гэх мэт хөгжлийн түншүүдтэй санхүүжилтийн хэмжээ, зээлийн ерөнхий нөхцөлийг тохиролцсон санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулж, тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгуулдаг. Энэ дагуу уг санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Уг зээлийн хүрээнд үндсэн гурван төрлийн төсөл хэрэгжүүлэх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, энэ чиглэлээр хяналт үнэлгээ, мониторинг хийх төсөлд 25 сая ам.доллар, төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлд 12 сая ам.доллар, эрчим хүчний салбарыг хөгжүүлэх төсөлд 42 сая ам.долларыг тус тус зарцуулах юм байна. Энэ талаархи төслүүдийн зориулалт, санхүүжилтийн задаргаатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү, Я.Санжмятав нарын асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хариулт өгөв.  

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Г.Занданшатар, Н.Оюундарь, Я.Санжямтав, Ж.Энхбаяр нар үг хэлж, эдийн засаг хүнд байгаа ийм үед зээлийг тодорхой зүйлд үр ашигтай зарцуулахад анхаарах ёстой, энэ үүднээс санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн зориулалтыг тодорхой болгож, санхүүжилтийн задаргааг дахин нарийвчилж авч үзэх, зээлийн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.