Тэрбишдагва.Д Дамба-Очир.Д 2017.05.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Усан замын тээврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Усан замын тээврийн тухай  хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.7 дахь хэсгүүдийг үндэслэн Ажлын хэсэг нэгдсэн хуралдаанаар хийсэн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгасан байна. Зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтыг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Монгол Улс жилдээ усан тээврээс хэдэн төгрөгийн орлого олдог талаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулаа. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг дэвсгэр дэх Хөвсгөл нуурт манай улсын дотоодын усан тээвэр хийгдэж байгаа бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдэд жилд дунджаар 450 сая төгрөгийн эргэлт явагддаг гэсэн тооцооллыг Далайн захиргааны газрын дарга С.Түвшинтөр танилцуулсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.