УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.05.19

О.Баасанхүү: Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангаруулсан уу, эсвэл?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.19/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуув.

О.Баасанхүү: Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт та Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа яагаад хар тамхины гэмт хэрэгт холбогдсон этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгаагүй юм бэ?

Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн 20,7 дахь хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх эм гэж заасан байгаа юм. Би цавууг эм биш бодис гэж бодож байна. Энэ төрлийн бодис олон бий. Сэтгэцэд нөлөөт бодис  дотор хар тамхи гэж юуг хэлээд байгааг НҮБ тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуульд хар тамхи худалдан борлуулсан бол 2-8 жил, байнга хэрэглэдэг бол 12 жил хорих ял шийтгэнэ гэж заажээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд хар тамхины гэмт хэрэгт холбогдсон этгээдэд ямар хариуцлага хүлээлгэж байна? Мансууруулах бодис бүхий ургамлыг хууль бусаар тариалах гэх зэргээр хуульд зааж өгсөн байна л даа. Тэгэхээр юуг мансууруулах бодис, юуг хар тамхи гэж тодорхойлох вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Монгол Улс 1961 оны НҮБ-ын Мансуурах бодисын тухай конвенцид 1990 онд элссэн. Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конценцид 1999 онд элссэн. Мансууруулах бодис ба сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн тухай конценцид 2001 онд элссэн. Олон улсад томьёо нь хар тамхи бус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис гэж тодорхойлсон байдаг.

2002 онд батлагдсан Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын тухай гэж хууль бий. Эрүүгийн хуульд ч хууль бусаар эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох худалдах, түгээх гээд  эмтэй холбоотой заалт тусдаа орсон. Мөн хуульд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, орон байраар хангах гэх зэргээр үйлдэл, гэмт хэргийн шинж тус бүрээр нь маш нарийн ангилан ялгаж өгсөн. Өөрөөр хэлбэл аль болох хуулийн хийдэл, давхардал гаргахгүйг хичээсэн.

Яамны хууль зүйн бодлогын газрын дарга н.Сайнзориг:

Олон улсын гэрээ конвенци болоод хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн нэр томьёотой нийцүүлэхээс гадна ял шийтгэлийн бодлого буураагүй. Харин ч тодорхой гэмт хэргүүдэд ногдох шийтгэл чангарсан.

Өөрөөр хэлбэл, өмнөх хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх буюу хууль бусаар улсын хил нэвтрүүлэх асуудал дээр таван жил хүртэл хорих ялтай байсан бол шинэчилсэн Эрүүгийн хуульд найман жил хүртэл хорих ял шийтгэхээр чангаруулсан. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах гэмт хэрэгт хоёр жил хүртэл хорих ял шийтгэдэг байсныг нэгээс таван жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан. Мөн хүндрүүлэх нөхцөл байдалд таваас арван хоёр жил хүртэл гэж чангаруулсан.