Ө.Энхтүвшин: Хар тамхи бол эдийн засгийн доройтлоос илүү хор хөнөөлтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.19/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асуув.
Ө.Энхтүвшин: Өсвөр насны хүүхдүүд амиа хорлож байгаа нь хар тамхины хэрэглээтэй холбоотой эсэхийг судалсан уу? Сүүлийн жилүүдэд төр засаг эдийн засагт түлхүү анхаарч, эдийн засаг, эдийн засаг гэсээр ирсэн. Одоо бол мөнгө мөнгө, өр өр гэж байна. Гэтэл үүнээс ноцтой асуудал бол энэ. Эдийн засгийн доройтлоос илүү нийгэмд хамгийн их хор хохирол учруулагч нь.
Хар тамхитай тэмцэх чиглэлээр Засгийн газар юу хийж байгааг сонслоо. Цус, шээснээс л хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь шинжилж тогтоодог гэхээр нөхцөл байдал хүнд байна. Хувь хүнээс ирсэн мэдээллийн мөрөөр явдаг бөгөөд төрийн байгууллагуудын уялдаа холбоо төдийлөн сайн биш байна.
Хар тамхийг төмөр нударгаар л дардаг. Гэтэл манайд хар тамхины хэрэглээ харьцангуй бага байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээр л хязгаарлагдаж, бусад аймаг, орон нутагт тархаагүй байна гээд тайван сууж болохгүй. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны гол чиглэл бол төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах хэрэгтэй байна.
ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр: Филиппин улсад хар тамхичдаа буудаад эхэлсэн. Зарим улс орон хар тамхитай тэмцэх хатуу бодлого барьдаг бол зарим нь оюун ухаан, сэтгэлгээнд нь нөлөөлөхийг хчиээдэг. Тиймээс манай улс хар тамхитай тэмцэхдээ сэтгэхүйтэй нь харьцах бодлого барьж байна.
Эрүүл мэндийн яамны ажлын хэсэг: Амиа хорлолтын гол шалтгаан нь сэтгэл гутрал байдаг. Түүний дараа мансууруулах донгийн эмгэгүүд хамгийн их нөлөөлдөг. Манай улсад хар тамхи хэрэглэсэн үедээ амиа хорлох нь дэлхийн дунджаас доогуур байна. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд мансууруулах бодис, хар тамхинд донтогчдыг эмчилдэг. Жилдээ 35-40 хүн эмчлүүлдэг.