Мэргэн.Ч 2017.06.20 | Өнөөдөр сонин

“Азийн супер сүлжээ” төслийг удахгүй эхлүүлнэ

“Азийн супер сүлжээ” төслийг удахгүй эхлүүлнэ

Монголын бизнесийн зөвлөлөөс хоёр дахь удаагийн чуулга уулзалтаа “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн хүрээнд өчигдөр зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг чуулганыг нээж үг хэлэв.

Тэрбээр “Манай улс гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, хямд өртөгтэй, шуурхай тээвэр хийх шинэ сүлжээ бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох сонирхолтой байна. Цаашид дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой идэвхтэй хамтран ажиллах болно” хэмээв.

Энэ үеэр “Эдийн засгийн шаардлагаас улс төрийн бодлого руу”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь”, “Байгаль орчин дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” гэсэн дөрвөн гол сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болгох “Азийн супер сүлжээ” санаачилга эрчээ авч байна. Харин үүнд бид хэрхэн нэгдэх вэ. Манай бүс нутгийн улс орон бүрт эрчим хүчний үнэ харилцан адилгүй байгаа. Нэг кВт эрчим хүчний үнэ Япон улсад 25, Өмнөд Солонгост найм, Хятадад ес, Тайваньд 22, Хонконгод 19 центийн үнэтэй байгаа бол манайд таван цент буюу бүс нутгийн бусад орноос харьцангуй хямд өртөгтэй. Иймд өөрийн нөөцдөө түшиглэн эрчим хүч үйлдвэрлэж, бусад орон руу хямд экспортлох орон зай бий гэж Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан хэллээ.

Мөн “Азийн супер сүлжээ”-г бий болгосноор Япон улс гол худалдан авагч байх боломжтойг “Софтбанк”-ны Эрчим хүчний корпорацын захирал Шигэки Мива онцлов. Монгол Улс нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Үүнд түшиглэн бүс нутагтаа эрчим хүчний томоохон тоглогч болох боломж байгаа. Тухайлбал, говийн бүс нар, салхины эрчим хүчний 2.6 тВт-ын нөөцтэй гэсэн тооцоо бий. “Азийн супер сүлжээ” санаачилга биеллээ олох хугацаа ойртож буй учир манай говь дахь баялгийг гадаадын хөрөнгө оруулагчид ихээр сонирхох болжээ.

“Tractebel еngineering” компанийн Эрчим хүч, тээврийн газрын захирал Карим Карой “Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь гарцаагүй. “Азийн супер сүлжээ” төслийн хүрээнд мВт биш, тВт-ын эрчим хүч үйлдвэрлэх талаар ярьж байна. Хэдэн мянган км үргэлжлэх эрчим хүчний сүлжээ бий болгоно. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Нар жаргаж, салхи намжсан үед яах вэ. Тиймээс сүлжээний найдвартай ажиллагаа нь хамгийн чухал” гэв.

Азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 26 их наяд ам.доллар шаардлагатай байгаа талаар Азийн хөгжлийн банкны улс хариуцсан ахлах эдийн засагч Деклан Маги илтгэлдээ дурдсан юм. Тухайлбал, эрчим хүчний салбарт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хэрэгцээ байгаагаас өнгөрсөн оны байдлаар 193 ам.долларыг нь зарсан байна. Тиймээс улс орнуудын Засгийн газар санаачилгатай байж, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй гэнэ.

Эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр үнэ нь хямдрах төлөв байгаа аж. Ирэх 10 жилд сэргээгдэх эрчим хүчний үнэ кВт нь нэг цент болж хямдрах төсөөлөл ч гарчээ. Тухайлбал, Энэтхэгт нэг кВт эрчим хүчний үнэ сүүлийн 10 жилд 17-гоос 2.6 рупи болж хямдарсан байна. Ийнхүү зарим улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ өсгөх замаар үнээ хямдруулж буй гэнэ.

Манай орны хувьд ч сэргээгдэх эрчим хүчийг 2020 он гэхэд нийт хэрэглээний 20, 2030 онд 30 хувьд хүргэх томоохон зорилт тавин ажиллаж байгаа талаар Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Ерэн-Өлзий хэллээ.

Дэлхийн хүн амын 60 хувь нь аж төрдөг энэ бүс нутгийг найдвартай эрчим хүчээр хангахад “Азийн супер сүлжээ” санаачилга чухал ач холбогдолтой. Технологи болон эдийн засгийн талаас нь харвал “Азийн супер сүлжээ”-г байгуулах боломж бий. Харин улс төр болон хууль эрх зүйн хувьд нэлээд бэрхшээл гарч болох юм хэмээн “Symbior energy” компанийн гүйцэтгэх захирал Флориан Беннхолд хэллээ.

Мөн 2020 гэхэд сүлжээний эхний ээлжийг ашиглалтад оруулах төлөвлөгөө бий гэдгийг Шигэки Мива онцолсон юм. Энэхүү чуулга уулзалтад оролцогчид уг сүлжээг ойрын хугацаанд бий болгох хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байв.

Сэтгүүлч Н.Санжаасүрэн