Н.Амарзаяа 2017.07.05 | Сайт: Vip76.mn

Н.Амарзаяа: 1072 ширхэг хувьцаа хэзээ "амилах" вэ?

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Амарзаяа асуулт асуулаа. 

Нэлээд амаргүй, эдийн засаг унасан, төрийн тогтворгүй байдал ноёлсон, ард түмний төрдөө итгэх итгэл алдарсан үед Засгийн газраа байгуулж, нэг жил орчим ажилласан. Эргээд харахад орон нутагт хийсэн зүйлгүй, Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож байсныг 40 хувьтай өгч байгаа, хэдэн төрлийн татвар нэмж, тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлэх болсон зэрэг шийдвэрүүд нь одоогийн парламентын гишүүдийн алдаа болж хувирч байгаад сэтгэл эмзэглэдэг.

Бид өнгөрсөн хугацааны бодлогын алдааг залруулах, бодит ажил хийхийн төлөө нэлээд санал, санаачилга өрнүүлж байна. Өнөөдөр эдийн засагт ногоон гэрэл асаж байгаад талархаж байна.

Ард иргэдийн нуруунд хамгийн том ачаа болж байгаа асуудал бол банкны зээлийн хүү юм. Мэдээллийг сонсохоор, арилжааны банкны зээлийн хүү дунджаар 18 хувьд хүрч, бизнесийн зардал, дарамт буурлаа, хувийн хэвшлийн зээлийн хүү багаслаа гэж байна. Тэгэхээр ямар банкны, ямар нэр төрлийн зээлийн хүү буурсан болох, ямар бодлогын авч хэрэгжүүлсний үндсэн дээр зээлийн хүү ийнхүү буурсан талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү.

Эрдэнэс Таван толгойн нүүрсний үнэ 77,5 ам.доллар боллоо. Чалкод төлөх өрийг бүрэн шийдвэрлэлээ. Нүүрсний экспортын үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан эдийн засгийн өсөлт ажиглагдаж байна гэж байна л даа. Тэгвэл 1072 ширхэг хувьцаа хэзээ үнэ цэнэтэй болох вэ?

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байсан эсэх, оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж буй хүмүүсийн хууль бусаар шамшигдуулсан мөнгийг эргүүлэн татаж, төсвийн алдагдлаа санхүүжүүлэхийг олон нийт шаардаж байна.

Хилийн боомтын хүчин чадлыг нэммээр байна. Монгол Улсыг тэжээж буй гол зүйл бол нүүрс. Тиймээс Гашуунсухайтын хилийн боомтыг хоёр чиглэл, урсгалтай болгох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хэзээ хийгдэх вэ?

 Ж.Эрдэнэбат: Энэ оны сүүлээр Тавантолгойн хувьцааны ногдол ашгийг тараах байх

Ерөнхий сайд

Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан. Үүнтэй холбогдуулан арилжааны банкууд ч зээлийн хүүгээ буулгасан гэж бодож байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа учраас Засгийн газрын дотоод бондын хүү таван функтээр буурсан. 17 хувийн хүүтэй байсан Засгийн газрын дотоод бонд 12 хувийн хүүтэй болсон.

Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр Гашуунсухайтын хилийн боомт дээр урт дараалал үүсээд байсан нь харьцангуй багассан. Цаашид зам харилцааг сайжруулж, иргэдийн ая тухыг хангаснаар уул уурхайн экспортын хэмжээ улам нэмэгдэх болов уу гэж бодож байна.

1072 ширхэг хувьцааны тухайд Тавантолгой нь ХХК ч биш, ХК ч биш. Тавантолгойн нэр дээр хувьцаа нь байдаг, үгүй нь тодорхойгүй байсан. Тиймээс Засгийн газрын шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан 4 сарын хугацаанд ажиллаж, Тавантолгойн компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй иргэдийн бүртгэлийг баталгаажуулсан.

Тавантолгой компани цаашид ч ашигтай ажиллах төлөвтэй байгаа учраас энэ оны сүүлээр 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тараах бололцоо бүрдэнэ гэж харж байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn