Б.Баттөмөр:

Эдийн засаг сэргэж байгаа ч хийх ажил байна


12 минут уншина
Б.Баттөмөр: Эдийн засаг сэргэж байгаа ч хийх ажил байна

Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал өдрөөс өдөрт тоон үзүүлэлтээр сайжирч байгаа хэдий ч цаашид хийх зүйл их байна. Наанадаж Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж байгаа энэ хугацаанд Төсвийн хариуцлагатай байдал, норм, нормативыг баримтлах, цаанадаж эдийн засгийн өсөлтөө өрх бүрийн хаалгаар оруулж чадвал өнөөгийн Засгийн газар, төрийн хийх гол ажил юм.

vip76 энэ сэдвээр УИХ-ын гишүүн Баагаагийн Баттөмөртэй ярилцлаа.

vip76: Монгол Улсын эдийн засагт сайн өөрчлөлт их гарч байгаа талаар ярьж байна. Ямар өөрчлөлт гарч байна вэ?

- Манай улсын эдийн засагт 6,5-7,0 орчим хувийн өсөлт гарах байх гэсэн хүлээлт байна. Гадаад валютын цэвэр нөөц 3,5 тэрбум ам.доллар боллоо. Тулгамдсан 6,5 их наяд төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан. 22 тн алт худалдан аваад байна. Төлөвлөсөн татварын орлого 2,0 их наядаар давж, Улсын төсөв сүүлийн 10 гаруй жилд анх удаа 12.0 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарч байна.  Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1,5 тэрбум ам.доллар болж экспорт 15 хувийн өсөлттэй байна. Манай эдийн засгийн тэлэлт, хувийн хэрэглээний өсөлт нь эдийн засгаа дэмжиж байгаа дүр зураг харагдаж байна. 

vip76: “Хүн тоо идэхгүй, талх иднэ” гэж үг байдаг. Таны хэлсэн дээрх өөчрлөлтүүд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй бол?

Тиймээ, тоо идэхгүй. Гэхдээаливаа өөрчлөлтийг тоогоор хэмждэг. Энэ тоонууд дунд, урт хугацаанд Монголын ард түмэнд талх болж ирнэ. 

Ардчилсан намаас 2016 онд хасах хувийн өсөлтэй эдийн засгийг Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд 2017 онд 5,3% болгож, У.Хүрэлсүх Ерөнхий сайд 2018 онд 6,7% болгож 0,7-хон хувь өсгөсөн гэсэн шүүмжлэл байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

Эдийн засгийг арифметикийн юм уу геометрийн прогрессээр өсгөх боломжгүй. Өсгөөд ч үр ашиггүй. Хэрвээ түр зуур өндөр өсөх нөхцөл бүрдвэл түүнээс зайлсхийх хэрэгтэй. Өмнөх засгийн газрын үед 5,3 хувь, энэ засгийн газрын үед 6,7 хувийн өсөлтүүд нь сайн үзүүлэлтүүд. Энэ бол засгийн газруудын залгамж чанар, хамтын хүчин чармайлтын үр дүн. Дэлхий хэмжээнд 6-6,7 орчим хувийн өсөлтийг эдийн засагт сөрөг нөлөөгүй, үр ашигтай гэж үздэг. Өндөр өсөлт нь эдийн засагт халалт үүсгэж, “хөөс” үйлдвэрлэдэг. “Хөөс” нь өөрийгөө томруулж, өөрийгөө хагалан тэр нь хямрал руу хөтөлдөг онол, практик зүй тогтолтой. 

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТГҮЙ ОРХИВОЛ “ХӨӨС” ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛДЭГ.

Санхүүгийн зах зээлийг төрийн зохицуулалтгүй орхивол “хөөс” үйлдвэрлэж эхэлдэг. Дэлхийд хөгжлөөрөө манлайлж яваа БНХАУ, Сингапурын өсөлт нь олон жилийн турш 6,0-6,9 хувь байсан нь үүний нотолгоо. Бид өөрийн онцлогтой, бие даасан, олон зууны сайн, муу туршлагатай улс. Дэлхий глобалчлагдаж, бие биенээсээ илүү их хамааралтай, хавтгай болж байгаа үед мэдээ, мэдээлэлд ойр, практик туршлагыг маш сайн судлаж байх шаардлагатай. Эдийн засгийн тогтвортой өсөлт, нам түвшний инфляци, ханшийн тогтвортой байдал гэсэн эдийн засгийн 3 гол үзүүлэлт байдаг. Энэ 3 үзүүлэлтийн зохистой харьцааг хадгалж, төрийн зохицуулалтыг зөв хийж ажиллах нь чухал. Аль нэгийг алдвал хөгжил, хийсэн бүтээсэн нь үр дүнгүй болж, хүртээмжтэй өсөлт, иргэд, аж ахуйн нэгжүүдийн үр ашиг үгүй болдог.

vip76: Улс орны эдийн засгийн 2019 оны төлөв байдлыг та ямар байна гэж хэлэх вэ?

2019 онд эдийн засгийн өсөлтийг 8,0 хувьд хүргэж, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,6 их наяд төгрөг, зарлагыг 11,5 их наяд, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,9 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Энэ нь ДНБ-д эзлэх хувь 5.4 хувь болж байгаа юм. Мөн инфляцийн дээд түвшинг 8,0 хувь байхаар хуульчилж баталсан. Инфляци энэ онд өндөр байгаа боловч 2020-2021 онд 6,0 орчим хувь байхаар тооцсон. Засгийн газрын өрийн нийт хэмжээ нь өнөөгийн үнэ цэнээр 19,5 их наяд төгрөг буюу ДНБ-д эзлэх хувь нь 55,3 хувь байна.

2019 ОНД 1,55 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙНЭ.

2019 онд урьд жилүүдэд байгаагүй 1,55 их наяд төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 оноос саарахаар байгаа нь манай худалдааны түнш орнуудын өсөлтөд сөргөөр нөлөөлж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэл бий. Урьд өмнө байгаагүй их хэмжээтэй бүтээн байгуулалт өрнөхтэй холбогдуулан гадаад төлбөрийн тэнцэлд 100-200 сая ам.долларын нэмэлт эрсдэл үүсэж болзошгүй. УИХ, Засгийн газраас санхүүгийн салбарын зохицуулалтыг зөв, уян хатан хийж чадвал тавьсан зорилт биелэх боломжтой гэж үзэж байна.

vip76: Дэлхийн глобачлагдаж, бие биенээсээ хамааралтай болж байна гэж та хэллээ. Тэгвэл Монгол Улсын онцлог нь юу вэ? Бид цаашид яаж хөгжих вэ?

Монгол Улсын эдийн засаг  өөрийн онцлогтой. Уул уурхай, мал аж ахуй дээр суурилсан эдийн засагтай. Хүн ам цөөн, газар нутаг том, далайд гарцгүй гэх мэтийг хэлж болно. Гэхдээ Монголын санхүүгийн зах зээлийг удирдаж, авч явахад шинэ онол хэрэггүй. Бэлэн туршлага, арга зүй, өдөр тутам бидний нүдэн дээр ил байна. "Дугуйг дахиж зохион бүтээх хэрэггүй" гэдэг. 

МОНГОЛЧУУД ШИНЭ ЗҮЙЛД ТЭМҮҮЛДЭГ, СОНИУЧ ЗАНТАЙ Ч САЙНЫГ АЖИЛ БОЛГОХДОО ХОЙРГО.

Монголчууд бид шинэ зүйлд тэмүүлдэг, сониуч зантай боловч, сайныг ажил болгохдоо хойрго. Баялагийн хувиарлалтыг шударга ил тод хийж, ядуурлыг арилгах,  бусдын хийчихсэн бэлэн туршлага байж л байна. Эрх мэдэлтэй хүн бүр тив, далай гаталж очиж судалсан. Харамсалтай нь санаа авч хэрэгжүүлээгүйгээс бахь байдгаараа л сууж байна. Тэр бол: 

  • Байгалийн баялаг ашиглах эрхийг хүссэн хүн бүрт биш, мэргэжлийн, хөрөнгөтэй, хөрөнгө босгох чадвартай, туршлагатай, нийгмийн хариуцлагатай, хөрөнгийн биржид бүртгэлтэй байгуулагуудад сонгон шалгаруулж өгдөг. Тэр шалгаруулалтын үндсэн шаардлага нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, аль, аль талдаа ашигтай, санхүү нь ил тод, бүтцийн хувьд олон нийтийн байх шаардлагатай. Гүйцэтгэлийн аудит хийх хугацаа, шаардлагыг гэрээндээ тодорхой зааж өгч алдаа дутагдлыг засаж явдаг. Хийсэн гэрээгээ зөрчих, үйл ажиллагаа нь гэрээний дагуу явагдахгүй бол хуулийн хариуцлага хүлээж, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Баялагтай орон байхыг хүсвэл хайгуулаасаа эхлэх ёстой. Хайгуулын бодлого зөв тодорхой бол баялагийн менежмент сайн байдаг гэдэг.

  • Баялагаасаа сан үүсгэж, тэр сангаа өсгөн үржүүлж, уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулж ажлын байр бий болгон иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг нэмэгдүүлэх замаар улсынхаа сан хөмрөгийг аривжуулдаг.

  • Санхүүгийн сахилга баттай байх. Хууль дээдлэн ажиллаж, амьдардаг.

  • Хязгааргүй тэлж буй улс төржилтийг хуулийн хүрээнд цэгцэлж, дэлхий, хөрш орнуудтай тогтоосон найрамдал хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар хөрөнгө оруулалт татдаг гэх мэт олон жор байна. Үүнийг хүн болгон ярьдаг боловч ажил болдоггүй учир хүч өгөхийн тулд давтаж хэлье.

vip76: Монголчуудын амьдрал жил жилээр өөдлөх биш уруудах нь их байна. Амьдрал нэг л болохгүй байна. Яагаад?

Бид улс орноо хөгжүүлэх нэгдсэн том бодлогогүй өнөөдрийг хүрч ирлээ. Гаргасан бодлогоо барьж ажилладаггүй, цаас болоод үлддэг нь харамсалтай. Хамгийн сүүлд "МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-2030" бодлогын баримт бичгийг 2015 онд нилээд их хөрөнгө, хүч гаргаж УИХ баталсан. Түүнийг ярьж ажил болгохын төлөө ажиллаж байгаа газар ховор. Уг бодлогын баримт бичигт засаж сайжруулах зүйл нилээд бий. Түүнийг ярьж буй хүн алга.

Өнгөрсөн 28 жилд бидний авч хэрэгжүүлж ирсэн бодлого нь тооцоо судалгаа муутай, алсын хараагүй, тухайн үед хэл ам дарсан, хүмүүст таалагдах гэсэн үүсэх эрсдэлийг тооцоогүйгээс ирээдүйд хүндрэл бэрхшээлийг үүсгээд байна. Энэ хүндрэл бэрхшээл нь Монголчууд бидэнд агаар, хөрс, ус, үзэгдэх орчны бохирдлоор тод илэрч байна. Мөн цөлжилт, бэлчээрийн доройтол, халдварт өвчний тархалт, зуд, оюуны хоосрол, ядуурал, ажилгүйдэл, хуулийн хийдэгдэл гээд маш их сөрөг үзэгдэлээр илэрч байна.

УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ НЭГДСЭН ТОМ БОДЛОГОГҮЙ ӨНӨӨДРИЙГ ХҮРЛЭЭ.

Төрийн алдаатай бодлогоос Монголчуудын амьдрал маш бага хурдаар урагшилж байна. Хүн амын маш цөөхөн хэсэг нь хэтэрхий баяжиж, олонхи нь ядуурсаар байна. Энэ бол баялаг, орлогын тэгш бус хувиарлалтаас үүдэлтэй. Гэмт хэргийн өсөлт, ард иргэдийн төрдөө итгэх итгэлийн уналт, цахим ертөнцийн хэт их эрх чөлөө, амар хялбар амьдрах хүсэл, үүргээ умартсан хүний эрх, хэт улс төржилт нь Монгол улсын хөгжлийн эрсдэл дээр нэмүү эрсдэлийг үүсгээд байна. Эдгээрийг засах шаардлагатай.

Улс орнуудын хоцрогдлын гол шалтгаан нь төрийн тогтолцооны гажиг, түүнийг дагасан муу засаглал, мөнхийн тогтворгүй улс төр, баялагийг эзэмшихийн төлөө өрнөдөг тэмцэл, түүнийг дагасан авлига, хээл хахууль, далайд гарцгүй геополитиктэй холбоотой хязгаарлагдмал орон зай гэх мэт нь нөлөөлдөг болохыг тогтоосон. Энэ дүгнэлт манайд хамаарахаас гадна хууль эрх зүйн сул хэрэгжилт, хуурамч дүр эсгэсэн ардчилал, эрх мэдлийн буруу хувиарлалт, хамгийн хүйтэн цэгийн нөлөөлөл байгааг хүлээн зөвшөөрч байна. Энэ бүгдийг тооцсон төрийн маш тодорхой бодлогууд гаргаж, мөрдөж, засаж сайжруулж ажиллах шаардлагатай.

vip76: Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хэрхэн бий болгох вэ? 

Сүүлийн үед ДНБ-ий өсөлт нь улс орондоо, иргэддээ хэр хүртээмжтэй байгаагаар нь хөгжлийг хэмждэг боллоо. Иргэдийн бодит орлогын өсөлт хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг мөн. Иргэдийн орлого өсөх тусам улсын нуруун дээрх ачаалал буурч, улсын сан хөмрөг арвижиж, оюун санаа, ахуй амьдрал, ёс зүй, ирээдүйд итгэх итгэлд нь өөрчлөлт гарна. Монголын хөгжлийн олон гарцуудын нэг бол яах аргагүй иргэд, өрхийн орлогыг нэмэгдүүлэх асуудал мөн. 

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ГАРЦУУДЫН НЭГ НЬ ИРГЭДИЙН БОЛОН ӨРХИЙН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ. 

vip76: Орлого нэмэгдүүлнэ. Ядуурлаас гаргана. Ажлын байр бий болгоно гэж олон жил ярилаа. Үр дүн гардаггүйн шалтгаан юу вэ?

Аливаа ажлын үр дүн олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Ажилтай, орлоготой болоход нэг талаас төр, засгийн оновчтой бодлого, шийдвэр, нөгөө талаас хувь хүний хүчин чармайлт их чухал. Энэ хоёр хосолж байж амжилтад хүрнэ. Хувь хүн хичээхгүй, сэтгэхгүй бол ямарч төр, засаг хоолыг бэлдэж гэрт нь хүргэж өгч чадахгүй шүү дээ. "Ус уухыг хүсвэл, худаг малт" гэж үг байдаг. Хүн бүр амьдралаа авч явах, асуудлаа шийдэхийн тулд хөдөлмөр хийх хэрэгтэй. Хичнээн хуучирсан ч  "Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг" гэдэг нь үнэн үг. Улсад ч, хувийн хэвшилд ч хөдөлмөр хийж амьдарна.

"УС УУХЫГ ХҮСВЭЛ, ХУДАГАА МАЛТ"

vip76: Америк долларын ханш чангарсаар байна. Бид ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Ханш бол манай эдийн засгийн “Халууны шил”. Одоо бол эдийн засаг халуунтай байна. Монгол улсаас 2018 оны эхний 10 сарын байдлаар 5,1 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортод гарч, 3,7 тэрбум нь Монголд орж ирэн, 1,4 тэрбум ам.доллар нь орж ирсэнгүй. Америк долларын нийлүүлэлт нь эрэлтээсээ бага байна. Гадаад валютын урсгал тооцоог хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл” -д тусгаж, Монгол банкинд даалгасан. Ханш тогтвортой байх гол шалгууруудын нэг нь гадаад валютын албан нөөц. Манай нөөц 3,5 тэрбум ам.доллар байгаа нь байх ёстой доод хэмжээнээс бага байгаа боловч Монголбанк 2018 онд сайн ажиллаж нилээд хэмжээгээр нэмэгдүүлж чадлаа. 

ХАНШ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН “ХАЛУУНЫ ШИЛ”

Монголбанк 2018 онд 1,3 тэрбум ам.долларын интервенцийг арилжааны банкуудаар дамжуулж хийсэн боловч үр дүн муу байна. Интервенц нь эрэлт их үүсгэдэг гол гол импортын бүтээгдэхүүний төлбөрт тэр бүр зориулагдахгүй байна.

Банкууд том хадгаламж эзэмшигчдийнхээ төгрөгийн хадгаламжийг долларын хадгаламж болгон хөрвүүлж байгаа нь үнэн. Арилжааны банкууд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглахгүй хадгалах, үнэ нэмж худалдах гэх мэт зохисгүй үзэгдлүүд их байна. Иймээс Монголбанк өгсөн ам.долларын зарцуулалтын болон худалдсан үнийн тайланг авч, аудит хийж алдааг засах шаардлагатай. Ханш тогтворжуулах ажил Засгийн газрын хийх үндсэн ажлуудын нэг мөн. Иймээс шинэ хуульд энэ үүргийг нь тод оруулж өгнө. 

vip76: ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байна. Зээлжих зэрэглэл ч нэмэгдсэн. Ард иргэдийн амьдралд эдгээрийн үр дүн хэзээ мэдрэгдэх вэ?

Улс орноо авч явж чадаагүй, өр зээлэнд баригдсан, ирээдүй нь тодорхой бус орнуудад Олон Улсын Валютын Сан /ОУВС/ тухайн улсын хүсэлтээр хөтөлбөр хэрэгжүүлж тусалдаг. Бид өнгөрсөн 20 жилд ОУВС-ийн хөтөлбөрт 6 дахь удаагаа орж байна. Шинжээчид 2021 оноос дахиж орж болзошгүй эрсдэл байгааг хэлсэн. Монголчууд хөлд орж байгаа хүүхдээ уядаг.Монгол улс ОУВС-ийн уяанд байгаа. Бид дунд болон урт хугацаанд улс орноо хөгжүүлж, ард иргэдээ сайн авч явья гэж байгаа бол тэдний уясан уяаг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ уяа хатуу. Манайхан тохирсон тохиролцооноос буцаж болохгүй. 

ХӨЛД ОРЖ БУЙ ХҮҮХДЭЭ УЯДАГ ШИГ МОНГОЛ УЛС ОУВС-ИЙН УЯАНД БАЙНА.

Манай зээлжих зэрэглэл өнгөрсөн 2 жилд 5 удаа сайжирч байгаа нь хамтарсан хөтөлбөрийн үр дүн. Энэ хэмжээгээр гаднаас авах зээл, бондын хүү, төлбөр багасна. Манай улс авсан зээлээ төлж барагдуулах чадварыг зээл олгогчдод баталж өгч байгаа гэдгээр зээлжих зэрэглэл бол эдийн засгийн маш чухал үзүүлэлт юм. Одоо гарч байгаа бага сага өөрчлөлт ард иргэдийн гар дээр очтолоо чамгүй хугацаа орно. Ямар хугацаанд очих нь удирдагч нарын мэдлэг, ухаан, ур чадвар, зохион байгуулалт, эв нэгдэл, эх орон, иргэдээ гэсэн сэтгэлээс хамаарна. Монголын нийгэм удирдагч нараа сорьж, шалгалт авч байна. Хэн нэгэн эсвэл нэг хэсэг хүмүүс улс орноо түүчээлж авч явна гэдэгт итгэлтэй байна.

vip76: Дэлхий нийтэд санхүү, эдийн засгийн хямрал болох магадлал бий гэж мэргэжлийнхэн хэлэх болсон. Монгол Улсын хөгжилд богино, дунд хугацаанд ямар эрсдлүүд байна вэ? 

Хямрал үүсэх гол шалтгааныг муу менежмент /mismagement/ гэж үздэг. Хямралыг үүсгэж байгаа шалтгаанаар нь дотоод, гадаад гэж ангилдаг. Уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд экспортод гарч буй бүтээгдэхүүний үнэ унахад дагаад хямардаг бол дотооддоо удирдлагын муу менежментээс хямрал үүсдэг. Бид ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 20 гаруй жилд өдөр тутам хямрал дунд амьдарч ирлээ. Үүсэж буй хямралын үр хөврөл урьдах хямрал дотор бүрэлдэж байдаг гэж үздэг судлаачид байдаг. Энэ үнэн бол 2009 онд үүссэн дэлхийн хямралын үед одоо болох хямралын үр хөврөл үүссэн гэж үзэж болох юм. 2009 оны хямрал ипотекийн чанаргүй зээлээс үүдэлтэй хөгжингүй орнуудыг хамарсан өрийн хямрал байсан. Одоо үүсэж болох хямрал нь хөгжиж буй орнуудын гадаад, дотоод өрөөс үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж байна. 

2020 ОНООС ТӨЛӨГДӨХ ТОМООХОН ӨР ТӨЛБӨРИЙН АСУУДАЛ ХӨГЖЛИЙН ЭРСДЭЛ, СОРИЛТ БОЛНО. 

Манай улсын гадаад өр 27,9 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 225 хувьтай тэнцэж байна. Үүнээс Засгийн газрын өр 7,0 тэрбум, Монголбанкны өр 2,0 тэрбум, үлдсэн нь 18,9 тэрбум нь хувийн хэвшилд оногдож байгаа нь цаашдын хөгжилд бодит том эрсдэлийг үүсгэж байна. Хямралын эрсдэлээс сэргийлэх тодорхой төлөвлөгөөг богино, дунд хугацаанд боловсруулж ажиллах шаардлага тулгарч байна.

Хөгжлийн эрсдэл, сорилтын хувьд 2020 оноос төлөгдөх томоохон өр төлбөрийн асуудал орно. 2024 он хүртэл төлөгдөх синдикат зээл, 2021 онд “Мазаалай” бонд, 2022 онд төлөгдөх “Чингис” бонд зэрэг 5,4 тэрбум ам.долларын төлөгдөх хуваартай зээлүүд байна. Энэ өр, зээл нь Монгол Улсын хөгжлийн потенциал боломжтой харьцуулбал санаа зовох асуудал биш боловч муу менежментээр ажиллавал том эрсдэл болно гэж харж байна.

Сүүлийн үед валютын ханш, хүүгийн түвшний зөрүүгээр тухайн улсын эрсдэлийг тооцдог болж байна. Энэ үзүүлэлтээр тооцвол манай эрсдэл өндөр түвшинд гарна.

vip76:  Сүүлийн үед “тодорхойгүй байдал” гэж их ярих боллоо. Монгол Улсад ямар тодорхойгүй байдал байна вэ?

Аливаа улс ирээдүйгээ богино, дунд, урт хугацаанд төлөвлөж удирддаг. Энэ төлөвлөлтийн хүрээнд олон асуудал тодорхойгүй, бүрхэг болж хөгжилд эрсдэл үүсдэг. Үүнийг тодорхойгүй байдал үүслээ гэж ярьж байгаа юм. Монгол улсын эдийн засагт уул уурхайн цөөхөн нэрийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ чухал ач холбогдолтой. Манай экспортын бүтээгдэхүүний 93 хувь нь БНХАУ-аас хамааралтай. Хятадын хөгжлийн өсөлт, хурд саарч түүнээс үүдэлтэй дэлхийн санхүүгийн хямрал үүсэж болзошгүй гэсэн дүгнэлтийг судлаачид хийж байна. Хэрвээ Хятадын өсөлт саарвал хөрш орнууд, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг улсын хувьд хүнд тусаж болзошгүйг анхааруулаад байгааг бид тооцох ёстой. Тодорхойгүй байдлаас хямрал үүсдэг. 

ТОДОРХОЙГҮЙ БАЙДЛААС ХЯМРАЛ ҮҮСДЭГ.

vip76: Ойрын үед нэн түрүүнд Монголд хийх ажлыг та юу гэж харж байна?

Монгол Улс төрийн тогтолцоогоо шинэчлэн, хөгжлийн загвараа тодорхой болгох шаардлага тулгарч байна. Энэ асуудлыг яаж шийдэхээс Монгол Улсын хөгжил, монголчуудын ажил, амьдрал хамаарна. Бидэнд ойрын үед шийдэх маш олон асуудал хуримтлагдсан байна. 

Үүнийг товч дурьдвал;

  • Инфляцийг өдөөхгүй, Монгол төгрөгийн ханшийг унагахгүйгээр эдийн засгаа тэлж өсөлтийг 6,0 хувиас доошгүй байлгаж, хүртээмжтэй өсөлтийг дэмжих замаар иргэдийн бодит орлогыг жил бүр нэмэгдүүлэх шаардлага байна.
  • Дэлхий нийтээр ядууралтай тэмцэж амжилт олж байна. Монголчууд ядуу амьдрах ёсгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан хөдөлмөрийн хөлс, урамшууллын оновчтой тогтолцоонд шилжиж, баялгийн менежмент, баялгийн хувиарлалтыг боловсронгуй болгох замаар ядуурлын бүх төрлийг эцэс болгох бодлогыг хэрэгжүүлэх шаардлага үүслээ.
  • Орлогын тэгш бус байдлыг багасгаж, дундаж давхарга үүсэх, хөгжих хөрс суурийг бий болгох нь чухал болж байна.
  • Монгол хүний эрүүл, урт наслах нөхцөлийг бүрдүүлж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх замаар хүний хөгжлийн үзүүлэлтийг дээшлүүлэх асуудлыг бодлоготой авч үзэн, амжилт олох.
  • Эрүүл хүнс, амьдралын эрүүл орчинг бий болгох, экологийн тэнцвэрт байдлыг хангаж, ногоон эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэмэгдүүлэх нь дэлхийн бодлоготой нийцнэ.
  • Нийгмийн хамгааллын үйлчилгээ нь баталгаатай, хүртээмжтэй, зорилтот бүлэгт чиглэсэн байх гэх мэт олон асуудлыг анхаарал хандуулж  ажиллах нь чухал болж байна.

vip76: Ярилцсанд баярлалаа.