Ж.Бат-Эрдэнэ 2017.08.28 | Сонин: Монголын үнэн

“ШИНЭ ХӨДӨӨ” бий болбол төр хүчирхэгжинэ

“ШИНЭ ХӨДӨӨ” бий болбол төр хүчирхэгжинэ
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

 УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад ХАА-н үйлдвэрлэлийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, хүчирхэг дундаж давхаргыг бий болгох “Шинэ хөдөө” төслийг Засгийн газрын “21-100” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхээр санал өргөн барьсан билээ.

Тэрбээр Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн 10 гаруй сумаар явж, төр засгийн дэмжлэг авахгүйгээр өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, өөрсдийн амьжиргаагаа боломжийн хэрээр авч явдаг үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзсан юм.

Тухайлбал, Төв аймгийн хувьд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний зургаан томоохон үйлдвэр гэхэд өглөө бүр өрхүүдээс нэг литр сүүг 750-900 төгрөгөөр худалдан авдаг бөгөөд хуучин нийгмийн үеийн сүүний ферм яг хэвээрээ хадгалан үлджээ. Тиймээс айл бүр сүүний чиглэлийн 2-30 хүртэл үнээтэй, түүнийхээ үр ашгаар өдөр тутам орлоготой байдаг ажээ.

Мөн үржил шим сайтай хөрстэй, нийслэлтэй ойрхон учраас төрөл бүрийн хүнсний ногоо тариалж Улаанбаатарт борлуулдаг байна. Сэлэнгэ аймгийнхны хувьд мөн л газар тариалан жимс жимсгэнийн өлгий нутаг. Сүүлийн үед зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж айл өрхүүд нийлж, нэг баг болж зөгийгөө ээлжлэн үржүүлж жилдээ 5-30 сая хүртэл төгрөгийн орлоготой байдаг байна.

Тус аймгийн Дулаан хан тосгонд үйлдвэрлэлийн ослын улмаас группт орсон ч гэр бүлийнхээ хамт хашаандаа жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мот бут тарьж үрсэлгээгээ борлуулж сайхан амьдарч байгаа Б.Наранцогтынх. Тэднийх жимснээс жилд 20 сая төгрөгийн ашиг олж, мод бутныхаа үрсэлгээг худалдаад, хотод хоёр өрөө байр авсан, улсаас зээл авч үзээгүй гэж байв.

Мөн Булган аймгийн хувьд социализмын үед л үхрийн үүлдэр чанарыг сайжруулахаар махны чиглэлийн Сэлэнгэ үхрийг нутагшуулсан нь Сэлэнгэ сумын малчдад үр өгөөжөө өгсөөр байгаа бол айргаа хөлдөөж өвөлдөө хотод борлуулж буй “Булган Анар” компани, айлуудаас үхэр авч гурван сарын турш бордон нэг үхрээ 1.5 сая төгрөгөөр борлуулдаг ажээ.

Ханаду үхрийн ферм брэнд бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн амжилттай борлуулж чадаж байгаагийн олон сайхан жишээ байна. Монголын хоймор нутаг Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1000 орчим өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй. Угийн хөдөлмөрч тэдний хувьд аялал жуулчлалаас орлого олохоос гадна тэдэнд зориулсан үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлдэг. Энэ дундаас загас, жимсийг төрөл бүрээр боловсруулж зах зээлд нийлүүлэхээс гадна тус аймгийнхны нэг брэнд нь цайны үйлдвэрлэл болжээ.

Хөвсгөлийн Их тайга цай, чацарганатай цай, Баавар цай, Хөвсгөл цайнууд гэхэд нийслэлийнхний гол хэрэглээ болсон байна. Үүнийг дагаад олон цайны үйлдвэрлэл эрхлэгчид бий болжээ. Харин Хэнтий аймгийнхны хувьд үржлийн цөм сүргийг бий болгох нутагшуулах тал дээр бусдад үлгэр дууриалал болно. Тус аймгийн аварга малчин н.Оюунцэцэг үхрийн мах, малын дайвар мах бүтээгдэхүүнээ амталж утсан мах хийсэн нь ихээхэн үр дүнтэй байгаа аж. Ийнхүү аймаг бүрт өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрийн хэмжээнд аймаг орон нутагтаа брэнд болсон бүтээгдэхүүнийг гаргаж буй жишээ олон бий. Харин үүнийг төр засгаас дэмжиж зах зээлийн гарцыг нээж өгөх, үйлдвэрлэлийг өргөтгөж, ажлын байрыг нэмэгдүүлж “Өрх баян бол улс баян байх” боломжийг хангаж өгөх ёстой гэж УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үзэж байна.

Тэрбээр “Хөдөө орон нутагт хүчирхэг дундаж давхаргыг бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх малаа мах сүүний чиглэлээр эрчимжүүлэх, газар тариалан жимс жимсгэнээ тариалж дагалдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэх зэрэг зургаан чиглэлээр төрөөс дэмжээд өгвөл хүчирхэг дундаж давхарга бүхий “ШИНЭ ХӨДӨӨ”-г бий болгосноор төр, хүчирхэг болох боломж бий” гэсэн юм.

Сэтгүүлч В.ТУЯА