УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, СХД Засаг дарга Ж.Сандагсүрэн нар
2017.08.25

Сонгинохайрхан дүүрэгт 10000 мянга гаруй хүүхэд цэцэрлэггүй байна.

Хичээлийн шинэ жил эхлэхэд найм хоног үлдлээ. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн хувьд цэцэрлэггүй 10000 гаруй хүүхэд хоцрохоор тооцоолол гарсан байна. Мөн түүнчлэн зарим ЕБС өндөр ачаалалтай ажиллаж шөнө орой болтол хичээллэнэ гэнэ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр нар дүүрэгт баригдах сургууль болон сургуулийн өргөтгөлийн талаар Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид хэд хэдэн газар сургууль барина гээд шав тавьсан. Гэтэл тэр газруудад барилгын ажил битгий хэл шороо ч ухаагүй байна. Энэ ажлууд яагаад зогсчихов” гэдгийг тодруулсан юм.

Үүний хариуд Н.Отгонбаяр дарга “БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар улсын хэмжээнд нийт 22 сургууль баригдахаар болсон. Үүнээс 6 нь Сонгинохайрхан дүүрэгт баригдахаар төлөвлөгдсөн. Он гарахаас өмнө тендер зарлагдаж, зарим нь газар шорооны ажил хийгдээд явна” гэлээ.

Харин Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн зүгээс дүүрэг орон нутаг, яамтай хамтран эдгээр ажлуудыг яаравчлуулж ажиллах, мөн зарим нэг сургууль, цэцэрлэгийн дээврийн засварын асуудлыг харъяа яамтай зөвшилцөж, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм.