2025.04.15

Агаарын бохирдол, утааны асуудлаарх ЕХС-ын тайланд үндэслэн Засгийн газарт чиглэл өгнө

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооний /2025.04.15/-ны өдрийн хурлаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонссоны дараа “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. 

Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ,
Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар цахим системд байршуулсан нийтийн өргөдөл, холбогдох хуульд заасан тоонд хүрснийг Монгол Улсын Их Хурал авч үзэн 2024 оны 12-р сарын 19-ний өдрийн БОХХАА-н байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол (ЕХС) явуулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар ЕХС-ын Бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажлын хэсгийн ахлагч миний би ажилласан. БОХХАА-н байнгын хорооны 2024 оны 7-р тогтоолоор ЕХС-ыг 2025 оны 2-р сарын 3, 4-ний өдөр Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого шийдвэр хэрэгжилтийн үр дүн, шийдэл гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож тогтоолыг баталсан. ЕХС-ыг амжилттай зохион байгуулж уг сонсголын тайланг бид үүний өмнө хэлэлцсэн. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого шийдвэр хэрэгжилтийн үр дүн, шийдэл сэдэвт ЕХС-ыг зохион байгуулсантай холбогдуулан ЗГ тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй гэж ажлын хэсгээс үзсэн учраас УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэн та бүхэнд танилцуулж байна.
Төсөлд угаарын хий мэдрэгч гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах , уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, агаарын бохирдлын талаарх мэдээлэл иргэдэд өдөр бүр тогтмол мэдээлдэг тогтолцоог боловсронгуй болгох, зорилтот бүлэгт хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын эрсдэлт бүлгийн эмзэг хүн амын нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдлээс сэргийлэх ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөө боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг хангах, ажиллах, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зэрэг 13 заалтыг тусгалаа. Тогтоолын төслийг та бүхэнд хүргэсэн байгаа. Хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.