2017.09.07

Я.Содбаатар: Хүүхдийн мөнгө олгох нь зөв ч хуулийн дагуу л явагдах ёстой байсан

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд нийт 73 гишүүн буюу 96,1 хувийн ирцтэй байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар санал бодлоо илэрхийллээ.

Я.СОДБААТАР: МАН-Н БҮЛГИЙН 65 ГИШҮҮН ХАГАРААГҮЙ, БУТРААГҮЙ, ХУВААГДААГҮЙ

УИХ-ын гишүүний гарын үсэг бол хувь хүний гарын үсэг биш. Түүнийг сонгосон олон мянган иргэдийн итгэл тэр гарын үсэгтэй хамт явдаг. Энэ утгаараа олон түмний санал бодлыг бодолцож гарын үсэг зурсан байх гэж бодож байна.

Засгийн газар байгуулсан эрх баригч хүчин дотроосоо гарын үсэг зурж, хариуцлага ярих амаргүй хэрэг. Гэхдээ энэ асуудал яалт ч үгүй хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой.

Хэн ч байсан хууль зөрчиж болохгүй. МАН-аас сонгогдсон Засгийн газар ийм үйлдэл гаргаж болохгүй. Концессын асуудлыг бүлэг дээр 2 удаа ярьсан. Бүлэг энэ концессд зөвшөөрөл өгөөгүй. Концессын асуудал бол төсвийн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн.

Хүүхдийн бүлгийн асуудлаар МАН-ын бүлэг шийдвэр гаргаагүй. Чуулган дээр наадмын өмнө мэдээлэл л сонссон. УИХ-ын гаргадаг шийдвэр тусдаа. Хүүхэд бүрт эрх тэгш, тогтмол мөнгө олгох ёстой гэсэн байр суурин дээр байна. Гэхдээ хууль зөрчихгүй байх ёстой. Боломж нь байгаа бол хуулийн гаргалгааг нээгээд л олгох ёстой.

УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн хагараагүй, бутраагүй, хуваагдаагүй. Тодорхой гишүүд л өөрсдийн  үзэл бодлоо илэрхийлж байна. Өнөөдөр энэ асуудлаар бүлгээ хуралдуулъя гэдэг асуудал гарсан боловч Үндсэн хуулинд заасан цаг хугацааны хайчинд ороод бүлэг эцсийн шийд гаргаагүй.

Энд Ардчилсан намтай нийлсэн асуудал огт байхгүй.