Оюунчимэг.М 2017.10.18 | Сайт: Vip76.mn

М.Оюунчимэг: Шүүх эмнэлэг хүүхдээс 10,000 төгрөгний хураамж авдаг байдалд цэг тавихыг хүсье

М.Оюунчимэг: Шүүх эмнэлэг хүүхдээс 10,000 төгрөгний хураамж авдаг байдалд цэг тавихыг хүсье

Өнөөдөр УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асудлыг хэлэлцэж байна. Чуулганы ирц 63.5 хувьтай байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг сүүлийн үед нийгмийг цочирдуулаад байгаа хүчирхийлэлд өртсөн хүүхдээс Шүүх эмнэлэг 10,000 төгрөг нэхдэг байдлыг хөндөж, энэ асуудалд цэг тавьж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

М.ОЮУНЧИМЭГ: ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГ БОЛ БИД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН АГЕНТЛАГИЙГ АНХААРАЛДАА АВЧ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ИДЭВХЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭДГИЙГ ХАРУУЛЖ БАЙНА

Гэр бүл, хүүхэд залуучуудын агентлагийг уг нь бид эмэгтэйчүүд, хүүхдэд илүү их анхаарал хандуулъя гээд эмэгтэй гишүүд санаачлаад гаргасан. Гэхдээ хуулиараа томилгоо нь НХХЯ-Д харъяалагддаг боловч төсөв нь Нийслэлээс гардаг. Өнөөдрийн байдлаар гэхэд Баянзүрх дүүргийн гэр бүл хүүхэд хамгааллын нийгэмлэгийн дарга нь яамнаас цалингаа ав гээд цалингаа тавихгүй шүүхийн шатандаа явж байна.

Тэнд сая ямар хэрэг гарсныг бид бүхэн мэдэж байгаа. Таван настай хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэсэн хэрэг монголын нийгмийг цочроож байна.

Хуучин шиг хүүхэд хамгаалал, жендерийн хороог шадар сайдын харъяалалд оруулаад явахгүй бол үйл ажиллагаа нь бодитоор хэрэгждэггүй, өрөвдөлтэй газар бочихоод байна.

Тав зургаахан сарын дотор хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2055, түүний бараг 50 хувь нь 10-15 насны хүүхэд байна. Энэ үзүүлэлт бол хүүхэд, залуучуудын агентлагийг анхааралдаа авахгүй бол болохгүй гэдгийг харуулж байна. Тиймээс Нийслэл, НХХЯ-ны хооронд үүссэн байгаа энэ маргааныг цэгцлэх тал дээр ал аль нь дорвитой шийд гаргаад, чиглэлийн агентлагийг нь дэмжиж өгнө үү гэж хэлмээр байна.

Таван настай хүүхдийг хүчирхийлэлд өртөөд очиход 10,000 төгрөг тушаа, үгүй бол үзэх боломжгүй гээд байж байна. Энэ байдалд цэг тавьж өгнө үү гэж хүсье.

ОБЕГ, БОАЖЯ хоёрын хооронд бас нэг асуудал бий. ОБЕГ 2018 оны төсөвтэй холбоотойгоор техник, технологийн шинэчлэл оруулж ирнэ. Хуучин үүл буудах, урьдчилан сэргийлэх төсөв нь БОАЖЯ руу ордог. Харин хүндрэл үүссэн үед ОБЕГ-ын хариуцлагын асуудал болдог. ОБЕГ бол төсөв хөрөнгийн хувьд хамгийн хэцүү агентлаг. Энэ зун би үндэсний телевизийнхэнтэй хамтраад гал сөнөөгчдийн ажил, амьдралын орчинтой танилцсан. Тиймээс 2018 оны төсөв хэлэлцэх үед нь энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: 3 САЙДАН ХАМТАРСАН ТУШААЛЫГ ЦУЦАЛНА

Бүтэцтэй холбоотой асуудлыг судалж үзье.

ШШҮХ-гээс бид судалгаа авч үзсэн. 15 хүртэлх насны хүүхдийн гэмтлийн зэрэг тодорхойлоход төлбөр хураамж авдаг журам гаргасан юм билээ. Хуульзүйн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан тушаал юм билээ.

Энэ тушаалыг цуцална. Засгийн газар байгуулагдвал маргааш, өнөөдөр эрт байгуулагдвал өнөөдөр Засгийн газрын хуралдаан явуулна. Энэ үеэр хураамжийн асуудлыг шийднэ.

0-15 насны хүртэлх хүүхдүүд гэмтээд ирж байхад үнэ төлбөргүй үзээд, оношлох хэрэгтэй. Төлбөр хураамж авснаар жилдээ Улаанбаатар хотоос 5 сая төгрөг улсын төсөвт ордог юм билээ. Аймаг, орон нутгаас авбал жилдээ 8 сая төгрөгний орлого ордог.

Бид үр хүүхдүүдээсээ 8 сая төгрөг татаад яахав. Сэтгэл санаагаараа хохироод ирж байгаа нялх хүүхдүүдээс төр нь 10,000 төгрөг нэхээд зогсож байнаа гэдэг бол үнэхээр байж боломгүй зүйл.

Тийм учраас энэ 3 сайдын хамтарсан тушаалыг хүчингүй болгоно. Хохирогч болж ирж байгаа 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзүүлдэг зарчим руу шилжинэ гэдгээ албан ёсоор хэлье.

2017 оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 1188 хүүхэд асуудалд холбогдож Шүүх эмнэлэг дээр ирсэн байна. Тиймээс энэ асуудлыг цэгцэлнэ.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН: БҮТЭЦТЭЙ ХОЛБООТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГА БАЙГАА ЭСЭХИЙГ СУДАЛЖ ҮЗНЭ

Гэр бүл хүүхэд залуучуудын агентлагийн харъяаллын асуудал зэрэг бүтэцтэй холбоотой асуудлууд их яригдаж байна. Бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал бол Монгол Улсын Ерөнхий сайдын асуудал учраас би өмнүүр нь орж шийдвэр гаргах эрх байхгүй.

Харин үнэхээр тогтолцоотой холбоотой асуудал байгаа бол явц дундаа УИХ-даа оруулж, өөрчлөөд, боловсронгуй болгоод явж болно гэж үзэж байна. Эхлээд ажиллаад үзэх ёстой. Би сүүлийн 10-аад жил Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаагүй. Тиймээс яг Засгийн газрын гал тогоонд юу болж, ямар дутагдал гарч байсан талаар мэдээлэл байхгүй байна. Ажлаа аваад, ажиллаад үзье.