ҮХЦ-ийн дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв
2017.11.03

ҮХЦ-ийн дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулав.

Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлт, ирэх оны төсөв болон 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжийг хэлэлцэхээр товложээ.

Харин үдээс хойшхи хуралдаанаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсох юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж ямар нэг санал гишүүн байгаагүй тул чуулганы товын дагуу хуралдаж байна.

Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Сануулахад, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Тиймээс “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ" гэсэн заалтыг  10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуув.

Би Д.Лүндээжанцан гишүүнээс асуумаар байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэзээ хийх вэ? Ардын нам 32, 33 болж хуваагдаад, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт замхрах шинжтэй боллоо. Ирэх сонгуулиар бие даагч гишүүн олноор гараад ирвэл яах вэ? Тухайн үед Ерөнхий сайдыг томилох гэх мэт асуудал ойлгомжгүй болно. Энэ мэтийг цэгцлэх хэрэгтэй. Бид хууль баталж байна гэчихээд дандаа тогтолцоо баталдаг. 

Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

"Энэ жил Үндсэн хуулиар амьсгалж байна. Олон нийтийн хэлэлцүүлгийн явцад 320 мянган санал ирсэн. Тэр саналыг архив болгохын тулд манай ажилчид цаг наргүй ажиллаж байгаа" гэж хариуллаа.

Гишүүд асуулт асууж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн нэр дэвшүүлэх эрхийг санал оруулах болгож өөрчлөх ажлыг дааж авахаар боллоо.