Тэрбишдагва.Д 2017.11.07

Гэр хороололд “дархлагдсан” гишүүн Д.Тэрбишдагвын тойргоос...

Гэр хороололд “дархлагдсан” гишүүн Д.Тэрбишдагвын тойргоос...

“Амлалтын мөрөөр...” цуврал сурвалжлагаа бид энэ удаад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн 74-р тойргоос бэлтгэн хүргэж байна.

 

УИХ-ын гишүүнээр болон салбарын сайд, шадар сайдаар ажиллаж байхдаа түүний хийсэн ажлууд тоймгүй их, төсөвд суулгасан ажил гэхэд л хэдэн арваар яригдана. Ялангуяа ХХАА-н сайдаар ажиллаж байхдаа хөдөө аж ахуйн салбарын тулгамдсан хэд хэдэн томоохон асуудлыг шийдсэн хэмээн салбарынхан нь ихэд ам сайтай байдаг юм билээ. Харин тойрогтоо тэрбээр гурван том зам тавьсан, Монголдоо хамгийн том цэцэрлэгийг барьсан, мөн Монголд анх удаа дээвэр дээрээ спорт талбайтай сургууль барьсан, эрчим хүч, засвар үйлчилгээ, тог цахилгаан гээд олон үр дүнтэй бүтээн байгуулалтын ажлуудыг хийжээ. 2016 оноос хойш санаачилсан болон хамтран боловсруулж батлуулсан хуулиуд гэхэд 30 орчим аж. Д.Тэрбишдагва гишүүний тойрогтоо жил бүр зохион байгуулдаг тогтсон хоёр тогтмол ажил байдаг юм байна.

“УИХ-ын гишүүн бол ард түмний элч, зарц” хэмээн ярих дуртай гишүүн маань ард иргэдтэйгээ болон албан байгууллага, дүүргийнхээ удирдлагуудтай нягт хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд тэдний тавьсан олон асуудлуудыг дор бүр нь шийддэг хэмээн тойргынхон нь ихэд ам сайтай байдаг юм билээ. Жишээ баримт болгон сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны Засаг дарга болон тус тойргийн зарим иргэдийн яриаг хүргэе.

СХД-ийн 25-р хорооны Засаг дарга А.Батчулуун:

Манай тойргоос сонгогдсон гишүүний хувьд бидэнтэй болон иргэдтэй их ойр байдаг.  Ямар нэгэн тулгамдсан асуудал гараад шийдэж өгөх хүсэлт тавихад цаг алдалгүй шийдэж өгдөг. Тухайлбал Эрчим хүчний сайдыг газар дээр нь авчирч үзүүлээд цахилгаангүй хэд хэдэн гудамжны асуудлыг шийдэж өгсөн байгаа.
Мөн Төгөлийн 1.3 км зам, хорооны төв замаас 104 сургууль, 170-р цэцэрлэг хүртлэх засмал тавих зардалыг улсын төсөвд суулгаж өгсөн. Одоо манай хороонд тулгамдсан асуудал гэвэл зам, гудамжны гэрэлтүүлэг, цахилгаангүй айлууд, цахилгааны хүчдэл унадаг хэд хэдэн айлууд байна. Үүнийгээ гишүүнд уламжилсан байгаа удахгүй шийдэж өгөх байх. Хороонд төсөв гэж байдаггүй учраас зарим нэг зүйлд гишүүнээс санхүүжилт хүсэх асуудал бас гардаг. Тэр болгонд гишүүн бас л тусладаг.

СХД-ийн 170-р цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнан:

Д.Тэрбишдагва гишүүн эргэх холбоо маш сайтай ажилдагаас гадна бүтээн байгуулалт, оюуны хөрөнгө оруулалтыг маш их хийдэг. Сонгинохайрхан дүүрэгт гишүүний хөрөнгө оруулаагүй цэцэрлэг, сургууль гэж байхгүй гэдэгтэй олон иргэд санал нийлэх болов уу. 

СХД-ийн 104-р сургуулийн захирал Д.Энхжаргал:

Манай сургуулийг 2006 онд Д.Тэрбишдагва гишүүний санаачлагаар байгуулсан байдаг. Одоогоор 1743 сурагчтай, 63 багштай, захиргаа аж ахуйн 25 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Японы буцалтгүй тусламжаар баригдсан 18 ангитай бага сургуулийн өргөтгөлийн барилга энэ сарын дундуур ашиглалтанд орно. Өргөтгөлийн барилга маань дээвэр дээрээ спорт талбайтай монголын анхны сургууль болж байгаад их баяртай байна. Энд мэдээж Д.Тэрбишдагва гишүүний оролцоо, зүтгэл маш их бий.

СХД-ийн “Энхийн өргөө” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Цэвээндорж

Д.Тэрбишдагва гишүүн бидэнтэй олон жил хамтарч ажиллаж, хөрөнгө оруулалт хийж ирсэн. Тухайлбал 2012-2016 онд гэхэд л физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд, зүрхний эхо аппарат, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Бас нэг өрөөг бүхэлд нь тохижуулж өгсөн. Энэ жил вакцины өрөөг тохижуулж, нэг хөргөгч хандивласан. Сая гишүүн бас хөөцөлдөж байж НЭМГ-аас 4 ш компютер, өнгөт принтер, нөтбүүк, зургийн аппарат тавиулж өгч бидний ажлыг маш их хөнгөлж өгсөн.

СХД-ийн 7-р хорооны иргэн Б.Баярцэцэг:

Би нэг их улстөр энэ тэр сонирхдоггүй болохоор манай тойргоос ямар хүн гарсаныг нь ч мэддэггүй байсан. Саяханаас Д.Тэрбишдагва гишүүнийг гэж мэдсэн. Чухам ямар ажил хийдэг нь бидэнд лав хүрдэггүй ш дээ.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч Ж.Болормаа:

Эгч нь өрх толгойлсон ээж л дээ. Хувиараа жижиг оёдолын цех ажиллуулдаг. Гишүүн маань жижиг дунд үйлдвэрлэл эрхлэдэг биднийг дэмжиж Хархоринд байдаг өөрийнхөө зургаан давхар байранд хийсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгосон. Ер нь тойрогтоо ирэх болгондоо бид нартай уулзаж, “юу хиймээр байна, ямар зүйл хэрэгтэй байна, миний зүгээс ямар тусламж хэрэгтэй байна” гээд л байнга асууж, зөвлөдөг.

СХД-ийн 7-р хорооны иргэн Т.Лхамжав:

Зарим хүмүүс чинь тойргоосоо сонгогдсон гишүүнээ ч таньдаггүй юм билээ. Харин Д.Тэрбишдагва гишүүнийг бол манай тойргийн нохой ч андахгүй шүү. Олон жил гарсан бас байнга ирдэг болохоор хүмүүс танихаас яахвэ. Хөөрхий ирээд загнуулаад заримдаа магтуулаад л айлуудаар ороод л явж байдаг ш дээ.

Д.Тэрбишдагва: Сонгуулиар надаас 5000 төгрөг авсан хүн гарвал би шууд огцорно

- "Амлалтын мөрөөр..." цуврал сурвалжлагын баг танай тойрогт ажиллаад ирлээ. Тойргийнхон чинь танд их л ам сайтай байдаг юм байна. Нэг замын асуудлаас бусдаар өөлчихөөр зүйл олдсонгүй...

-Тийм үү. Мэдээж алдаа, оноотой л байгаа л даа. Миний сонгогдсон тойрог дийлэнхи нь гэр хороолол. Гэр хороололыг хөгжүүлэхийн тулд эхлээд сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой байдаг. Эрүүл боловсролтой хүн монголыг авч явах ёстой байдаг учраас би хамгийн түрүүнд энэ асуудалд анхаарал тавьсан. Дараа нь мэдээж дэд бүтцийн асуудлыг авч үзэх ёстой.

Намайг анх гарч байхад дан гэр хороололтой, халуун, хүйтэн усны асуудал хүнд байсан болохоор эхлээд цэвэр усны шугам тавьсан. Одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зам, цэвэр, бохир усны шугам гээд нэлээд ажил хийхээр төлөвлөгдөөд явж байна.

Замын асуудал маш хүнд байсан. Ялангуяа Толгойтын Баруун, Зүүн салааны зам гэж хүн явахад нэлээд хүндрэлтэй зам байсаныг шийдсэн. Гэхдээ дуусаагүй одоо энэ дөрвөн жилд цааш нь үргэлжлүүлээд нэлээд явуулах төлөвлөгөөтэй байгаа. Манай тойрогт бас нэгэн тулгамдсан асуудал бол эрчим хүч. Гэрэл цахилгаангүй айлууд маш их байсан.

Түүнийг системтэй, дэс дараалалтай шийдээд яваад байхад л айлууд нэмэж нүүж ирээд хүндрэл бэрхшээлүүд жилээс жилд гараад л байгаа. Одоо 24-р хороонд гэрэл, цахилгаангүй нэлээд хэдэн айл байгаа. Энэ асуудлыг хөөцөлдөж байгаа. Олон жил ажиллаад ирэхээр хорооны засаг дарга, хэсгийн ахлагчаас дутуугүй л тойргийнхоо асуудлыг мэддэг болчихдог юм байна. Мэдээж УИХ-ын гишүүн дангаараа бүхнийг хийчихэж чаддаггүй л дээ. Улсын төсөвт, намын мөрийн хөтөлбөрт тусгаж өгөх гээд нэлээд системтэй ажиллах шаардлагатай байдаг.

-УИХ-ын гишүүдийн тойрогт явж байхад тэдэн хүүхдэд, өндөр настануудад бэлэг тараасан гэх тайлангууд хөврөх...Харин таны хувьд бараг тийм зйүл басйангүй. Ер нь УИХ-ын гишүүн хүн хүмүүст бэлэг сэлт тараагаад, байшин барилга барьж өгөөд яваад байх нь зөв юм уу, эсвэл хууль сайн санаачилаж, батлуулдаг хүн байх ёстой юм уу?

-2008 оноос хойш УИХ-д гарч ирсэн гишүүд өөрсдийгөө нэг их эрх дархтай юм шиг загнаж, их эдвэрч эхэлсэн л дээ. Ялангуяа хөдөө орон нутгийн гишүүд сонгуулийн үеэр хүмүүст мөнгө төгрөг, эд зүйлс тараадаг, архидуулдаг гэх мэтийн замбараагүй үйлдэлүүд гаргасанаас бол ард түмэн УИХ-ын гишүүн бол өгөх л ёстой гэсэн буруу сэтгэлгээ суулгачихав уу, гэж боддог.

Миний хувьд мөнгө тараасанаараа сонгогддог гэдэгт итгэдэггүй. Хэрвээ манай тойрогт надаас 5000 төгрөг авсан хүн гарч ирвэл би шууд нэрээ татаж, огцорход бэлэн байна. Ард түмэнд бодлого ярьж, ард түмний амьдралаа ерөнхийд нь сайжруулах бол УИХ-ын гишүүний гол үүрэг. Түүнчлэн төрийн түшээ хүн хууль боловсруулж, батлуулах ёстой, УИХ-ын чуулганаа таслахгүй сууж, үзэл бодлоо илэрхийлж байх ёстой.

Дараа нь өөрсдийнхөө баталсан хуулийг хэр хэрэгжиж байна гэдэгт хяналт тавих үүрэгтэй.  Мэдээж цагаан сар, хүүхдийн баяр зэрэг тэмдэглэлт баяруудаар гар цайлгах зүйл байлгүй яахвэ. Миний хувьд улс орны томоохон бодлогууд дээр үгээ хэлж, иргэд сонгогчидтойгоо байнга уулзаж, бие төлөөлөгчөө тойрогтоо суурин ажиллуулж иргэдийнхээ санал, хүсэлтийг УИХ-д уламжилдаг.

-Таны сонгогдсон тойрогт “Хилчин”-гээс өөр хотхон байхгүй, дан гэр хороолол юм байна. Та энэ олон жил ажиллахдаа тойргийнхоо гэр хороололд дахин төлөвлөлт хийе гэж бодож байгаагүй юм уу?

-Яахвэ том хэмжээтэй газарт бол дахин төлөвлөлт хийж болох л доо. Гэхдээ бусад орнуудын жишгийг хараад байхад заавал өндөр байшинтай улс хөгждөггүй юм байна. Ялангуяа манайх шиг өргөн уудам газар нутагтай орон бол аль болох айлууд нь хашаатай, гудамж нь цэгцтэй байж л хөгждөг юм билээ.

Тэгэхээр

-Та тойрогтоо нэлээд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна лээ. Харин өдөрт гучин мянга орчим иргэн зорчдог 24-р хорооны намгатай, там болсон замыг яагаад засахгүй байгаа юм бэ?

-Тойрогтоо хийхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа дурьдвал...

-Хэд хэдэн томоохон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Тухайлбал Баруун, Зүүнсалааны замыг цааш нь үргэлжлүүлж тавих, мөн хэд хэдэн жижиг замууд тавина. Хоёр, гурван сургууль шинээр барих, мөн гурван цэцэрлэг барих, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөсөн. Манай тойрогт нэг ахмадын эмнэлэг байдаг боловч 30 хүрэхгүй ортой. Түүнийг завсарлаж, тохижуулаад орчин үеийн тав тухтай эмнэлэг болгохоор төсөвд оруулсан байгаа ч төсөвт суулгаж батлах эсэхийг мэдэхгүй байна. Бас эмнэлэгийн тоног төхөөрөмж, сургуулиудын сан техник, цэцэрлэгийн өргөтгөл, засварын ажлууд байгаа. Мэдээж эдгээр төлөвлөсөн ажлуудыг бүгдийг нь нэг дор хийчихнэ гэж байхгүй, үе шаттайгаар хэрэгжүүлнэ дээ.

С.Мөнхжаргал

ulsturch.mn