Б.Жавхлан 2017.12.22

Б.Жавхлан: Бодлогын хүүг бууруулснаар маш олон гацааг гаргаж байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан санал хэлсэн юм.

Б.Жавхлан: Өнөөдөр мөнгөний бодлого хуралдаад бодлогын хүүг 12-с 11 болгосоныг цаг хугацааны хувьд зөв алхам гэж харж байна. 12 дээр нилээн удсан. Эдийн засаг яг хаашаа хөдлөх вэ гэдэг нь олон нийтийн дунд маш том асуулт болоод, бизнесийн ирээдүй яг хаашаа хөдлөх нь мэдэгдэхгүй гацчихаад байсан. Нэг тод жишээ нь Засгийн газрын үнэт цаасны хүү 16 байсан бол сүүлийн хагас жилийн хугацаанд 11 болж бууж ирчихээд Төвбанкны хүүг хараад гацаад байсан бол энэ удаагийн бодлогын хүүгийн өөрчлөлт маш олон зүйлд хариулт өгч, олон гацааг гаргана гэж хүлээж байна. Ялангуяа банкны зах дээр гацсан байгаа 10 гаруй их наяд төгрөгийн бодит эдийн засаг руу хөшиж оруулахад хүчтэй нэмэр болох ёстой гэж хүлээж байна.

Сая зарим УИХ-ын гишүүд асууж байсан. Зээлийн хүүг шууд бус замаар нөлөө гарна.

Гэхдээ бид тайвширч болохгүй.

Он гараад валютын нөөц 500 сая доллараар огцом буурна. Мөн өвөлжилтийн байдал тодорхойгүй. Улирлын шинж чанартай эдийн засгийн “шок” болохыг үгүйсгэхгүй. Мөн татварын хуулинд орсон өөрчлөлтүүд он гараад хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр татварын нөлөө орж ирнэ. Эдгээр зүйлс инфляцид тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ. Инфляцаа эргээд харбал жилийн хугацаанд 7 функтээр нэмэгдсэн.

Миний хэлсэн эдгээр эрсдэл тодорхой байгаа учраас инфляци цаашдаа өсөх, эрчимжих үйл явц хадглагдах юм бол мөнгөний бодлогынхоо зөөлрүүлэх орон зайг цаашид үргэлжлүүлэх боломж хумигдмал болно.

Тиймээс маш болгоомжтой бөгөөд олон нийтийн эдийн засгийн аюулгүй байдлыг хадгалах бодлогынхоо цөмийг барьж явах сорилтын жил үргэлжилнэ.

Засгийн газарт хандаж хэлэхэд төлбөрийн тэнцлийн асуудал байна. Үе үеийн Засгийн газрууд төлбөрийн тэнцэл дээрээ ажиллаж өгөхгүй байна. Төлбөрийн тэнцэл гэдэг зүйлээ хаана гаргаж  байгаа нь ч тодорхойгүй байгаа.