А.Сүхбат 2018.01.12 | Сайт: Vip76.mn

Агаарын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа

Агаарын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа

Өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Суурин газруудад үүсээд байгаа агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн ойрын хугацаанд үр дүнгээ өгөх, бодитой үйл ажиллагааг тодорхойлсон бодлого боловсруулж, техник технологи, хөрөнгө санхүү, хүний нөөцийн бүхий л боломжийг ашиглах, салбар дундын нэгдсэн зохицуулалтыг ханган хэрэгжүүлэх шаардлага тулгарсан гэлээ. Иймд холбогдох хууль, эрх зүйн бусад актад нийцүүлэн Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Б.Чойжилсүрэн нар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн байна. Иймд уг хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувь нь дэмжжээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 69.0 хувь нь батлах нь зөв гэж үзсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.