Я.Содбаатар: Татвар, тэтгэврийн насыг нэмсэн асуудлаа Засгийн газар, ОУВС-тай ярилцах ёстой
2018.01.16

Я.Содбаатар: Татвар, тэтгэврийн насыг нэмсэн асуудлаа Засгийн газар, ОУВС-тай ярилцах ёстой

УИХ-ын гишүүн Я.Cодбаатартай ярилцлаа.

 -Монгол Улсын Засгийн газар УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаар мэдэгдсэн. Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг хувьцаа хэлбэрээр олгохоо мэдэгдлээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар УИХ-өнгөрөгч онд шийдвэрээ гаргасан. Тус үйлдвэрийн хувьцааг худалдан авах ажиллагаа хуулийн дагуу явсан гэж би хувьдаа бодож байгаа. Аль аль талынхаа эрх ашгийг хангасан гэж ойлгож байна. Хоёр тал харилцан суутгах замаар хөрөнгийн асуудлыг шидэхээр болсон.

Цаашид Эрдэнэт үйлдвэрийг хэрхэн авч явах вэ гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр ХХК биш ХК болж байж компанийн засаглал нь сайжирна. Эрдэнэтийг дагасан хардлага нийгэмд маш их байдаг. Засгийн газар тодорхой хувийг нь иргэддээ давуу эрхийн хувьцаа болгож олгох, Эрдэнэт үйлдвэрийг сайжруулах хүрээнд энэ шийдвэр гарч байгаа гэж ойлгож байна. Үүнийг бодитоор хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Мөн шүүх, хуулийн байгууллагынхан бага оролцоосой гэж хүсч байгаа

-Улсын дээд шүүх оны өмнө 49 хувийг эзэмшигч Монголын зэс корпорацын талд шийдвэр гаргачхаад байхад Засгийн газар дээрэм хийлээ. Шүүхийн шийдвэрээс давсан тогтоол гаргалаа гэсэн шүүмжлэл байна л даа. Энэ хүрээнд Лондонгийн арбитрт хандана гэсэн зүйл яригдаад эхэллээ…

-Миний хувьд Зангийн газар шүүхийн шийдвэрийг биелүүллээ гэж ойлгож байгаа. Учир нь шүүхийн шийдвэр бичгээр ирэхдээ тодорхой хуулийн заалт зааж, УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэхдээ ийм ийм хуулийн заалт зөрчсөн байна гэсэн хуулийн заалтыг нь засаад, хуулийн хэрэгжилтийг хангасан. Бүртгэл хийсэн, ТУЗ-ийг сонгосон, компанийн хэлбэрийг өөрчилсөн зүйлсийг хуульд нийцүүлсэн гэж ойлгож байна. Аливаа орны дээд шүүх УИХ-ын тогтоол, шийдвэр дээр шийдвэр гаргадаггүй. УИХ эцсийн шийдвэрээ гаргасан. УИХ-ын гаргасан шийдвэрийг шүүх авч хэлэлцдэггүй.

Тиймээс УИХ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахдаа тооцоо судалгаагаа тулгах, хөрөнгө оруулагчдын эрх ашиг, гарсан зардлыг нь бизнесийн зарчмаар шийд гэж явуулсан. Тухайн компани хохиролгүй, Монголын төр шийдвэрийн биелэлтээ хангаад явж байна. Хаа хаанаа хонь бүтэн гэгчээр асуудал шийдэгдсэн гэж харж байгаа.

-Засгийн газар, Монголын зэс хэлэлцээр дуусаагүй мэдээлэл солигдох шатанд шийдвэр гаргасан гээд байгаа. Та болохоор хоёр тал адилхан хохиролгүй үлдэж байна гэх утгатай зүйл ярих юм?

-Засгийн газар хуулийн дагуу гаргалгаараа гаргасан гэж ойлгож байгаа. Монгол Улсын нэр хүндээр бий болсон өмнөх нийгмийн үеийн томоохон баялгийг хувьчлахдаа бид алдсан. Өмнөх  нийгмийн үеийн  арьс ширний үйлдвэр, хөнгөн үйлдвэрүүд хаа байна. Хувьчлал нэрийн доор нэг нэг хүн аваад алга болсон.

Тэндээс хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг цөөн компани л бий. Тиймээс цаашид Эрдэнэт, Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой улс хоорондын хэлэлцээр, Монголын ард түмний нэр хүнд, эрх ашгаа баталгаажсан үйлдвэрүүдийг хувьчлаh асуудал дээр олон түмнийхээ санал бодлыг сонсож байж шийдэх ёстой.

-Ард түмнийхээ Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг ямар зарчмаар эзэмшүүлэх юм бол?

-10 хувь гэдгийг нь мэдэхгүй. Хэдэн хувийг нь эзэмшүүлж, хувьцаа нь ямар нэртэй байх вэ, хэрхэн албажуулах вэ гэдгийг нь шийдвэрлэхээр ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг удахгүй их хуралд асуудлаа оруулж ирнэ гэж ойлгож байгаа.

-Хувьцаа гаргаад ард түмний гарт очих боломжхэр байгаа бол. Өмнө нь манайхан Эрдэнэс Таван толгойн 1072 хувьцаа гээд баахан шуурсан ч өнөөдрийг хүртэл ямар ч  үр дүнд хүрээгүй байна.

-Эрдэсэн Таван толгойн 1072 хувьцааны асуудлыг С.Батболд ерөнхий сайдын үед батлаад, араас нь Хөрөнгийн бирж дээр  хувьцаа гаргаад явах байтал өнгөрсөн 4 жил зогссон. Үүнээс улбаалж хувьцааны ногдол ашиг, хувьцааг амилуулах ажиллагаа бүгд унтарсан. Эрдэнэс Таван толгой ашигтай ажиллаад эхэлбэл 1072 хувьцааны ногдол ашгийг өгч эхлэх байх. Тэгэх ч шаардлагатай.

Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч, Эрдэнэс Таван толгойн өр зээлийг барагдуулан дуусч байна. Тиймээс 1072 хувьцаагаа иргэдийнхээ нэр дээр албажуулаад, бүртгэл тооцооны газраар баталгаажуулна. Үүнийг дагаад ногдол ашиг хуваарилна шүү дээ. Нэг үгээр хэлбэл сонгодог утгаар нь хувьцаат компаний хэлбэр рүү явуулах ёстой.

Монгол улс цаашид нээлттэй хувьцаат компанийн хэлбэрийг яаж бий болгох юм, өмч хөрөнгөө хөрөнгийн биржээр  дамжуулан яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ өргөн хүрээнд ярих ёстой. Удахгүй засгийн газар төрийн өмчийг хувьчлах бодлого, жагсаалтаа их хуралд оруулж ирэх байх. Тэр үед бодлогын зүйлс яригдах болов уу.

-Нөгөө талдаа Эрдэнэтийн 51 хувь манайд байна уу. Хэрүүлтэй ч гэсэн 49 хувиа бид Монголын талдаа эргүүлж авлаа. Гэтэл 51 хувь нь Өмнөд Африкийн Стандарт банкны барьцаанд байгаа юм биш үү. Үүнд анхаарал хандуулах юм уу.

-Тийм зүйл байхгүй. Сүүлийн үед улс төрийн намууд, улстөрчид улс төр хийж байгаа нь энэ гээд буруу мэдээллийг их өгч байна. Мэдээллийн буруугаас болж нийгэмд буруу ташаа мэдээлэл түгэх болсон. Сүүлийн 5-6 жил Стандарт банкны холбоотой асуудал яригдаж байгаа. Арбитр байна уу хаагуур явдаг юм.

Тэр газраараа яваад буруутай этгээдүүд нь хариуцлагаа үүрээд явна. Эрдэнэтийн хувь, хувьцаа алга болж, гаднынхан орж ирэх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан дуулианаа дарахын тулд нөгөө талд нь ийм асуудал үүссэн мэтээр нийгмийн анхаарлыг хандуулах гэсэн оролдлого.

-Татварын нэмэгдлийн асуудал олны анхаарлын төвд байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 7 төрлийн татвар нэмэгдсэн. Он гараад мөн 2 төрлийн татвар нэмэгдлээ. Ялангуяа хувь хүний орлогийн албан татвар нэмэгдсэн нь маш их бухимдал дагуулж байна. Эргэж харах ёстой гэдэгтэй санал нэг байна уу?

Яагаад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон юм.

-Эдийн засгийн асуудлаас болоо биздээ?

Тэр үед нийгэм эдийн засгийн амьдралаа хэвийн аваад явах боломж байсан юм уу. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр бондын эргэн төлөлтүүд болох 3 их наяд орчим төгрөгийг дотоод нөөц боломжоороо төлж чадах байсан уу. Хэн тэр өр зээлийг тавьсан бэ. 2016 онд МАН 65 суудалтай болж парламентад орж ирэхэд эдийн засгийн ямар нөхцөл байдлыг хүлээлгэж өгсөн юм бэ. Үүнийг мэдэхгүй байгаа юм уу.

Тэр тухай нь бид бага ярьж байж гэж бодогдож байна. Гадаад талдаа холбоо харилцаа тогтооё гэхээр “Та нар 4 жил худлаа ярьсан. Танай эдийн засаг, санхүүгийн бодлогод итгэхгүй байна. Та нар бондын эргэн төлөлтүүдээ төлж чадахгүй гэж бодож байна. Тиймээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагд” гэж байсан. Ардын намынхан ОУВС-гийн хөтөлбөр авчих юм биш. Ардчилсан намын үед ажлын хэсэн нь ирээд ажиллаж байсан..

Хэрэв Ардчилсан нам ялсан бол ОУВС-гийн хөтөлбөрийг авах байсан юм. Тэд ямар ч гарц үлдээгээгүй. Сонголттой байсан бол өөр сонголт хийж болох байсан л даа. Даан ч сонголт байсангүй. ОУВС-гийнхан өөрсдөө ирээд “Татвар нэм, ингэ, тэг” гээд байгаа юм байхгүй. Бид гуйгаад хамтарсан шинжилгээ хийгээд нөхцөл байдлаа сайжруулах олон улсад Дефолт зарлачихгүйн тулд яах вэ гэдгийг ярилцсан. Зарчмын 2,3 зүйл хэлсэн.

Орлого илүү олж байгаа хэсгээсээ татвар ав, орлого багатай, эмзэг бүлэгтээ нийгмийн хамгааллын бодлого явуул, хүүхдийн мөнгийг хавтгайруулж олгохгүй, орлого олдог хэсгийнхээ хүүхдийн мөнгийг боль, тэндээс хэмнэгдсэн мөнгөөрөө орлого багатай хэсгийн хүүхдүүддээ хүнсний талон болгоод нэмээд өгчих. Төсвийн алдагдал 18 хувьтай өндөр байгаа үед шинэ орлогийн эх үүсвэртэй болох ёстой. Шинэ эх үүсвэртэй болохын тулд өндөр цалинтай хүмүүсийн даатгал, банкны хадгаламжийн хүүнээс татвар авч шинэ эх үүсвэр бий болно, санхүүгийн сахилга батыг сайжруул, банкны систем зөв явах ёстой гэсэн юм.

-ОУВС-тай дахин тохиролцох зүйлс бий гэж байгаа. Тухайлбал, татвар байна…

У.Хүрэлсүхийн засгийн газар байгуулагдаад ОУВС-тай хэд хэдэн зүйлүүдийг шинээр ярилцаж эхэлсэн. Тухайлбал, малчны тэтгэврийг наашлуулах хуулийг энэ сарын нэгнээс эхлэн мөрдөх, тэтгэврийг энэ оны эхнээс нэмэхээр болсон. Мөн татвар, тэтгэврийн нэмсэн асуудлаар Засгийн газар ОУВС-тай ярилцах ёстой.

ОУВС нэрийн дор байдаг дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн байгууллагуудад бид өөрсдийгөө зөвөөр ойлгуулах шаардлагатай. ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ирж дүн шинжилгээ хийж байсан үеэс манай эдийн засаг харьцангуй хурдан сэргэж байна. Хасах нэг хувьтай байсан эдийн засаг 5.8 хувийн өсөлттэй гарч, энэ ондоо 8 хувийн өсөлттэй гарахаар байгаа.

Эдийн засаг бодсоноос хурдан сайжирч байгаа болохоор зарим татварыг болиулах гэх мэтчилэн зарим бодлогын зүйлсээ ОУВС-д тавих ёстой. ОУВС-гийн нэрэн доор л байгаа болохоос тэтгэврийн нас нэмсэн, Хувь хүний орлогийн албан татварыг шатлалтай болгосон асуудал Ардчилсан намын дарга С.Эрдэнэ анх оруулж ирсэн. С.Эрдэнэ хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байхдаа “Тэтгэврийн насыг 65 болгохгүй бол болохгүй байна.

Хувь хүний орлогийн албан татварыг шатлалтай болгохгүй бол тэтгэврийн сан хоосорчихоод байна.” гэдэг байсан. Тиймээс С.Эрдэнийн бодлогоор л явж байгаа шүү дээ. Төрийн залгамж чанар гэж байдаг. Тэр хүрээнд Ардчилан намын дарга С.Эрдэнийн бодлого явж байгаа. Шийдвэр гаргах нь аль аль засгийн үед гараад явсан.  2020 оноос тэтгэврийн сан хоосрох тул хүссэн ч, эс хүссэн ч энэ замаар явна. Тэтгэврийн шинэчлэлийн 20 жилийн бодлогыг С.Эрдэнэ батлуулсан.

-Энэ бүхэндээ анхаарч цаг тавихгүй бол, Засгийн газрыг огцруулж, Их хурлыг тараана гээд байна л даа…

Засгийн газрыг огцруулна. Их хурлыг тараана гээд байгаа нь Ардчилсан намын дотроо хөлөө жийлцэж, нам доторхи уур амьсгалаа дарахын тулд ард иргэдийн амьдралаар бооцоо тавин тоглох гэж оролдож байна. Шонхор МоАХ-ынхон нь бусад фракцуудаас ирж буй дайралтуудыг давж гарахын тулд том улс төр хийж ард нь гарах гэж зүтгэж байгаа юм.

Ардчилсан нийгэмд ард түмний сонголтоор гарч ирсэн Парламент, тэр парламентын баталсан Засгийн газар  хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа үед Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах гэж оролдож байгаа нь хууль зөрчиж байна. Ард түмнийгээ уриалан дуудаж, үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч болсон Ерөнхийлөгч нь үүнийг дэвэргээд байж болохгүй. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэл байж болох ч хуулийн заалтуудыг давж гишгээд байвал Монголын төр хуультай гэдгээ мэдрүүлэх ёстой. Ард түмний энэ парламентад итгэл үзүүлэхгүй гэж байгаа бол өөр асуудал. Цөөн хүн улс төрийн эрх мэдлээ алдсандаа ард түмнийг хууль зөрчсөн турхирч, нийгмийн сэтгэлзүйг угаана гэж байгаа нь маш ноцтой асуудал.

Сэтгүүлч Э.Энхболд