Засгийн газар ард түмний эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргах ёстой
2018.01.16

Засгийн газар ард түмний эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргах ёстой

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цөөн хором ярилцлаа.

-Шатахууны үнэ нэмэгдэж байгаад олон нийт бухимдалтай хандаж байна. Энэ асуудалд Засгийн газраас шийдвэртэй алхам хийх ёстой гэж та бодож байна уу?

-Засгийн газар бензин шатахууны асуудлаар шийдвэртэй алхам хийх ёстой. Орлоготой болчихсон, алтны хэмжээ нэмэгдчихлээ, валютын нөөц өссөн гэж яриад байга мөртлөө ард түмний халаас руу гар дүрэх шаардлагагүй юм.

Нялх хүүхдээс эхлээд өндөр настан хүртэл бүгд автобус унаагаар явдаг, машин тээврээр зорчдог үед бензиний үнэ нэмэгдэнэ гэдэг ард иргэдэд бүгдэд мэдрэгдэнэ гэсэн үг.

Ард иргэдийн амьдрал сайнгүй үед дээрээс нь бензиний үнэ нэмэгдэнэ гэдэг яавч зөв шийдвэр биш шүү дээ. Шатахууны үнэ нэмэгдэхэд бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдлээ гэж үзэхэд бараа бүтээгдэхүүний үнэ 150 төгрөгөөр нэмэгддэг дүр зураг бий.

Тиймээс Засгийн газар энэ асуудлаар ойрын хугацаанд нэгдсэн шийдвэр гаргах ёстой. Шахаж шаардана гэж бодож байгаа. Бензин шатахууны хэлэлцээр хийж болно шүү дээ.

-Бензин, шатахуун бол стратегийн бүтээгдэхүүн. Ашигт нь хязгаар тавьж болдоггүй юм уу?

-Аж ахуйн нэгж бол ашгийн байгууллага. Стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа Монголын Засгийн газар өөрсдийн хэлэлцээрийг хийж болно шүү дээ. Тэр ч байтугай дотоодын хувийн компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний төрийн компаниуд байгуулж болно шүү дээ.

Өөрсдөө бензин шатахууны үнээ нэмж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа бол төр оролцож зохицуулах хэрэгтэй. Энэ асуудлаар бүлгийн хурал дээр хэлэлцсэн. Тодорхой саналууд гарч, ажил болгоод явна гэж бодож байна.

Би дахиад хэлье, ард түмний халаасанд өдөр тутам нөлөөлдөг нефтийн бүтээгдэхүүний үнийг хэдэн монополь компаниуд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэмж байгаа бол ард түмний эрх ашгийн төлөө Засгийн газар зоригтой шийдвэр гаргах ёстой.

-Энэтхэгээс ирэх тэрбум ам.доллараар нефть боловсруулах үйлдвэр барина гэж ярьж байсан. Харин МАН-ын бүлэг дээр энэ орж ирэх тэрбум ам.долларыг өөр зүйлд зарцуулъя гэдэг санал гарсан гэж байсан. МАН эрх барьж байгаа энэ үед нефть боловсруулах үйлдвэр барьж чадна гэж та харж байна уу?

-Нефть боловсруулах үйлдвэр Сайншанд, Дорнод, Дарханд байна уу, хамаагүй. Гол нь заавал бид нефть боловсруулах үйлдвэртэй болох ёстой гэж би боддог. Түүхий нефть оруулж ирээд ч гэсэн бензин шатахууны үнийг хэмнэх боломж бий.

Энэтхэгийн тэрбум ам.долларын асуудал яригдсан юм билээ. Гэхдээ нефть боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үзүүлэлт нь гарсан юм уу, нефтийн нөөцийн асуудал нь яригдсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Мэдээж үйлдвэр барих асуудлыг бүх талаар дэмжиж ажиллах нь зүйтэй.

Энэ асуудлаа ярихгүй наана нь том ярих шаардлагагүй шүү дээ. Эгийн голын усан цахилгаан станц яригдаад арван жил боллоо. Нефтийн үйлдвэртэй болно гэж бас л хориод жил ярилаа. Тиймээс зарим гишүүд энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй гэдэг санал гаргасан юм билээ. Түүнээс биш өөр зүйлд энэ тэрбум ам.долларыг зарцуулна гэж бол яриагүй.

-Өнгөрсөн долоо хоногт Нэмэгдлийн тухай хууль батлагдлаа. Уг хуулиар ахмад настай депутатуудад сар бүр 100-200 мянган төгрөг, ахмад цолтон гавьяатуудад сар бүр 200 мянган төгрөг, “Цалинтай ээж” хөтөлбөр зэргээр халамжийн бодлого хамрах хүрээгээ тэлсээр л байна. Нэг хэсэг халамжийн бодлого хавтгайрлаа гэж шүүмжлэл дагуулж байсан үе бий. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Халамжийн бодлогын тухайд би хатуу байр суурьтай байдаг. Халамжийг авах ёстой хүмүүс нь л авах ёстой. Түүнээс биш халамжийг хавтгайруулж болохгүй. Төр нийгэмдээ зүтгэж, Монголын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан хүмүүсийг дэмжиж, шагнах нь зүйтэй ч гэсэн хэнд, ямар халамж олгох вэ гэдгээ ялгаж салгах хэрэгтэй.

Нэр нь үл дурьдагдсан баатрууд гэдэг шиг нэр нь үл мэдэгдэх гавьяатнууд энэ нийгэмд зөндөө бий. Бидний өнөөгийн нийгэм дэх маш олон үйлдвэрийг барьж байгуулсан олон ахмад 400 мянган хүрэхгүй тэтгэвэр авч байгаа тохиолдол ч бий.

Зарим нь яах вэ, нэг сая төгрөгийн ч тэтгэвэр авч байгаа нь бий. Гэхдээ цөөхөн шүү дээ. Тэдний тэтгэврийг 20 хувиар нэмлээ гэхэд сая төгрөгийн тэтгэвэртэй нь 200 мянган төгрөг нэмүүлж байхад 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаад нь 60 мянган төгрөг нэмэгдэх жишээтэй. Энэ мэт зөрүүтэй бодлогоо төр эргэж харах ёстой юм.

-Татвар нэмсэн асуудалд та хэрхэн хандаж байгаа вэ?

-Далай ламыг нэг улсад айлчлах үеэр онгоцноос буучихаад явж байтал хэсэг хүмүүс тосоод зогсож байж. Яасан гэсэн бид их ядуу амьдарч байна. Тэгэхээр гайгүй амьдарч байгаа хүмүүсийг бидэн шиг болгоод өгөөч” гэсэн ёгт яриа байдаг шиг уул уурхай, эрчим хүч, барилгын компаниудад хүнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийнхээ цалингаас татвар авна гэдэг байж болохгүй ойлголт.

Капитализмын үед “Татвар төлөх нь үнэн, үхэх нь үнэн” гэж үг байсан. Гэхдээ татварын орчноо сайжруулах, татвар төлдөг хүмүүсээ нэмэгдүүлэх бодлогыг анхаардаг байсан. Нийт олон хүнээс бага татвар авах уу, цөөн хүнээс өндөр татвар аваад үлдсэнийг нь ажилгүй болгох уу гэдгийг бодох ёстой.

Эргээд түрүүний асуусан халамжийн бодлого руу орох уу гэдэг асуудал энд гарч ирж байгаа юм. Халамжаар амьдардаг улс болох биш бид ажилсаг монголчууд болмоор байгаа юм.

Ажлын байраа нэмэгдүүлвэл улсын орлого ч нэмэгдэнэ шүү дээ. Энэ мэт төрийн бодлого хоорондоо уялдаа холбоотой байх нь чухал.

-Татварын нэмэгдлүүд болон бензин шатахууны үнэ нэмэгдсэн зэргээс үүдээд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу гэдэг асуудал хүртэл яригдаад эхэллээ?

-Засгийн газрыг огцруулах, огцруулахгүй тухай асуудлыг ярихаас өмнө ард түмний халаасанд өдөр тутам нөлөөлж байгаа шатахууны үнийн асуудлаа эхэлж ярих хэрэгтэй. Засгийн газар огцорчихвол эзэнгүй болно.

Хариуцлага хүлээх, хариуцах эзэнгүй болчихно. Тэгэхээр заавал Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг энд ярихаас илүү асуудлуудаа шийдвэрлээд, ажлаа хийх ёстой гэдгийг сануулж, шахаж ажиллах нь зүйтэй. Засгийн газар огцорлоо гэхэд бүр л замбараагүй болно шүү дээ.                   

                                                             Ц.ТАМИР