Ж.Энхбаяр: Бид сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй гэж амласан
2018.01.09

Ж.Энхбаяр: Бид сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй гэж амласан

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа

-Хүн амын орлогын албан татварыг шатлалтай нэмснийг эсэргүүцэх хүмүүс олон байна. Та энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?

-2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо татвар нэмэхгүй. Аливаа шинэ төрлийн татварыг бий болгохгүй гэж амлалт өгсөн. Энэ амлалтыг сонссон ард түмэн биднийг сонгосон шүү дээ. Тэгэхээр ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандах ёстой. Тийм учраас татварын өөрчлөлтийг дэмжихгүй байгаа. Нийт 72 мянган иргэнээс татвар авч 50 орчим тэрбум төгрөгөөр татварын орлого өснө гэсэн тооцоо бий. Нийгмээ чирж яваа, хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж чадаж буй 72 мянган иргэний ард 3-5 хүний амьдрал ахуй холбоотой.Тэгэхээр энд 300-400 мянган хүний асуудал хөндөгдөж байгаа юм. 25 хувийн татвар бол хүмүүсийн амьдралд доргилт үүсгэнэ. Сонгогч ард түмний итгэлийг алдаж буй зүйл юм. Зөв зүйл биш. Эдийн засгийн бүхий л харилцаанд татвар нөлөөлнө.

-Өөрчлөх боломж байна уу. Цаашид яах вэ?

-Нэгэнт батлагдсан учир энэ хууль үйлчилнэ. Нэг жилийн хугацаанд зураг авалт хийгээд үзнэ дээ. Үнэхээр орлого нэмэгдэж үү. Нөгөө татварын бааз суурь сайжрах нь уу гэдгийг хянаад явна.

-ОУВС-тай хэлэлцээр хийж татварын асуудлыг эргэж харах боломж бий юу?

-Нийгэм юу хүсэж байна вэ гэхээр баялгийн шударга хуваарилалтыг хүсэж байна. Төрийн өмчийн олон аж  ахуйн нэгжүүдийг хувьчлах цаг болсон. Хөрөнгийн зах зээлээр дамжуулаад хоёр дахь зах зээлийг нээж өгөх хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит байснаас илүү Монгол Улсын гурван сая иргэнд хувьцаа хэлбэрээр очих нь үр дүнтэй. Эрдэнэс Тавантолгой бас байна. Төрийн өмчит компани байхаас илүү хувьцаа болгоод олон нийтэд баялаг болгож өгөх хэрэгтэй. Хүн амын маань 80 гаруй хувь нь 40-өөс доош насны залуучууд байна. Монголын ард түмэн бол залуу ард түмэн. Залуучууд маань 90-ээд оны үйл явц, эдийн засгийн хувьчлалаас хувь хүртэж чадаагүй. Эдгээр залууст газар байхгүй, лиценз байхгүй, үл хөдлөх хөрөнгө байхгүй. Тэд юу хүсэж байна вэ гэхээр баялгаас хүртэх эрхээ хүсэж байгаа юм. Тэгэхээр нийгмийн баялгийг хуваарилах шат болсон хувьчлалын асуудлыг нээж өгөөч ээ. Хүссэн хүн бүр Эрдэнэтийн хувьцааг авдаг болох хэрэгтэй. Нөгөө талдаа манай үндэсний хэмжээний томоохон компаниуд тодорхой хувиа нийгэмд хувьчлах цаг болсон. Бүхнийг хамах бусад бизнесийг өөртөө нэгтгэх нь зохистой зүйл биш. Монгол шиг жижиг зах зээлтэй. Цөөн хүн амтай газар бол нийгмийн баялгийг аль болох олон түмэнд хүртээмжтэй хүргэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Би тэгш хуваарилах асуудлыг яриагүй шүү. Баялаг хүртэх эрхийг нээж өгөх хэрэгтэй. Ингэхгүй бол нийгэм маань баян, ядуу гэсэн хоёр талд хуваагдаад дууслаа. Уул уурхайн орлого хэтэрхий цөөн хэсэгт хуваарилагдаад байна. Энэ нь сайн үр дагаварт хүргэхгүй гэдэг нь зөрчил, бухимдлаар ил болж байна. Тиймээс хөрөнгийн зах зээлээр дамжуулж улсын томоохон үйлдвэрийг хувьчлах хэрэгтэй. 

-Тэтгэвэрт гарах насыг нэмсэн шийдвэр бас л эсэргүүцэлтэй туллаа

-Эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирсантай холбоотойгоор Монгол хүний дундаж наслалт өсөж байгаа. Хүн хөдөлмөрлөх чадвараа өндөр насандаа хадгалж чадаж байгаа. Дотроо ажил мэргэжлийн өөр өөр зааг бол бий. Хүнд нөхцөлд, гадаа олон цагаар ажилладаг салбаруудыг үүнд нэрлэж болно. Жишээ нь Батлан хамгаалахын салбарт 60-65 настай хүн бол жагсаалын цэргийн алхааг гүйцэхгүй шүү дээ. Тийм болохоор цэргийн насны тэтгэвэр эрт тогтоогддог. Салбар салбар өөр. Цэргийн салбарт 65 настай хүн ахлагчийн үүрэг гүйцэтгэх боломж байхгүй. Бие нь тэр ачааллыг дийлдэггүй юм.

-Ард түмнээс авах татвараа нэмсэн хэрнээ УИХ-ын гишүүд утасны төлбөрөө, автомашины шатахууны мөнгөө улсаас даалгадаг гэсэн шүүмжлэл их гарч байна?

-УИХ-ын гишүүний сарын цалин сая гаруй төгрөг байдаг. Үүн дээр нэмэлтээр томилолт, шатахуун, гар утасны төлбөрийн мөнгийг өгдөг.

-Хэдий хэмжээний мөнгө өгдөг юм бэ?

-Цалинтай нийлээд 2 сая орчим төгрөг болдог.

-Татгалзах боломж бий юу?

-Би татгалзлаа гээд нэмэр байхгүй л дээ. Нэгэнтээ батлагдсан төсвийн дагуу дамжаад явж байгаа. Би татгалзлаа гээд надад өгөхгүй гэдэг зүйл биш юм.

-УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал сүүлийн үед яригдах боллоо?

-УИХ-ын ёс зүйн дэд хороог ахмад гишүүд хариуцдаг. Манай Д.Лүндээжанцан гишүүн хариуцаж байгаа. Энэ асуултыг тэндээс асуух ёстой. Миний хувьд бол УИХ-ын гишүүний насны асуудлыг харж байна. Болж өгвөл 40 хүрсэн хүн баймаар санагддаг. 40 нас хүрсэн гэдэг чинь амьдрал ахуй нь тогтсон, тодорхой салбарт ажлын туршлагатай болсон гэсэн үг. Хууль санаачлаад амьдралд нийцүүлээд аваад явах чадвар бүрдсэн хүн байх ёстой юм болов уу. 

Г.Дугар